Дэд хороо туршлагатай, асуудалд шударга, зарчимч гишүүдээс  бүрдэнэ
2009.06.10

Дэд хороо туршлагатай, асуудалд шударга, зарчимч гишүүдээс бүрдэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралданаараа Ёс зүйн дэд хорооны дүрмийн төслийг хэлэлцэлээ.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболдын ахалсан Ажлын хэсэг Ёс зүйн дэд хорооны дүрмийн төслийг боловсруулжээ.

Ёс зүйн дэд хороо нь УИХ-ын гишүүн хууль зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйл ажиллагаандаа баримталбал зохих хууль тогтоомж, ёс зүйн асуудлаар зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, гишүүдийн ёс зүйн байдалд хяналт тавих, хэлэлцсэн асуудлаараа санал, дүгнэлт гаргах, гишүүний ёс зүйтэй холбоотой мэдээллийн талаар иргэн, байгууллага, албан тушаалтнаас тайлбар, тодруулга авах зэрэг бүрэн эрх эдлэх юм байна.

Дэд хорооны бүрэлдэхүүнд туршлагатай, асуудалд шударга, зарчимч байр сууринаас ханддаг гишүүдээс бүрдүүлэх бөгөөд бүрэлдэхүүний хувьд Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байхаар ажээ. Гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал үүссэн тохиолдолд дэд хороонб хуралдаан хаалттай болож,  асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх юм байна.

Нэг гишүүн дээр ёс зүйн зөрчил гаргасан хэмээн иргэн, байгууллагаас өргөдөл, гомдол, мэдээлэл ирсэн,
УИХ-ын наймаас доошгүй гишүүн тухайн гишүүнд холбогдох ёс зүйн зөрчлийн талаар өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлсэн, гишүүн өөрөө шалгуулах хүсэлт гаргасан, түүнчлэн Дэд хороо нь өөрийн санаачлагаар УИХ-ын гишүүний нэр төрийг хамгаалах зорилгоор хяналт, шалгалт явуулсан зэрэг тохиолдолд УИХ-ын гишүүнд холбогдох ёс зүйн зөрчлийн асуудлыг авч хэлэлцэхээр төсөлд тусгажээ.

Байнгын хорооны хуралдааны үед гишүүд улстөр лүү хэт халтирах вий, нэгнийгээ унагахын тулд ашиглах вий гэсэн болгоомжилол байлаа. Тиймээс сайтар нягталж үзэх, дэд хорооны гишүүдийг сонгохдоо сайтар анхаарах хэрэгтэйг ч сануулж байлаа.

Ц.Нямдорж ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд зөвлөмж хүргүүлэх, цалинг нь хасах, тойргийн сонгогчдод нь мэдэгдэх гэх зэргээр хуульд байхгүй асуудлыг дүрэмд тусгавал хуулиас давсан шийдвэр болж мэдэх юм гэдгийг анхааруулж байв.

Байнгын хорооноос уг тогтоолыг дахин сайтар боловсруулах  үүрэг авлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.