Монгол Улсын Их Хурлын гишүүдээс уучлалт гуйх ёстой гэж үзэж байна
УИХ-ын нэр бүхий гишүүдэд хандан Рио Тинто компанийн худалдаа эрхэлсэн захирал Сэм Риггалл, Айвенхоу Майнз компанийн хуулийн асуудал эрхэлсэн захирал Жон Фониани нараас Оюутолгой төслийг хэрэгжүүлэх Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал бодлоо илэрхийлсэн захидлыг 2009 оны 7 сарын 27-нд ирүүлсэн билээ. Уг захидлын хариу болгож УИХ-ын Тамгын газар байр сууриа илэрхийлсэн хариу захидал илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Рио Тинто компанийн худалдаа эрхэлсэн захирал Сэм Риггалл, Айвенхоу Майнз компанийн хуулийн асуудал эрхэлсэн захирал Жон Фониани нар танаа
Та бүхний 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Улсын Их Хурлын нэр бүхий зарим гишүүдэд ирүүлсэн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх хувийн итгэмжлэгдсэн захидалтай холбогдох Улсын Их Хурлын гишүүд танилцсан болно.
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Оюу толгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Улсын Их Хурал хэлэлцэн тогтоол гаргаж, гэрээ байгуулах эрхийг Засгийн газартаа олгосон билээ. Ийм болохоор Та бүхний захидалдаа бичсэнчлэн “Оюу толгой төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуулт, санаа зовоож буй зүйл” гэгчээр Улсын Их Хурлын гишүүдтэй уулзаж хариулт өгөх биш, харин Монгол Улсын Засгийн газарт хандаж, санал солилцох боломж нээлттэй болсныг юуны өмнө тэмдэглэе.
Захидлын агуулга, утга санааг бид цаашид олон жил хамтран ажиллах сайн нөхөр, түншийн талаас, мөн Оюу толгойн орд газар нь манай улсын ирээдүйн хөгжилд ач холбогдолтойн үүднээс аль болохоор ойлгохыг хичээж байгаа хэдий ч эл захидалд дурьдсан зарим асуудал нь Оюу толгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар яригдаж буй зүйлүүдээс илүү их эргэлзээ төрүүлэхэд хүргэхээр бичигдсэнд харамсч байна. Учир нь монгол төрийн тусгаар тогтнол, хөгжлийн замыг хөндлөнгөөс заах гэсэн оролдлого гэж үзэхээр байна. Тусгаар тогтносон Монгол Улсын төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагад ард түмнийхээ итгэлийг хүлээн ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүдэд ийнхүү эрээ цээргүй шахалт үзүүлэх болсон нь улс төрийн хийгээд бизнесийн наад захын соёл танай компаниудад дутагдах болсныг илтгэнэ.
Та нөхөд захидалдаа “Монгол улс салаа замын эхэнд ирээд байна” гэжээ. Монгол Улс, монголын ард түмэн 20-иод жилийн өмнөөс өөрсдийн сонголтыг хийж шинэ Үндсэн хуулиа батлан хөгжлийн чиг хандлагаа тодорхойлон ардчилал, зах зээлийн харилцааг эргэлт буцалтгүй сонгосон нь эдүгээ олон улсын хэмжээнд аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Ийм болохоор манай улсын хөгжлийн замыг аль нэг компани тодорхойлох шаардлагатай гэж үзэхгүй байгаа бөгөөд монголын төр, ард түмэн гадны оролцоо зааварчлагагүйгээр өөрсдөө шийдэх эрхтэй болохыг Та бүхэнд сануулж байна.
Монголын төрд дарамт шахалт үзүүлэх гэсэн нэн зохимжгүй өнгө аяс цухалзуулсан энэ захидлыг Рио Тинто, Айвенхоу майнз компаниудын дээд удирдлагуудын албан ёсны байр суурь гэдэгт итгэхгүй байна. Энэ захидал харин ч дэлхийд алдартай гэж монголчууд эдүгээ итгэж байгаа Рио Тинто компанийн нэр хүндийг монголын олон нийтийн дунд унагах хортой юм.
Ийнхүү бүдүүлэг алхам хийснийхээ төлөө Та бүхэн Монгол Улсын Их Хурлын гишүүдээс уучлалт гуйх ёстой гэж үзэж байна. Рио Тинто, Айвенхоу майнз компаниуд нь Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн, манай Засгийн газартай харилцан ашигтай гэрээ байгуулж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Та бүхнийг хүндэтгэсэн,
Улсын Их Хурлын Тамгын газрын
Нарийн бичгийн дарга С.МАГНАЙСҮРЭН