2009.08.03

Ж.Сүхбаатар: “Айвенхоу майнз”-аас та нэр хэн бэ, хэдэн он бэ гэж асуумаар байна

УИХ Оюутолгойн талаар шийдвэрээ гаргаж, гэрээ байгуулах эрхийг Засгийн газарт олгосон. Гэвч саяхан хөрөнгө оруулагч тал УИХ-ын гишүүдэд Оюутолгойн талаар өөрсдийн дүгнэлт хийсэн захидлыг илгээсэн билээ. Захидал хүлээн авсан УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхож, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай ярилцлаа.

-«Рио Тинто», «Айвенхоу Майнз»-аас захидал хүлээж авсан биз дээ. Монгол Улсын хууль тогтоох байгууллагын гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Хувийн гэх захидлыг «Рио Тинто»-гийн худалдаа эрхэлсэн захирал, «Айвенхоу Майнз»-ын хуулийн асуудал эрхэлсэн захирал нарын хувилмал гарын үсэгтэйгээр ирүүлсэн байна лээ. Захидалд байж болом-гүй нэг асуудал хөндсөн нь «Оюутолгой» төслийг хэрэгжүүлэх Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар санал бодлоо хуваалцах, хариулт өгөх зорилгоор албан ёсоор уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд зогсохгүй «Рио Тинто» манай орны улстөр, эдийн засгийн тусгаар тогтнолын талаар ямархуу бүүдгэр төсөөлөл, үнэлэлт дүгнэлттэй байгаагаа Монгол Улсын Их Хуралд дээрэнгүй аясаар шууд хэлсэн байна. Үгэнд өөнтөглөж байгаа юм биш. Тэнд дурдсанаар бидэнд ердөө хоёрхон сонголт үлдэж байгаа бололтой. Тодруулбал тэдний төслийг хүлээж авахгүй бол манай улсыг «Гадаадын хөрөнгө оруулагч, тусламж үзүүлэгч донорт итгэл алдсан, хөршөөсөө шууд хамаарсан, аж үйлдвэрийн хягаарлагдмал хүрээтэй, хаалттай эдийн засагтай болно» гэсэн байсан. Үүгээр зогсохгүй «Энэ бол өнөөдрийн талаарх шийдвэр биш юм. Энэ бол ард түмнээс өнөөдөр сонгогдсон төлөөлөл Монголын ирээдүй хойч үеийнхээ төлөө бий болгохыг хүсч буй тэрхүү ирээдүйг шийдэх шийдвэр юм» гэжээ. Иймээс монголчуудын өм-нөөс Монголын ард түмний төлөөлөгчдөд «лүндэн» буулгасан байгааг би хувьдаа зэвүүцэн хүлээж авч байна.

Бид өөрийн Үндсэн хуультай, төрийн байгуулалттай, хэнээс ч хамааралгүй асуудлаа шийддэг тусгаар тогтносон улс. Улс орныхоо эмзэг, сул талыг хэнээр ч хэлүүлэлтгүй өөрсдөө мэднэ, түүнийгээ ч бодолцоод шийдэл гаргах чадвар, чадавхитай ард түмэнтэй, төртэй улс. Бидний гаргасан шийдвэр ямар байсан ч энэ бол монголчуудын шийдвэр байх болно.Тэгэх тусмаа гадаадын нэгэн компанийн дэд захирал нөхөр Монголчуудын ирээдүйг төлөөлөгчлөөд түүгээрээ барин тавин баримт хийж, зөөлөн хэлэхэд «тулган шаардалт» бүхий албан мэдэгдлийг хувийн захидал нэрээр компаниа төлөөлөн хийж байгааг эрс эсэргүүцэхээс өөр арга алга даа.

Ийм л хандлагаар хэлэлцээний ширээнд сууж, Мон-голын талд ашигтай ямар ч буулт хийхгүй, тулгалтын байдалтай хэлэлцээ хийж байгаа юм байна гэдэг нь эндээс надад ойлгогдлоо. Төрт ёсны өнө удаан жилийн уламжлал, ёс заншилтай Монгол Улсад ингэж хандаж байгааг нь хараад үнэхээр хэн бэ, хэдэн он бэ гэж асуумаар санагдаж байна. Яах вэ, хаалттай эдийн засагтай болно гэхээр зарим хүмүүс «Гашуун ч гэсэн үнэнийг хэлж байна» гэж хэлэх байх. Гэхдээ ийм нөхцөлд яриа хэлэлцээ харилцан ашигтай байж чадахгүй шүү дээ.

-Та зарим иргэд, ТББ-аас иймэрхүү захидал хүлээж авч байсан байх. Энд зөвхөн гадны компани Монголын талаар дүгнэлт хийсэн нь эвгүй байна гэж үү?

-Тийм ээ. Иргэд, ТББ-аас тодорхой асуудлуудаар өөрийн байр суурь, санал бодлоо УИХ-ын гишүүдэд илэрхийлэх нь бий. Лобби, шахалт шаардлага бүхий нөлөөллийн арга хэмжээ ч гэж ярьдаг. Иймэрхүү маягаар шийдвэрт нөлөөлөх арга хэмжээг зохион байгуулж, захидал илгээх, хэвлэл мэдээллээр мэдээлэл олноор цацуулах зэрэг арга хэмжээ авдаг. Дэлхийн бусад орны парламентын орчин тойронд ч ийм зүйл бий.

Хөрөнгө оруулагчдын эрх ашиг олон улсын түвшинд ч, Монгол Улсын хуулийн хүрээнд ч хамгаалагдаж байх ёстой учраас эрх ашиг, сонирхолтой холбоотой асуудлаар ярилцах, санал бодлоо хуваалцах тухай дурдсан бол би хүлээж авахад бэлэн байсан. Гэтэл захидалд дурдсан асуудлаар нь Засгийн газар, түүний ажлын хэсэг, «Рио Тинто», «Айвенхоу Майнз»-тай албан ёсны яриа хэлэлцээ явагдаж байхад түүнийг давж УИХ-ын гишүүдтэй уулзаж, ярилцъя гэдэг нь хаанахын ёс вэ. Захидал гээчээр нь бол зөвхөн нээлттэй, хаалттай эдийн засагтай байх сонголтын аль нэгийг нь хүлээн зөвшөөрөх хүн л тэдэнтэй уулзах ёстой болж таарах нь л дээ. Уг нь Монгол Улс Оюутолгойн төслийг хэлэлцэхээс өмнө ч, дараа нь ч ардчилсан, нээлттэй нийг-мийг хөгжүүлж байгаа, цаашдаа ч нээлттэйгээр өөрийн ашиг сонирхлоо хамгаалан хөгжүүлж явна. Нэг гэрээнээс болоод ийм хатуу хайрцагласан асуудал тавьж болохгүй. Цаашид хөрөнгө оруулах тал энэ үзэл бодол, хандлагаа өөрчлөхгүй бол хэцүү шүү гэдгийг цаад «жинхэнэ босс»-ууд нь эртхэн ойлговол хэн хэндээ хэрэгтэй. Бид Монголын хөгжлийг тодорхойлно. Бид л энэ улсыг нээлттэй эдийн засагтай болгож чадна гэсэн өрөөсөн дугуй шиг ойлголтоор хөрөнгө оруулах тал ажлаа явуулбал саад тотгор, саар зүйлүүдийг өөрсдөө бий болгоод, гацаагаад эхэлнэ.

-Монголд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй гэж зарим гишүүд хэлж байсан. Таныг тэдэнтэй санал нэг гэж ойлгож болох уу?

-Тийм. Бид харилцан ашигтай байхыг л хүсч байгаа болохоос биш, «Рио Тинто»-г хөөж явуулж өөр нэгнийг оруулж ирэх гээд байгаа юм биш. Оюутолгой төслийг дан ганц геополитикийн үүднээс ч тэр, эдийн засгийн утгаар тэр онцгой ач холбогдолтой гэдгийг ухамсарлаж байгаа

-Гэрээ байгуулах хүндрэлтэй байгаа юм шиг байна лээ?

-Түүхэндээ монголчууд их олон удаа бусдын нөлөө, эрхшээл дор гэрээ, хэлэлцээрт орж байсан. Гэхдээ тэр бүхэнд Монгол Улсын байр суурь, ашиг сонирхлыг ямар ч байсан хамгаалж авч үлдэж байсан гэж боддог. Өнөө цагт бид гуравдагч этгээдээс хөрөнгө оруулах сонирхлыг хүндэтгэн үзэж, тууштай дэмжиж байгаа. Хамгийн гол нь хөрөнгө оруулах тал өнөөгийн манай улсын татварын орчин тийш буулт хийх ёстой гэсэн байр сууринаас би хандаж байна. Харин гэнэтийн ашгийн 68 хувийн татварын тухайд Засгийн га-зар асуудал оруулж ирвэл УИХ-ын гишүүд уян хатан авч үзэхэд бэлэн байгаа. Хөрөнгө оруулагчид үүний тулд монголчуудад харин ашигтай шийдэл гаргах ёстой шүү дээ. Манайхаас нэн тааламжтай нөхцөл авч байгаагийн хувьд эргүүлээд бидэнд оногдох зүйл дээр яагаад буулт хийж болдоггүй юм. Аливаа яриа хэлэлцээг нэг нь нөгөөгөөсөө айж биш, харилцан ашигтай байдлаар хийдэг шүү дээ. Өнөөдөр парламентын зарим гишүүд ч «Рио Тинто», «Айвенхоу Майнз»-ын талд орчихсон, нөгөө хэсэг нь хөршүүдийн эрхшээлд орж байгаа мэт ойлголтыг олон нийтэд өгөөд байна. Үүнийг зогсоохгүй бол үндэсний эв нэгдэл, төрийн нэгдмэл стратеги алдагдахад харин ч өгөөш болно биз дээ. Тийм учраас харилцан ашигтай шийдэлд хүрч, маш хурдан явуулах л хэрэгтэй. Төслийг хурдан эхлүүлэх, эсэх одоо айлын тал шийдэх болчихоод байна. Тэгэхгүйгээр тэд «Та нар салаа замын эхэнд байна. Алт эрдэнэсээ ломбардад тавьбал тавь, тавихгүй бол хохь нь» гээд байж болохгүй шүү дээ. Ломбардад ямар хүн юмаа тавьдгийг бид мэднэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.