АНУ-ын Конгрессийн төлөөлөгчид Монголд ирнэ
2009.06.29

АНУ-ын Конгрессийн төлөөлөгчид Монголд ирнэ

АНУ-ын Конгрессийн Ардчиллыг дэмжих комиссын шугамаар АНУ-ын Конгрессийн гишүүдийн Монгол Улсад хийх айлчлал өнөөдрөө эхэлж байна. Айлчлах 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байна.


Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн тэргүүн Ноён Дэвид Прайс, АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жим МакДэрмот, Жим Купер, Боб Эдеридж, Фил Жингрэй, Верн Бучанан нар оролцож байгаа аж. Харин айлчлалын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Төлөөлөгчдийн танхимын Ардчиллыг Дэмжих Коммисын мэргэжилтэн Ноён Жон Лис, Төлөөлөгчдийн танхимын Дэгийн хорооны мэргэжилтэн Ноён Брэд Смит, Хатагтай Рэйчэл Лиман, Олон улсын парламентын асуудал эрхэлсэн газрын дэд дарга Хатагтай Женис Маккини, Конргессийн Судалгааны албаны орлогч дарга Клэй Вэллборн, Конгрессийн Судалгааны албаны Азийн асуудал хариуцсан мэргэжилтэн Брюс Воон, Конргессийн Судалгааны албаны Мэдээлэл, судалгааны мэргэжилтэн Шэрри Шапиро нар болон бусад дагалдан яваа хүмүүс байгаа аж.

Урьдчилсан хөтөлбөрт тусгаснаар, Зочид 6 дугаар сарын 28-ны өдрийн Ням гариг Улаанбаатар хотноо хүрэлцэн ирнэ.  6 дугаар сарын 29-ний өдрийн Даваа гаригт 09.20-09.50 цагт УИХ-ын дарга Д.Дэмбэрэл АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Ардчиллыг Дэмжих Комиссын дарга Дэвид Прайс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзана.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Ч. Сайханбилэг, УИХ-ын гишүүн Д. Дондог, Г.Занданшатар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Шаравдорж, УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах төвийн дарга Ц.Норовдондог, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Б.Золбаяр байлцах юм байна.
Мөн өдрийн 10.00-11.00 цагт Конгрессийн гишүүд “Парламентын судалгаа, шинжилгээний ач холбогдол” сэдвээр УИХ-ын гишүүд болон УИХ-ын Тамгын газрын Судалгаа шинжилгээ, олон нийттэй харилцах төвийн ажилтнуудтай уулзана.

11.15 -12.15 цагт Төлөөлөгчид хоёр хэсэгт хуваагдаж уулзалтуудыг хийнэ. Үүнд:
1.Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, тус салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг болон Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн төслүүдийг бэлтгэж хангах үүрэг бүхий ажлын хэсэг, дэд хэсгийн гишүүдтэй уулзана. Уулзалтад УИХ-ын гишүүн Х. Бадамсүрэн, Ц. Баярсайхан, С. Оюун, Д.Одхүү, Д. Энхбат нар оролцоно.

2. УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны дүрэм батлах тухай, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай УИХ-ын тогтоолын болон бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа ажлын хэсгийн гишүүдтэй уулзана /Ёс зүйн дэд хороо/. Уулзалтад УИХ-ын дэд дарга Н. Энхболд, УИХ-ын гишүүн З. Алтай, Л. Гантөмөр нар оролцохоор төлөвлөгдөж байна.

11.15-16.30 цагт Конгрессийн гишүүдийг дагалдан яваа ажлын хэсэг тусгай хөтөлбөрөөр уулзалтуудад орох бөгөөд үүнд Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах төв дээр Бүгд Найрамдахчуудын хүрээлэнтэй хамтран уулзалт зохион байгуулж, үүний зэрэгцээ УИХ-ын гишүүдийн туслахууд болон бие төлөөлөгч нартай уулзах юм байна.
12.00- 12.15 цагт АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн гэргий нар Төрийн ордон болон УИХ-ын чуулганы танхимтай танилцана.

12.30 -14.00 цагт УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны орлогч дарга Г. Батхүү төлөөлөгчдийг хүндэтгэн Их Тэнгэрийн 30-р байранд өдрийн зоог барина.

14.15-15.15 цагт Төлөөлөгчид хоёр хэсэгт хуваагдаж уулзалтууд хийнэ. Үүнд: УИХ дахь МАХН-ын бүлэг \УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д. Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д. Оюунхорол, УИХ-ын гишүүн Р. Раш\, ба УИХ дахь АН-ын бүлэг \УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч. Сайханбилэг, УИХ-ын гишүүн Э. Бат-Үүл, Р. Гончигдорж\-тэй уулзалт зохион байгуулах ажээ.

15.30-16.30 цагт Төлөөлөгчид 2 хэсэгт хуваагдаж Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо ба Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороотой уулзалт хийхээр төлөвлөжээ. 16.30 цагт Төлөөлөгчид Их эзэн Чингис хааны хөшөөтэй танилцсанаар айлчлалын энэ өдрийн арга хэмжээ өндөрлөнө.

Айлчлалын гурав дахь өдөр буюу 6 дугаар сарын 30-ны өдрийн Мягмар гаригт болох арга хэмжээ 08.30-09.30 цагт Гандан тэгчэнлин хийдтэй танилцсанаар эхэлнэ.
09.45 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэргий хатагтай Х.Болормаа АНУ-ын Конгрессийн гишүүдийн гэргий нарыг Их Тэнгэр цогцолборын “Хан-Уул” харшид хүлээн авч уулзана.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзах цаг 10.30-11.00 хэмээн товлогдсон.

Харин 10.00-12.00 цагт Конгрессийн гишүүдийг дагалдан яваа ажлын хэсэг УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс болон Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах төвийн ажилтнуудад зориулан сургалт зохион явуулна.

Монгол Улсын Ерөнхий сайд С. Баяр төлөөлөгчдийг хүлээн авч уулзах цаг одоохондоо товлогдоогүй байна.

12.00 цагт Төлөөлөгчид “Чингис Хаан” олон улсын нисэх буудал руу хөдөлнө гэсэн урьдчилсан хөтөлбөр өнөөдрийн байдлаар гараад байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.