Д.Дэмбэрэл: Зайлшгүй шаардлагатай асуудал гарвал ээлжит бус чуулган зарлан хуралдуулж болно
2009.07.24

Д.Дэмбэрэл: Зайлшгүй шаардлагатай асуудал гарвал ээлжит бус чуулган зарлан хуралдуулж болно

УИХ-ын 2009 оны хаврын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгч, тэдний сонирхосон асуултад нь хариултад хариуллаа.

Хэвлэлийн бага хуралд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Жекей, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, албаны бусад хүн оролцлоо.

УИХ-ын 2009 оны хаврын ээлжит чуулган ажлын 75 өдөр үргэлжилж, нэн ачаалалтай, шийдэл хүлээсэн зарчмын олон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн чуулган байлаа хэмээн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл онцоллоо.

Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд тусгагдсан 35 хууль, тогтоолын төслөөс 12 хууль, 11 тогтоол батлагдаж,  13 асуудал хэлэлцүүлгийн шатанд байна.  Харин Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төсөл болон “Төрийн албаны гавьяат ажилтан” цол бий болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл гэсэн гурван асуудал л хэлэлцүүлгийн өмнөх шатанд байгаа юм.

Гэхдээ чуулганы явцад шинээр нийтдээ 71 асуудал буюу 50 хууль, 20 тогтоолыг нэмж хэлэлцэн баталлаа.  Ингэснээр хаврын ээлжит чуулган нийт 71 хууль, 34 тогтоол хэлэлцэн баталсан нь анх төлөвлөсөн асуудлаасаа хоёр дахин олон хууль, тогтоолын төсөл хэлэлцэж баталсан дүн гарч байна. Эдгээрийг багцалж авч үзвэл бие даасан хууль 15, нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль 49, гэрээ, конвенц соёрхон баталсан хууль 5, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль хоёр, УИХ-ын тогтоол 34 байгааг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл дурьдлаа. 

Тэрбээр цааш нь хэлэхдээ, УИХ-ын хаврын ээлжит чуулганыг хааж үг хэлэхдээ би тооны цаана чанар гэдэг зарчмын үүднээс хэлэлцэн шийдвэрлэсэн эдгээр 105 асуудлын дотоод мөн чанар, агуулгыг нэгтгэн дүгнэж хэлсэн. Мөн УИХ бодлогын түвшинд цаашид онцгой анхаарч, нэн даруй шийдвэрлэх ёстой олон асуудал байгааг тэмдэглэж, авч хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлсон гэдгийг онцлоод энэ удаагийн хаврын чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай, Цөмийн энергийн тухай, Малчдын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталсны дээр Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээний зарчмыг тодорхойлж гэрээ байгуулах эрхийг Засгийн газарт олгосон зэрэг төрийн бодлогын томоохон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснийг онцлон дурьдав.

Тэрбээр, УИХ Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ нь аль аль талдаа харилцан ашигтай, үр өгөөжтэй байх зарчмыг барьж, өнөөгийн хүчин төгөлдөр хуулийн хүрээнд асуудлыг шийдсэн. Түүнээс биш аль улс орны талыг барьсан, хэн нэгний ашиг сонирхолд нийцүүлэх гэсэн, гэрээг мухардмал байдалд оруулах гэсэн бодол санаа УИХ-ын гишүүдэд байхгүй.

Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуулийг бид хоёр долоо хоног хэлэлцэж байж баталсан. Богино хугацаанд хэлэлцэж шийдсэн, бидний сайн мэдэх асуудал биш гэдэг талаасаа эргэлзээ төрүүлсэн зүйл байж болох юм. Гэрээ хэлцлийн асуудал яригдаж байгаа, улс орны хөгжил, эдийн засгийн талаасаа ч энэхүү ашигт малтмалыг яаралтай эргэлтэд оруулах нь чухал байгаа зэргийг харгалзан хуулийг шуурхай хэлэлцэж баталсан. Гэхдээ энэ асуудлын хяналтын механизмыг сайжруулахад анхаарах зүйл байж болох юм. Тэгвэл намрын чуулганаар авч үзэх бүрэн боломжтойг УИХ-ын дарга хэлээд УИХ-аас хууль батлах, хэрэгжүүлэх асуудал цаашдаа ч ил тод байдлаар явагдах болно гэдгийг онцлов.

Мэдээлэл хийсэний дараа УИХ-ын дарга болон Байнгын хороодын дарга нар дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Өршөөлийн хуульд албан тушаалын гэмт хэрэг хамрагдсан талаар иргэд, УИХ-ын гишүүд ч янз бүрийн байр суурьтай байна. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?

Д.Дэмбэрэл:-УИХ энэ хуулийг батлахдаа тодорхой зарчим баримталсан. Нэгд, Ерөнхийлөгчийн санаачилж өргөн барьсан зарчмын үндэслэлийг гол болгосон, хоёрт, хэн нэг хүнд зориулж хууль гаргаагүй. Авлига, хээл хахуулийн холбогдолтой гэмт хэрэг Өршөөлийн хуульд хамрагдахгүй. Гэхдээ хэн ямар хэрэг хийгээд ямар зүйл ангиар ялж эдэлж байгаа, эсвэл шүүх, мөрдөн байцаалтын ямар шатанд ямар хэргүүд байгааг УИХ-ын гишүүд мэдэхгүй шүү дээ. УИХ-аас байгуулагдсан комисс ял эдэлж, мөрдөн байцаагдаж байгаа хүн нэг бүрийн хавтаст хэргийг уншиж нягталж байж хэн нь өршөөлд хамрагдахыг шийдэх юм.
Х.Жекей:-Энэ бол найм дахь удаагийн өршөөлийн хууль. 1991 оноос өмнө Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар өршөөл үзүүлдэг байсан, түүнээс хойш хуулиар шийдэж байгаа. Энэ нь төрийн уламжлалт үйл ажиллагаа юм.
УИХ-аас байгуулагдсан комисс хуулийг хэрэгжүүлэх ажлаа эхэлж, Улаанбаатар хотод л гэхэд 125 хүнтэй салбар хэсэг байгуулаад байна. Комисс хуулийг хэрэгжүүлэх ажлыг долдугаар сарын 30 гэхэд дуусгаж, наймдугаар сарын 15-нд УИХ-д ажлаа тайлагнана, одоогоор ажлын явц 60 хувьтай байна. Хүний хувь заяатай холбоотой асуудал учраас хэрэг нэг бүрийг нарийвчлан уншиж танилцаж байгаа. Эмэгтэйчүүдийн хорих болон хүүхдийн хорих ангиудаас өршөөлд хамрагдах ялтнуудыг маргаашаас суллаж эхэлнэ. Хоригдож байгаа ялтнуудаас гадна шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдийг тухайн байгууллагууд шат шатандаа шийднэ. Одоогоор ямар нэг зөрчил, сааталгүй ажил хэвийн явагдаж байна.

Албан тушаалын гэмт хэргээр хоригдож байгаа хүн одоогоор байхгүй. Харин манайхан хээл хахуулийн хэргийг албан тушаалын хэрэгтэй холиод байх шиг байна. Одоогоор хээл хахуулийн хэргээр хорих ял эдэлж байгаа хоёр, хорихоос өөр төрлийн ялтай дөрвөн хүн байгаа. Тэд өршөөлд хамрагдахгүй. Шүүх, прокурорын шатанд байгаа хэрэгт бид хөндлөнгөөс оролцох эрх байхгүй.

-Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээ гацаанд орлоо, холион бантан боллоо, ийм том гэрээг УИХ-ын гишүүд гаргаж чадахгүй юм байна гэсэн байр суурьтай гишүүд ч байна. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?

Д.Дэмбэрэл:-Энэ асуудал тойрсон янз бүрийн санаа оноо байх шиг байна. Нэг хэсэг нь хуудуу дулимаг боллоо, нөгөө хэсэг нь боломжийн боллоо гэж байхад зарим нэг нь Хятадын эрхшээлд орох нь, Рио Тинтог шахах нь гэцгээж байна.

Бид асуудлыг хэлэлцээд УИХ ямар шийдэл гаргах ёстой, тэр шийдлийг л гаргасан. Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ хэлэлцэнэ гээд хуульд заачихсан байгаа. Үүнийг далим болгон УИХ-д хуулиар олгогдсон эрх, үүргийг хасах, түүнээс татгалзах гэсэн байр суурь байж болохгүй. Тиймээс УИХ бодлогын асуудлыг л шийдэж өгсөн. Харин гэрээнд гарын үсэг зурж байгуулах нь Засгийн газрын эрхийн асуудал юм.

-УИХ ирэх наймдугаар сард ээлжит бус чуулган зарлана гэсэн яриа байна, энэ ортой юу?

Д.Дэмбэрэл:-Үнэхээр улс орны өмнө тулгамдсан, зайлшгүй шаардлагатай асуудал гарвал ээлжит бус чуулган зарлан хуралдуулж болно. Гэхдээ одоогоор тийм зүйл харагдахгүй байна.

-Ипотекийн хуулийн талаар янз бүрийн шүүмжлэл их гарч байгааг юу гэж үзэж байнга вэ?

З.Энхболд:-Би энэ хуулийн ажлын хэсэгт орсон гишүүний хувьд тадуудын ашиг сонирхлыг тэнцүүлсэн, юуны өмнө хэрэглэгчдээ хамгаалсан боломжийн хууль болсон гэж үзэж байгаа. Гэхдээ зарим талын ашиг сонирхолд нийцээгүй зүйл байгаа байх. Нотариатоор батлуулсан үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс хувь авдаг байсныг болиулсан учраас нотариатчдын дунд ийм яриа байгаа юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний тухайд хэлэхэд энэ гэрээг хэвлэлээр Орос, Хятад, Канадын аль нэг талд нь үйлчилсэн, ашиг сонирхолд нь нийцүүлсэн мэтээр ярьж бичдэгээ болимоор байна. УИХ аль нэгнийх нь талыг бариагүй, харин ч хоёр хөрш болоод гуравдагч талд адил тэгш хандахыг л гол болгосон. Иймээс хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид аливаа мэдээлэлд хариуцлагатай хандах хэрэгтэй байна.

-Нийслэлд төрөх эмнэлгүүд хүрэлцээ муутай, үйл ажиллагаа нь тааруухан байгаа талаар гомдол, шүүмжлэл их гарах болсныг юу гэж үзэж байна вэ?

Д.Оюунхорол:-Төрөх эмнэлгүүдийн үйл ажиллагаа хэвийн бус болсон, эх, үрсийн эндэгдэл нэмэгдэж байгаа мэдээлэл ирж байгаа. Хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч төрөх эмнэлэг шинээр барих зайлшгүй шаардлага гарч байгаа. Эмнэлгийн үйл ажиллагааны доголдол, эмч мэргэжилтнүүдийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан эх, үрсийн эндэгдэл гарч байгаа гомдол, мэдээллийн дагуу манай Байнгын хороо хаврын чуулганы зарвсарлагаар Эрүүл мэндийн яамтай хамтран төрөх эмнэлгүүдэд шалгалт хийх бодолтой байгаа.

-Сүүлийн үед бөөгийн шашин газар авч хүний аминд ч хүрсэн тохиолдол гарлаа. Иймээс шашин, сүм хийдийн холбогдолтой хуульд ойрын үед өөрчлөлт оруулах уу? Түүнчлэн элдэв шашны санхүүжилттэй сургуулиуд олширч байгааг хэрхэн үзэж байна вэ?

Д.Дэмбэрэл:-Шашны асуудлын тухайд одоогоор хуульд өөрчлөлт оруулж, эрх зүйн орчноо шинэчлэх бодолгүй байна. Шашны янз бүрийн урсгал, нөлөө газар авч байна, хуулийг өөрчлөх шаардлагатай байна гэсэн тийм судалгаа, баримт алга. Ер нь манай иргэд шүтэх бишрэх бүрэн эрх чөлөөтэй ч мухар сүсэгт хий автах нь утга учиргүй юм гэдгийг бас бодолцох хэрэгтэй юм.
Д.Оюунхорол:-Мухар сүсэгт хий автах нь ихээхэн хор хохирол, сөрөг үр дагавартай юм. Сүүлийн үед шашныг бизнес болгож байгаа явдал газар авах хандлагатай байна. Бараг айл болгон нэг бөөтэй, тэднийг өөгшүүлдэг бүхэл бүтэн сүлжээтэй болжээ. Иймээс энэ асуудалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхаарлаа хандуулах шаардлагатай байна.
Түүнчлэн сүүлийн үед шашны санхүүжилттэй сургууль олширч, гадны хэн дуртай хүн сургууль байгуулах зөвшөөрөл авч болдог болоод байгаа нь үнэн. Иймээс энэ чиглэлийн сургууль, хүүхэд асран хүмүүжүүлэх төвүүдийн үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран шалгалт хийхээр төлөвлөж байгаа.

-Хохирогчдод нөхөх олговор олгох хуультай холбогдуулан зарим иргэд өлсгөлөн зарлаад байгааг Та хэрхэн үзэж байна?

Д.Дэмбэрэл:-Өлсгөлөн зарлагчдын төлөөллөөс ирүүлсэн албан бичгийг судалж холбогдох газруудад нь хариу өгөх чиглэл өгсөн. Хууль гаргах, хуулийг хэрэгжүүлэхгүй байхыг өлсгөлөн, суулт, жагсаал цуглаанаар шийдэх гэж оролддог явдлыг зогсоох ёстой. Хуулиа дээдэлж хэрэгжүүлэхгүйгээр шударга ёс, ардчиллыг тогтооно гэж байхгүй. Иймээс хуулийн дагуу холбогдох байгууллагуудаар нь хариу өгүүлэх болно гэлээ.

Хэвлэлийн бага хурлын эцэст УИХ-ын дарга хууль сурталчлах ажилд хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг хамтран ажиллахыг уриаллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.