Д.Тэрбишдагва: Хэлэлцэж, ярилцаад дэвшил гаргаад үзмээр байна
2009.07.22

Д.Тэрбишдагва: Хэлэлцэж, ярилцаад дэвшил гаргаад үзмээр байна

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-УИХ-аас Засгийн газарт Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолыг баталлаа. УИХ-ын чуулганы хуралдааны дараахан Д.Зоригт сайд, УИХ-аас шинээр өгсөн чиглэлийн яриа хэлэлцээ дахин эхлэхээр боллоо гэдгийг мэдэгдэж байсан. УИХ-аас баталж өгсөн тогтоолд дөрвөн асуудлыг тодорхой тусгаж өглөө. Та ямар байр суурьтай байна вэ?

-Гэрээ хэлэлцээг шинээр хийх болчихоод байна, эсвэл нөгөө тал хүлээн зөвшөөрөхгүй байна гэж яриад байгаа хүмүүсийг би ойлгохгүй байна. УИХ, Засгийн газар хоёр хамтран сайн ажиллах учиртай. УИХ нэлээд хэдэн жил ярилцаж байгаа асуудлыг хэлэлцээд, Засгийн газар та бүхэн гэрээ хэлэлцээг хий гэсэн тогтоол гаргаж өглөө. Үүнээс илүү шийдвэр гэж юу байх вэ дээ. Шийдвэрийг ингэж гаргаж өгөөд байхад Оюутолгойд хөрөнгө оруулагч талын төлөөлөгч шиг болохгүй нь гэж яриад байхыг юу гэж ойлгох вэ.

Өнөөдөр УИХ хууль тогтоомждоо нийцүүлэн төрийн эзэмших хувийг 34 хувь болгоод, өмнө гарсан тогтоол шийдвэрүүдээ тусгаж өгөөд гэрээ хийх эрхийг нь чинь өглөө гэж байхад хөрөнгө оруулагч зугтчих ч юм шиг хөрөнгө оруулагч шиг яриад байх юм. Зүй нь Монгол Улсыг төлөөлж байгаа УИХ, Засгийн газар учраас бид Монголынхоо талыг хамгаалж ярих учиртай юм. Гэтэл хөрөнгө оруулагч тал зугтаана гэж яаж урьдчилж хараад хэлээд байгаа УИХ, Засгийн газрын эрхэм гишүүд вэ гэдгийг би ойлгохгүй байна. Нөгөө талдаа бид бүрэн боломжийг өгч байна. Хэлэлцэж, ярилцаад дэвшил гаргаад үз л дээ.

-УИХ-аас баталж өгсөн тогтоолын төсөлд тусгасан дөрвөн асуудлыг та дэмжиж байна уу?

-Төрийн эзэмших хувь 34, эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувь хэмжээг 50 хувьд хүргэхийг хөрөнгө оруулагчидтай тохиролцон шийдвэрлэх, УИХ-ын 2008 оны 12 дугаар сарын 40 дүгээр тогтоол, 2009 оны тав дугаар сард гаргасан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг харгалзах, УИХ-ын эдийн засгийн байнгын хороо хяналт тавьж ажиллах гэсэн чиглэл гаргаж өгсөн. Юу юугүй л шийдвэр гармагц шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө биш болохгүй юм шиг зүйл яриад байгааг л би ойлгохгүй байна. УИХ-аас баталж өгсөн тогтоолын төсөлд тусгасан асуудлуудыг би дэмжиж, саналаа нэмэрлэсэн.

-Засгийн газарт эрх олгосон ч татварын ерөнхий хууль болон бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлаа буцаахаар болж, одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд гэрээ байгуулах чиглэл өгсөн гэж ойлгож байна. Энэ нь нэг талаас цаг хугацаа алдах, гацаа үүсгэх нөхцөл байдал бүрдэж байна гэж ойлгож болох уу?

-Одоогийн мөрдөж байгаа хуулийн дагуу гэрээ байгуулахыг хэлсэн. Нөгөө талаасаа хууль эрх зүйн орчныг өөрчилж болно. Тухайлбал, 68 хувийн татварыг хэлэлцээний явцын дунд тодорхой хэмжээгээр өөрчлөхийг үгүйсгэх аргагүй. Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой зүйл заалт тухайлбал 30 жилийг 15 жил болгох зэргээр өөрчлөлт оруулах нь болохгүй зүйл биш юм. Тиймээс хэлэлцээний ширээний ард суугаад харилцан яриа хийх үед өөрчлөлт орох асуудлууд бий гэж бодож байна. Гадныхны эрх ашгийг хэтэрхий хамгаалаад өмнөх гашуун туршлагаа бүү давтаасай. “Бороо гоулд”-ын гэрээнээс болж бид хэчнээн их зүйлээ улсдаа ашиггүйгээр алдав даа. Монгол Улсын язгуур эрх ашиг гэдэг нь хамгийн том язгуур эрх ашиг гэсэн алтан дүрмээ л баримтлах нь зүйтэй.

-Цаг хугацааны хувьд энэ асуудлыг хэзээ эцэслэн шийдвэрлэж дуусах бол?

-Нэгэнт шийдвэр гарсан болохоор цаг минут, өдөр, хоног алдахгүй ажиллах хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн хууль хэрэгжиж эхэллээ. Гэвч энэ хуулийг захиалгын хууль болсон гэж шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл, хуулийн цоорхой үүсч, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүс өршөөлд хамрагдаж, гэмээ үүрсэнгүй гэдгийг зарим хэвлэлээр бичиж байна. Таны байр суурийг сонсох гэсэн юм?

-Би Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлахад оролцоогүй. Яагаад гэвэл энэ хуулийн төслийг хэлэлцэж байх үед намынхаа бүлэг дээр санал бодлоо тодорхой хэлсэн. Өршөөх гэдэг нь нэг талаасаа төр иргэндээ энэрэнгүй хандаж байгаагийн илрэл. Гэтэл нөгөө талаасаа энэ хуулиас болж, ял завших, хохирогчдын эрх ашиг, улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой олон зүйлийг хөнддөг учир Өршөөл үзүүлэх тухай хуулийг гаргахдаа болгоомжтой хандах хэрэгтэй гэж үздэг. Энэ хуулийн төслийг санаачлахдаа нийтэд нь өршөөх агуулгаар боловсруулсан. Тэгэхээр нийтэд нь өршөөх гэсэн агуулгаар нь авч үзвэл ойр ойрхон өршөөл үзүүлэх нь шоронгүй орон ч болох гээд байгаа юм шиг ойлголт төрүүлэх юм. Заавал шорон байх учиртай гэсэн үг биш. Гэхдээ хэн нэгнийг хохироож, улс үндэстнийхээ эрх ашгийг хохироосон гэм үйлдсэн хүнийг хүмүүжүүлэх газар аль ч ардчилсан улс оронд байдаг. Тиймээс энэ асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй гэдгээ хэлж байсан.

-Энэ парламент хаврын чуулганаа өнөө маргаашгүй завсарлуулах талаар ярилцаж байна. Та “анги”-ийнхнаа энэ чуулганаар ямар ажилласан гэсэн үнэлэлттэй байна вэ?

-Ачаалал өндөртэй ажилласан. Гэхдээ шүүмжлэлтэй талаас хэлэх зүйл байна. Аль ч УИХ-ын үед аливаа нэг чуулган завсарлахаасаа өмнө, эсвэл сонгууль болохоос өмнө хуулийг бөөндөж батлах явдал бий. Хэрвээ асуудлыг хугацаандаа хэлэлцэж амжихгүй бол хугацааг сунгах зарчим баримтлах нь зүйтэй. Гэтэл чуулган эхлэнгүүт зарим асуудлыг цаг сунгаж хэлэлцсэн мөртлөө завсарлахын өмнө чухал чухал асуудлыг бөөнөөр нь батлаж байна.

-Наадмын өмнө 11 хууль яаран сандран баталж орхилоо. Таныхаар эдгээр хуулиас харзнаж, нухацтай хандах ямар хуулиуд байсан гэж бодож байна вэ?

-Ипотекийн хууль, цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого, Оюутолгойн гэрээтэй холбоотой тогтоолын төсөл зэргийг нэрлэж болно. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хаа байсан хоёр сараас ярьсан мөртлөө өнөөдөр иймэрхүү байдлаар шийдвэрлэсэн зэрэг чухал асуудлуудаа хэлэлцэхэд хугацаа алдлаа.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.