Чуулган үйл ажиллагаатай танилцах иргэд гишүүдийг тоолчихоод гарч ирдэг
УИХ-ын чуулганы үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд хамрагдахаар хүсэлтээ ирүүлсэн 18 албан бичиг бүртгэгдэн, ХМСХ-т ирээд байна. Эдгээрийн гурав нь УИХ-ын гишүүд, зургаа нь их, дээд болон дунд сургууль, ес нь албан байгууллагуудынх юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай Пүрэв, Баасан гаригуудад аялалд хамрагдахаар хүсэлтээ ирүүлсэн байгууллага, хүмүүс нийт албан бичгийн 90 хувийг эзэлж байна. Чуулганы үйл ажиллагааг нүдээрээ харах нь иргэдийн хувьд маш сонирхолтой санагддаг бөгөөд тэдний зарим нь хуралдаанд сууж буй гишүүдийг нэг бүрчлэн тоолчихоод гарч ирдэг.
Төрийн ордонтой танилцах явцад хүмүүсийн сонирхлыг татдаг нэгэн үзмэр байдаг нь гуравдугаар давхарын зүүн жигүүрт байрлах "Хан төрийн долоон эрдэнэ" уран зураг юм. Энэ зургийг анх хармагцаа бүгд нэгэн дуугаар Марзан Шаравын "Монголын нэг өдөр" зураг гэж тодорхойлдог. Тайлбарыг сонссоны дараа 1996-2000 оны УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, олны танил хүмүүсийг хайж эхэлдэг төдийгүй заримыг нь "энэ байна" гээд нэрлэж байх тохиолдол бий. Энэ зурагт хамгийн сайн танигддаг гурван хүн байдаг нь тухайн үеийн УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн Р.Сандалхан гуай, мөн үеийн алдартай бизнесмэн Б.Жаргалсайхан, Гандан хийдийн хамба лам Д.Чойжамц нар юм. Харин гадаадынхны хувьд энэ зурагт дүрслэгдсэн монгол ёс заншил сонирхолтой санагддаг бөгөөд одоогийн Ерөнхийлөгч энэ зурагт хаана байгааг асуух нь элбэг.
Иргэд, сонгогчдын хувьд Төрийн есөн цагаан туганд хүндэтгэл үзүүлж, зураг авахуулах нь хамгийн сайхан мөч нь байдаг болов уу. Ялангуяа өндөр настнууд, цэргийнхэн нэн хүндэтгэлтэй хандаж байгаа нь ажиглагддаг. Хүн бүхэн л тугны өмнө зургаа авахуулахыг хүсдэг, гэтэл цаг нь хязгаартай байх асуудал бий. Сонгогчдын хувьд УИХ-ын гишүүнтэйгээ хамт зургаа авахуулахдаа ихэд баяртай байдаг. Тэрхүү зураг айл өрхийн хойморт, альбомны эхний нүүрэнд залардаг биз ээ.
Төрийн ордоны хоёрдугаар давхарын зүүн жигүүрт байрлах Монгол Улсын Ерөнхий сайдуудын хөргийн тайлбар хүмүүст нэлээд зүйлийг ойлгуулдаг байх. Төр засгийн удирдагч хэн боловч тухайн үедээ Монгол Улсынхаа төлөө ажиллаж, тодорхой амжилт, хөгжил дэвшилд хүргэдэг талаар сонссон хүмүүс тайлбар дууссаны дараа алга ташиж баяр хүргэсэн тохиолдол нэлээд хэд бий.
Аялалд хамрагдсан хүмүүсийн багагүй хувь нь эх оронч үзэлтэй болж чаддаг гэдэгт итгэлтэй байна.