Төсвийн байнгын хороо 22 удаа хуралдан 40 асуудал хэлэлцжээ
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, тус байнгын хорооны гишүүн О.Чулуунбат нар хаврын чуулганы хугацаанд байнгын хорооны хийсэн ажлын талаар
өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хаврын чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо 52.3-80.9 хувийн ирцтэйгээр 22 удаа хуралдаж 40 асуудал хэлэлцсэн байна. Үүний 31 нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл байжээ. Давхардсан тоогоор 29 санал дүгнэлт, 16 танилцуулга, 51 саналын томъёолол гарган УИХ-ын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна. Мөн хугацаанд байнгын хороо хэлэлцэж байгаа асуудлаар, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, мөн Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээн дэх хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлаар 7 тогтоол гаргасан байна.
Энэ хаврын чуулганаар Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэн батлуулсан хуулийн төсөл, бусад шийдвэрийн төсөл нь Улсын Их Хурлаар батлан гаргасан хууль, тогтоомжийн 35 хувийг эзэлж байгаа аж.
Хаврын чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн асуудлууд нь улс, эх орны нийгэм, эдийн засагт чухал ач холбогдол бүхий асуудлууд байлаа хэмээн Байнгын хорооны дарга онцолсон. Тухайлбал, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг дурьдаж болох юм байна. Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг Монгол Улсын төсөв, Мөнгөний бодлогын хамт намрын чуулганаар хэлэлцдэг байсан билээ. Тэгвэл Үндсэн чиглэлийг хаврын чуулганаар хэлэлцдэг болгон өөрчилсөн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төсөл байгаа. Энэхүү хуулиар боловсруулаагүй ямааны ноолуурт экспортын гаалийн татварын хэмжээ тогтоосон хэсгийг хүчингүй болгосон билээ. Түүнчлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар малчин өрх, мал бүхий этгээдийн малын тоо толгойд нь ногдох орлогыг татвараас чөлөөлсөн. Эдгээр хуулиуд нь санхүүгийн хямралтай байгаа энэ үед малчдын амьжиргааг дэмжсэн том алхам болсон гэж тэрбээр онцолж байсан.
Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг тус байнгын хороо хэлэлцэн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна. Тэрхүү хуулиар зөвхөн эцсийн боловсруулалт хийсэн уул уурхайн бүтээгдэхүүнд ногдуулсан НӨАТ-ыг буцаан олгох болж байгаа юм. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүнд эцсийн боловсруулалт хийх үйлдвэр байгуулж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ хэмээн гишүүд найдаж байгаа аж. Төсвийн байнгын хороо нэлээд ачаалалтай, гишүүд идэвхи санаачилгатай ажилласан гэж мэдээллийн төгсгөлд Ч.Хүрэлбаатар дарга дүгнэсэн.
Чуулганы завсарлагаагаар Төсвийн байнгын хорооны гишүүд орон нутагтаа очиж Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хууль, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, 2009 оны намрын чуулганаар 2009 оны төсвийн хуульд тодотгол хийх, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийг батлах, төсөв санхүүгийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, УИХ-аас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа юм байна.