УИХ-ын батласан Тогтоолын дагуу Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээг үргэлжлүүлэхээ илэрхийлэв
УИХ-ын гишүүдэд хандан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний хөрөнгө оруулагч талыг төлөөлөн илгээсэн захидлын хариуд УИХ-ын Тамгын газраас төгч, тусгаар тогтносон Монгол Улсын дотоод асуудал болон шийдвэр гаргах эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хийхгүй байхыг сануулсан билээ.
Уг тоотын хариу болгон илгээсэн Рио Тинто болон Айвенхоу Майнз компанийн удирдлагуудын захидал өнөөдөр англи хэл дээрх үндсэн эх болон албан орчуулгын хамт ирсэнийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Орчуулга
УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Танаа
2009 оны 8 дугаар сарын 7-ны өдөр бичсэн Таны захидлыг бид Улаанбаатар дахь оффистоо 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээж авсан бөгөөд тэрхүү захидлын талаар Танд хандаж байна.
2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр илгээсэн бидний захидал нь Оюутолгой төсөл болон Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбоотой аливаа бодит мэдээллийг биднээс авах боломжийг УИХ-ын нийт гишүүдэд олгох гэсэн цорын ганц зорилготой байсан болно. Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх УИХ-ын хэлэлцүүлгийг бид анхааран ажиглаж байсан бөгөөд УИХ-ын зарим гишүүдэд дээрхтэй холбоотой чухал тоо баримт, мэдээлэл байхгүй байгаа нь бидэнд анзаарагдсан билээ.
Захидлын уг зорилготой холбоотойгоор үл ойлголцол гарсанд бид харамсаж байна. Тус захидлыг явуулсан нь Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр гаргах явцад нөлөөлөх гэсэн санаа агуулаагүй гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Мэдээллээр хангах гэсэн бидний саналыг эргэлт буцалтгүй ардчилалыг сонгосон Монгол Улсын сонголтыг зөв буруу эсэхэд эргэлзсэн мэтээр хэн нэгэн буруу тайлбарласанд бид маш их санаа зовниж байна. Танай улсын сонгосон зохистой замыг зөв буруу эсэхэд бид огтхон ч эргэлзээгүй болохыг Та бүхэнд болон Улсын Их Хурлын бүх гишүүдэд батлаж байна.
Оюутолгойн Хөрөнгө гэрээний эцсийн шийдийг ардчилсан ёсоор сонгогдсон Монголын төрийн түшээд болон Монгол Улсын Засгийн газар гаргах эрхтэй гэдгийг бид бэлхнээ ойлгон хүндэтгэж байна. Бид зөвхөн тэдгээр түшээдэд Төслийн эдийн засаг, үр өгөөжийн тухай бодит эх сурвалжаас мэдээлэл өгөх боломжтой болохоо бүгдэд нь нэгэн зэрэг нэг ижил захидлаар уламжлан илэрхийлэх гэсэн юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагч болохын хувьд Айвенхоу Майнз болон Рио Тинто компаниуд Монгол Улсын нийт ард түмний тусын тулд УИХ, Засгийн газрын гаргаж буй бүх хууль тогтоомж, шийдвэрийг хүндэтгэн сахидаг билээ.
Бид УИХ-ын баталсан Тогтоолын дагуу Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахын тулд Засгийн газрын Ажлын хэсэгтэй яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн ажиллахад бэлэн байна. Бүх оролцогч талуудад урт хугацаанд үр өгөөжөө хүртээх энэхүү том хэмжээний төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улстай олон жил хамтран ажиллах сайн нөхөр, түншүүд хэмээн хөрөнгө оруулагчдыг үнэлэн хүлээж авч байгаад талархаж байна.
Хүндэтгэсэн,
\гарын үсэг\
Сэм Риггал Жон Фониани
Худалдаа эрхэлсэн захирал Эрх зүйн асуудал эрхэлсэн захирал
Рио Тинто Айвенхоу Майнз