Үнэнээр явбал үхэр тэргээр туулай, баабар болон бусад хурдан амьтдыг ч гүйцмой!
“Өдрийн сонин”-ы сүүлийн дугааруудад манай нэрт нийтлэлчдийн Оюутолгойн тухай гарч байгаа бичвэрүүдэд "эркэтчин иргэний хөдөлгөөнүүд гар хөл болсон” тухай нэг сонин марзан юм яваад байна. Болсон явдлыг үнэнээр нь товч өчсү.
2009 оны 7-р сарын 6-ны өдөр сүүлийн хэдэн жил иргэдийн тэмцэл хөдөлгөөнд мөр зэрэгцэн явсан хэдэн нөхдөө урин дуудаж, уулзалт зохион байгуулсан минь үнэн билээ. Тэрхүү уулзалтаар өлсгөлөн зарлаад байсан гол горхины гэх хүмүүстэй хамтрах тухай ярьсан боловч Онги голын Мөнхбаяр олз хайдаг, мөнгө авдаг гэх маргаан дэгдэж, нөгөө хэдтэй хэл амаа олоогүй. Харин Оюутолгойн сэдвээр нухацтай ярилцаж, хамтарсан мэдэгдэл гаргах, олон нийтэд хандах, чөлөөт индэр ажиллуулах шийдэлд хүрсэн бөгөөд иргэн миний бие нөхдийн өгсөн саналуудыг нэгтгэн, тэрхүү мэдэгдлийн эхийг гаргах, маргааш нь чөлөөт ахмадын холбоон дээр эртхэн уулзан мэдэгдлээ батлах, төр засгийн дээдчүүдэд хүргүүлэх, байгууллагууд, гэр гэрээсээ тамгаа авч ирэх зар түгээн тарсан билээ. Мөн хэвлэлийн бага хурал хийх, нөгөөдөр нь 15 цагаас талбай дээр гарч хэлэлцүүлэг явуулах, талбай дээр юу ярих, хэдэн төгрөг , хөгжим, мотор хаанаас хэн олох гэх зүйлээ хам хум яриад салцгаасан ба ямар нэг бууз банш идээгүй, цай ч уугаагүй нь бас чин үнэн билээ. Энэ үеэр мэдээж 7-р сарын 1-ны тухай ярьж, Засгийн Газрыг огцруулах, гэм буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцохыг шаардахаар тогтсон. Хөдөлгөөнүүд Оюутолгойн гэрээг одоогийн хувилбараар баталж болохгүй, гадны нэг компанид улс гэрээрээ ингэж буулт хийвээс дараа дараагийн гэрээнд буулт хийх жишиг тогтоно гэх мэтээр бүгдээрээ санал нэг байсан санагдана. Маргааш нь иргэн Болд ба Уянга нарын редакцийн бага зэрэг засвар орсон нийт 16 байгууллага хөдөлгөөний тамга бүхий мэдэгдлээ эрхэм гишүүдийн тоогоор принтерлэж аваад, төрийн ордны шууданч эмэгтэйд гардуулав. Энэхүү ажиллагаанд ард эмэгтэй Баасан, газар шорооны нэг иргэн эмэгтэй, ард Рэнцэнтавхай миний бие, Эрс шинэчлэлийн Энхбат гэх нэгэн шударгуу ард нар оролцсон болно. Ингэж явахдаа бид явган явсан ба ямар нэг том хүний гар хөл болж байгаагаа би л лав огт мэдээгүй. Мэдээд барин тавин юм яриад, бичүүлээд байгаа улс харин их сэжигтэй биш үү? Тэгж яривал бид нар тал талаасаа мөнгөө нийлүүлж, хэвлэлийн бага хурлынхаа 50-ийг өгсөн, одоо болтол Монгол ньюсд 20 мянгыг өгөөгүй яваа. Тэр өдөр ганц мэддэгээрээ МоАХ-доо хандаж техникийн тусламж хүссэн боловч Женко Баттулга даргаас “яах гэж? ямар учиртай юм бэ?” гэсэн мессежээс өөр юм аваагүй. Тэр мэссэжээ би түүхэн дурсгал болгоод хадгалчихсан байгаа. Ямар ч байсан бид чөлөөт микрофоноо ажиллуулсан, ард түмний үгийг сонссон. Ард түмний 80% нь Оюутолгойг батлахгүй бол амиа хорлох гээд байгаа шинж огт харагдаагүй, харин ард түмэн маань авилгачид ахиад хулхидах вий гэж санаа зовсон хэвээр, ардчилсан ерөнхийлөгчийг авилгалын эсрэг ариун дайнаа хэзээ эхлэхийг л тэсэн ядан хүлээж байгаа нь харагдсан. Ер нь энэ хөдөлгөөнүүд рекет хийлээ гээд, Айвенхогийн араас аавын хүү аав ээжээ алдчихсан юм шиг гашуудаад байгаа хүмүүс яг үнэндээ хамтарсан засгийн газрын хойтохыг уншаад муу ёрлоод байгаа юм биш биз? Тэгээд хажуудахаа дэгээдчихээд энэ хэдэн хөдөлгөөнөөс боллоо гэнэ. Харин ТВ9 биднээс ярилцлага авсан, нэвтрүүлэг хийсэн, талбайн дээр Тангадын Галсан тааваараа ярьж, Их монгол-800-ийн Балжинням гуай эрлийз хурлийзаас болгоомжил гэсэн нь тухайн субьектын өөрсдийн хэрэг. Чөлөөт индэр гэж зарлачихаад Энхбаярын талын хүн гээд үг хэлүүлэхгүй байх болж байна уу? Баабар Баабархуяг хоёроос айгаад? Ер нь бол ТВ9 болон зарим нэг хэвлэлийн хэрэгслийг харахад Засгийн газарт муу бол бидэнд сайн гэсэн зарчмаар ажиллаж байгаа нь ямар ч байсан бидэнд хэрэг болсон нь үнэн. Харин нэг хачирхалтай юм болсон нь 7 сарын 1 –нд амаа үдүүлсэнээ гайхаад байсан нөгөө олон чөлөөт ТВ, сонингууд чөлөөт индэр дээр жирийн олон үгээ хэлж байхад чөдөртэй юм шиг таг чиг байсан нь үнэхээр харамсалтай. Янз нь эдгээр ТВ сонин дээр хааяа эзнийх нь тушаалаар онц байдал зарладаг бололтой юм. Ганц олдсон амьдралаа хүний гар хөл болгож дуусгах ямар эмгэнэлтэй вэ? Зарим нэг хөдөлгөөн гэх хоёр нэг иргэн хүн хоосон дүр эсгэхээс цаашгүй болсон нь ч хоёрхон өдрийн чөлөөт индэрээр харагдав. Том уурхай яриад байхаар том харагддаг гээд баярлаад явдаг юм болов уу? Иргэний хөдөлгөөнүүдийн хөгжил өөрөө нийгмийн хөгжлийн нэг үзүүлэлт мөн билээ. Харин 2 уула юмуу 3 уулаа ТББ –ын тамга хармаалчихаад, ТВ –ээр яриад байхаар хөдөлгөөн болчихдог байж таарахгүй. Цаашид хорголоо тоолж, бие биенээ хардаж явах биш, шинэ Ерөнхийлөгчид хандаж иргэний хөдөлгөөнүүдийг дэмжих сан байгуулах санал гаргах, бас Засгийн газрын зарим үүргийг тодорхой шалгуураар сонгон авсан ТББ-уудад шилжүүлэх, тэгснээрээ тэдний бие даасан, чөлөөт байдал, нийгэмд тустай ажил үйлсийг идэвхжүүлэх тухай уг нь ярилцсанаа санаж байна. Харин хөдөлгөөнүүд маань тэгж олны өмнө ил тод ажиллах сонирхол байна уу? үгүй юу?
Хүүхдүүд харанхуй шөнө аймаар юм яръя гэж байгаад биенээсээ тасарсан мөртлөө хөдлөөд байдаг "хар гар" -ын тухай ярьдаг Тэгээд их айдаг. Зуслангийн зугаа, социализмын үеийн аймшгийн кино л байсан юмдаг. Горьдлого хардлагаа мөнгө болгож, бичээчийн хөлсөө олдог зарим хүнд нэг хар гар харагдаад болж өгөхгүй байгаа бол сэтгэцийн эмнэлэг гээд нарийн мэргэжлийн туслалцаа үзүүлдэг газар байдгийг сануулмаар байна. Инээдтэй, маш сэжгийн бөгөөд ийм хий юм олж харж, ярьдаг хүн яав ч эрүүл бус гэж би бодож байна. Очиж очиж Энхбаяраас мөнгө аваад, тэгээд тэрний шүлс болоод явж байна гэж эд нарын толгойд яаж багтдаг байна? Улс төрийн зорилгодоо элдэв хөдөлгөөн байгуулж турхирах аргад үнэнхүү мэргэшсэн хүмүүсийн тухай бид сайн мэднэ дээ. Талбай дээр бид хэд “энэ ТВ9 ямар хичээж байнаа? Нүглээ наминчлаад овоо шдээ” гэсэн юм яриад инээлдэж байлаа. Гэхдээ эзэн нь эрх биш улсын дээр гартлаа улс төр хийж явсан толгой, мань мэтэд ямар ч мөнгө өгөөд нэмэргүй гэдгийг эрхбиш гадарлах байлгүй дээ. Өнгөрсөн жилүүдийн Монголын улс төрийн бохир орчин манай хүмүүсийг ямар бохир заваан юм сэтгэдэг болгоход сургаавдээ чааваас? Ер нь амьдралаас хар бараан юм олж харсаар байгаад өөрөө хар энергийн цуглуулга болов доо гэж харах царай нь улам харлаад байгаа нөхдөд захимаар байх юм. Хэрэв бусдын гар хөл болж, мөнгө санхүүжилт сааж явдаг тийм хөдөлгөөн гэгч байдаг бол ТББ-ын болон авилгалын хуульд өөрчлөлт оруулах замаар нийгмийг бузарлаж байгаа ийм үзэгдлийг эртхэн арилгах хэрэгтэй бус уу? Эсвэл ийм юм байж л байг, би бичиж л байя гэж хов цуглуулж хоолоо олдог хүн арай бодоогүй байгаа? Хүний гар хөл болдог бичээч нар байдаг байж болох ч иргэний хөдөлгөөн гэж байж яаж болох вэ таминь? Тэгэх тусмаа авилгалын армитай өнгөрсөн хэдэн жил амь хайргүй тулалдаж явсан хүмүүс Энхбаярын гар хөл болоод уул уурхайгаас мөнгө саах гээд явж байна гэвэл хүн үнэмших үү? Тэгвэл одоо бид юунд итгэх болж байна? Үнэмших хүн олдоод, энэ хэргийг илчилсэн нөхөр аягүй их тоогдох нээ янз нь? Ер нь ганц хүний гарт оромтгой энэ нэг түүхийн хог болсон нам, түүний үе үеийн дарга нартай хариуцлага тооцоогүй нь манай өнөөгийн бүх хардлага сэжиг, гай гамшгийн эхлэл гэж би үздэг. Жишээ нь өмнөх хийсэн хэргээ хариуцаагүй 50 гарсан МАХН-ын дарга 20-30 жилийн дараа ашгаа өгөх уурхайг би хариуцна гээд суугааг хараад хүнийг эрх мэдлийн солиорлоос нь эртхэн гаргая, насны эцэст энэ хүн тайван нүд аниасай гэж надад бодогдсон. Ерөөсөө ч огцруулах санаа байгаа ч сачий нь хүрэхгүй гэх мэт түүний “баатарлаг” мэдэгдэл нь олон хүний дургүйг хүргэсэн ба одоо нэгэнт сачийгаа сорих “богоон” хөдөлжээ. Айсан хүнд аргал хөдлөнө, Ам алдвал барьж болдоггүй гэдэг байх аа?