Д.Ганхуяг:Монгол Улс гэнэтийн биш байнгын ашгийн татвартай болох ёстой
УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа. Тэрбээр Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах төслийг санаачилж байсан аж. Түүгээр томоохон ордод байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр хийдгийг 15 болгох санал дэвшүүлсэн юм.
-Ерөнхий сайд С.Баяр ээлжит бус чуулган зарлаж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэлэлцээрийн явцын талаар УИХ-д мэдээлэл хийх бодолтой байгаа. Үүнийг Та юу гэж үзэж байгаа
-УИХ, УИХ-ын гишүүд хэзээ ч хэлэлцэхэд бэлэн байгаа. Учир нь энэ гэрээ манай улсын хөгжилд маш чухал ач холбогдолтой.Гагцхүү УИХ-аар хэлэлцэгдэх гэрээ, эдийн засгийн тооцооны гол үзүүлэлтүүд хэнд ч ойлгомжтойгоор сайн бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Гэрээний төслийг УИХ хэд хэдэн удаа хэлэлцлээ. Сүүлдээ УИХ, хөрөнгө оруулагч хоёр нь гэрээ байгуулагч талууд, Засгийн газар зуучлагч юм шиг ойлгогдохоор байдал үүсэхдээ хүрсэн шүү дээ.
Төслийг УИХ-аар хэлэлцсэний үр дүн одоо гарч эхэлж байна. Тухайлбал энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчийн уул уурхайн өндөр үнэтэй тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас бүрэн чөлөөлж, буцаан олгодог байсныг өөрчилж 50 орчим хувиар бууруулах хуулийг УИХ баталсан. Тэгснээр Монгол Улсад орох орлого доод тал нь 500 сая доллараар нэмэгдэх байх. УИХ-аас өгсөн чиглэлийн үр дүнд 68 хувийн татвараас бусад бүх татварыг хөрөнгө оруулагч төлөхөөр боллоо. Ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын зардал нэг тэрбум доллараар буурч байгаа сурагтай. Энэ хэмжээгээр манай талын ашиг нэмэгдэнэ. Ер нь хөрөнгө оруулалт болон, хайгуулын зардалд аудит хийлгэх хэрэгтэй санагдсан.
-Гэрээний төсөл маш сайн бэлтгэгдсэн нөхцөлд чуулганаар хэлэлцэх ёстой гэлээ. Үүнийгээ тодруулах уу?
-Ухаантай нь алдаанаасаа суралцаж тэнэг нь алдаагаа давтдаг гэсэн үг бий. Бороогоулд, Гашуун сухайт болон бусад ордод байгуулсан Тогтвортой байдлын гэрээний алдааг давтах учиргүй. Тэдгээр гэрээ бараг эдийн засгийн тооцоо байхгүй тийм хугацаанд ашиглана, ийм татвараас чөлөөлнө гэсэн нэг бичиг төдий л зүйл байлаа.
УИХ жил бүр төсвийн хүрээний мэдэгдэл гээд ДНБ, түүнд эзлэх төсвийн орлого, зарлага, инфляцийн түвшин зэрэг 10 гаруй үзүүлэлттэй хуулийг баталдаг. Яг үүнтэй адилхан Оюутолгой төслийн орлогын хураангуй тайлангийн төсөл хэрэгтэй. Энэ тайланд нийт ашигт малтмалын нөөц, агууламж, борлуулах дундаж үнэ, нийт борлуулалт, зардал, нэгж бүтээгдэхүүний өртөг,татвар төлөхийн өмнөх ашиг,татвараар орох орлого, үлдэх ашиг, энэ ашгаас хөрөнгө оруулагч болон Монголын төр ямар хэмжээний ногдол ашиг авахыг тодорхой үндэслэлээр тооцсон байх шаардлагатай. Хөрөнгө оруулагчийн авах ногдол ашиг, ямар хугацаанд зардлаа нөхөх, хэд нугалсан ашиг олохыг нь ч тодорхой болгох ёстой. Энэ хамгийн чухал үзүүлэлт энэ юм. Ийм тооцоо байхгүй төсөл оруулаад ирвэл дэмжихэд хэцүү.
-Нэг үе монголчуудыг тэжээж байсан 68 хуийн татвар үгүй болох нь...
-68 хувийн татвар Монголд үр дүнгээ өгсөн. Тухайн үед энэ татвар "гэнэтийн ашгийн" татвар байсан юм. Гэтэлд сүүлдээ гэнэтийн биш "байнгын ашгийн" татвар болох хандлагатай бослон. Монголчуудыг аз түшсэнээр хямралын үед зэсийн үнэ нэг их унасангүй.нэг их зэсийн үнэ унасангүй ээ. Хүн ам олон, зэсийн хэрэглээ ихтэй орнууд хурдацтай хөгжих нь тодорхой байна. Тэгээд ч манай улс бага татвартай орон. Өнөөдөр ч нэг тн зэс үйлдвэрлэхэд үсрээд 2000 долларын зардал гарч байна шүү дээ. Борлуулах үнийг барагцаагаар 5000 доллар гэж үзвэл 2.5, 6000 гэж тооцвол гурав дахин ашигтай байгаа биз дээ. Тийм учраас хөрөнгө оруулагч талдаа хүндэтгэлтэй хандах нь зүй ёсны хэрэг.
Заавал өөрчлөх ёстой юм бол 68 хувийн татварыг шаталсан нөөцийн татвар хэлбэрээр өөрчлөх боломж байгаа. Энэ талаар Засгийн газар хувилбар оруулж ирэх нь зүйтэй. Өнөөдөр баялаг багатай Солонгос, япончууд оюунаараа амьдарч чадаж байна. Тэдний нууц нь хүний хийгээд технологийн хөгжилд тулгуурласан боловсруулах үйлдвэрийн хөгжил юм шүү дээ. Ийм хөгжлийг хэн ч, яаж ч чадахгүй ээ. Хятад улс яг энэ замаар явж байна. Харин уул, уурхайд түшиглэсэн эдийн засагтай манай улсын хувьд 68 хувийн татвар маш их ач холбогдолтой юм.