Чуулган ажлын нийт 75 өдөр үргэлжилжээ
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 6-ны өдөр нээгдэж 7 дугаар сарын 21-нд өндөрлөв. Чуулган ажлын нийт 75 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 25 удаа, Байнгын хороодын хуралдаан давхардсан тоогоор 130 удаа тус тус хуралдсан байна.
Чуулганаар нийт 71 хууль, Улсын Их Хурлын 34 тогтоол батлан гаргав. Үүнээс: Бие даасан хууль 15, нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль 49. хүчингүй болсонд тооцох тухай хууль 2, гэрээ, конвенци соёрхон баталсан хууль 5 байна.
Энэ удаагийн хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан томоохон асуудлыг авч үзвэл Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай, Цөмийн энергийн тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Малчдын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг тус тус батлан гаргав.
Оюутолгойн ордыг хэрхэн ашиглах тухай асуудал Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн амин чухал асуудлын нэг болж байсан учраас иргэд, олон нийт, эрдэмтэн, мэргэжилтэн, судлаачдын зүгээс олон чухал санал санаачилгыг дэвшүүлэн гаргасныг Улсын Их Хурал уг асуудлаар гарах бодлогын шийдвэртээ тусган хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоол гарган гэрээ байгуулж ажиллах эрхийг Засгийн газарт олголоо.
Энэ асуудалтай ач холбогдлоороо эн зэрэгцэхүйц уран, цөмийн эрчим хүчийг ашиглах тухай асуудал олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байсан юм. Иймд Улсын Их Хурлаас цацраг идэвхт ашигт малтмалын болон цөмийн эрчим хүчний талаархи төрийн бодлогыг тодорхойлж, Цөмийн энергийн тухай, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тус тус батлан гаргав.
Хаврын чуулган төсөв санхүү, мөнгө зээлийн бодлогын асуудлаар нухацтай хэлэлцсэн. 2008 оны төсвийн гүйцэтгэлийг анхааралтай хэлэлцэж, төсвийн хуулийг хэрэгжүүлэх явцад гарсан дутагдлыг арилгах, дараа дараачийн жилд давтахгүйн тулд Улсын Их Хурлаас тусгайлан тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өглөө. Төсвийн орлогын нэмэгдэл эх үүсвэрийг харгалзан тооцож, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсөвт хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зарим ажлыг нэмж хийхээр төсвийн тодотголд оруулав.
Санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байдлыг гэтлэн давах, банкны салбарыг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн алхамуудыг нэг нь бүх төрлийн төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийж байхаар баталсан Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль юм. Энэ нь төгрөгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, мөнгөний ханшны уналтаас иргэдэд учирах хохирлыг бууруулж, эрсдлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлж өглөө.
Манай иргэдийн нэлээдгүй хэсэг нь өөрийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй болсон нь иргэдийн аж байдалд гарсан томоохон өөрчлөлтийн нэг юм. Гэсэн хэдий ч түүнийгээ барьцаалах замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж хангагдахгүй өдий хүрчээ. Энэ байдлыг харгалзан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг хэлэлцэн баталж үл хөдлөх хөрөнгө барьцаалах эрх зүйн үндсийг бүрдүүлэв. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн асуудлыг нэг мөр болгон шийдсэн нь иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид ач холбогдолтой шийдвэр болсон юм.
Хөдөө аж ахуйн цаашдын хөгжлийг хангах, иргэдийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг дэмжих зорилгоор боловсруулсан малчдын талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэн баталлаа. Малын тоо толгойд ногдох орлогын болон түүхий ноолуурын экспортын татварыг тус тус тэглэж, дотооддоо тариалах үр тариаг нэмэгдүүлэх үүднээс урамшуулал олгож байхаар зохих шийдвэрүүдийг батлан гаргалаа.
Цөлжилт, хуурайшилт хурдацтай явагдаж экологийн тэнцвэрт байдал алдагдах нөхцөл байдал манай оронд бодитойгоор нүүрлэх аюул тулгарч байгаа энэ үед гол мөрний эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, олборлохыг хориглох талаар Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийг шинээр батлан гаргав. Мөн автомашин, тээврийн хэрэгслэлийн ашиглалтаас байгаль орчин илүүтэй бохирдох болсныг харгалзан 2012 оноос эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд байгалийн хий хэрэглэдэг тээврийн хэрэгслэлийг ашиглаж байхаар шийдвэрлэв.
Үндсэн хуулийн дагуу хууль тогтоомжийн үзэл баримтлалыг тодорхой болгох, эдийн засаг, нийгмийн амьдралын аливаа асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах боломжийг улам бүр төгөлдөржүүлэх үүднээс Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг баталлаа.
Хууль тогтоогчдын зүгээс ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх сахилга, хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдол бүхий Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг энэ удаагийн чуулган баталлаа. Мөн иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх талаар төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох чиглэлээр холбогдох хуульд нэмэлт оруулав.
Хаврын чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж өнгөрсөн. Улсын Их Хурлаас шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, түүний бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх тангараг өргөх ёслолын ажиллагааг хууль тогтоомжид заасан журмын дагуу зохион байгуулав.
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох тухай, Хийн хангамжийн тухай, Өрсөлдөөний тухай, Газар тариалангийн бүс нутаг тогтоох тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай, Эх орны хишиг сангийн тухай болон Эрдэнийн хувийн /Баянмонгол корпораци/ тухай зэрэг 20 гаруй хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ. Эдгээр асуудал болон Улсын Их Хурлын 2009 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Байнгын хороодоос 180 орчим хууль, бусад шийдвэрийн төсөл санал болгосноос нэн түрүүнд хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн 60 гаруй асуудлыг намрын чуулганд хэлэлцүүлэхээр тогтлоо.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар болон Зам тээвэр, хот байгуулалтын талаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилтийн тухай асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын мэдээллийг сонсов.
Хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Л.Гантөмөр, Н.Ганбямба, С.Оюун, Ц.Дашдорж, Ш.Сайхансамбуу, З.Энхболд, П.Алтангэрэл, Ц.Батбаяр, Л.Гүндалай нарын 18 гишүүн өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газарт хандаж тодорхой асуудлаар асуулга тавьж хариуг чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож танилцав. Тухайлбал, Санхүүгийн зах зээл дэх төрийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн болон жижиг, дунд үйлдвэрлэгчид, малчдад олгосон зээлийн хугацааг сунгах, хүүгийн хөнгөлөлт үзүүлэх талаар, Монгол Улсын эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар, 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсвийн зарлагыг хэмнэхэд санал өгөх асуудлаар, Агаарын бохирдлыг бууруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн талаар, Мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох асуудлаар болон мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, хүчин чадлын талаар, Засгийн газраас ураны ордуудыг бусад улс орнуудтай хамтарч ашиглахаар хийгдэж буй гэрээ хэлэлцээрийн явц, техник эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоо, судалгааны талаар, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын холбогдох яамны сайдад тус тус асуулга тавьсан байна.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ч.Улаан, Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг, Я.Батсуурь, Ч.Хүрэлбаатар, О.Чулуунбат нарын 11 гишүүн Төв аймгийн Хөшигтийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны буудлын асуудлаар, Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар, Мах, ноолуурын үнийн талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 51 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар, Чойр-Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн авто замын ажлын гүйцэтгэлийн талаар, “Бороо гоулд” ХХК-ийн үйл ажиллагааны талаар холбогдох яамны сайдад бичгээр асуулт тавьж зохих хариуг авчээ.
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 03 тоот дүгнэлт (Эрүүл мэндийн тухай хуулийн 17.6 дахь хэсэг, 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн тухай), 2009 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн 02 тоот дүгнэлт (Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай)-ийг тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн, Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт оруулсан өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэн уг хоригийг хүлээн авч Улсын Их Хурлын 2009 оны 28 дугаар тогтоол батлан гаргав.
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 6, Улсын Их Хурлын гишүүдээс 11, Засгийн газраас 27 хуулийн төсөл тус тус өргөн мэдүүлсний ихэнхийг нь хэлэлцэн баталсан байна.