Монголын талд ашигтай гэрээний зүйл, заалтуудыг бүгдийг хэвээр хадгалж үлдээж чаджээ
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэн 57 дугаар тогтоол гаргасны дагуу Засгийн Газрын ажлын хэсэг хөрөнгө оруулагч нартай хэлэлцээрийн ширээнд суусан билээ. Хэлэцээрийн нөхцөл байдал, одоо бий болоод байгаа үр дүнгийн талаар танилцуулж байна.
Их хурлын тогтоолоор:
- Оюутолгойн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоох
- Ордыг ашиглахтай холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн УИХ-ын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоолооор баталсан үндсэн зарчим, удирдамж, Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн санал, дүгнэлтийг харгалзан байгуулахыг Засгийн газарт зөвшөөрөх
- Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэхийг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг үүрэг болгосон юм.
Хэлэлцээрийн үед баримталсан зарчим:
Ажлын хэсэг хөрөнгө оруулалтын гэрээг бүхэлд нь хуульд нийцүүлэх, төслийн засгийн газрын оролцооны үнэ цэнийг бууруулахгүй байх, нэмэгдүүлэхийг зорьж байсан бол хөрөнгө оруулагч тал төслийн өмнөх загваруудад тохиролцсон үнэ цэнийн харьцааг бууруулахгүй байхыг зорьж байв.
Хэлэлцээрийн дүнд:
- Төрийн эзэмшлийн хувь 34 байх
- Хуулийн дагуу татварын болон бусад хөнгөлөлт, чөлөөлөлтийг хөрөнгө оруулагчид үзүүлэхгүй байх
- Хөрөнгө оруулагчийн харилцан хамааралтай этгээд болон туслан гүйцэтгэгчийг тогтворжуулсан татварын орчинд хамааруулахгүй байх
- Хувь нийлүүлэгчийн одоогийн зээлээс хайгуулын зарцуулсан зардлыг хасаж тооцох тохиролцоонд хүрч чадсан байна.
- Ажлын хэсэг хөрөнгө оруулагчтай тохиролцсоны үндсэн дээр хөрөнгө оруулалтын гэрээний бүх зүйл, заалтыг хуульд нийцүүлснээс гадна 2009 онд эхэлсэн хэлэлцээрийн үр дүнд бий болгосон монголын талд ашигтай гэрээний зүйл, заалтуудыг бүгдийг хэвээр хадгалж үлдээж чаджээ.
Татварын орчин:
Ажлын хэсэг болон хөрөнгө оруулагч тал аж ахуйн нэгжийн, гаалийн, нэмэгдсэн өртгийн, онцгой, ашигт малтмалын нөөц ашигласны, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, үл хөдлөх хөрөнгийн зэрэг татварыг тогтворжуулахаар тохиролцжээ.
Тухайлбал Нэмэгдсэн өртгийн албан татварыг тогтворжуулснаар 268 сая ам доллар, гаалийн албан татвараас 90 сая ам долларын нэмэлт орлого авах боломж бүрдэж байна. Татварын орлого нийтдээ 358 сая ам доллар болж нэмэгдэх бөгөөд энэ татварууд төсөл эхэлмэгц орж ирэх юм. Урьдчилгаа төлбөр 125 сая ам доллар байсныг 250 сая болгож 2 дахин нэмэгдүүлж чадсан байна.
Төслийн үнэ цэнэ, өгөөж:
2009 оны 8 дугаар сард өргөн мэдүүлсэн хувилбараар Оюу толгой төслийн өнөөгийн үнэ цэнэ 4,1 тэрбум ам доллар. Төслийн дотоод өгөөжийн түвшин нь 20,3 хувьтай байгаа нь өндөр үр ашигтай гэсэн үг юм.
Хэлэлцээрийн дүнд нэрлэсэн үнэ цэнэ 28,841,6 сая ам доллар байхаар тооцоолж байсныг нэмэгдүүлж 29,084,6 сая ам доллар болгож өсгөх боломжийг бүрдүүлжээ.
Төслийн санхүүжилт:
Төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ өмнө нь 5 тэрбум ам доллар байсныг техник, эдийн засгийн үндэслэлтэй холбогдуулан 4 тэрбум ам доллар байхаар тооцсон байна.
Мөн энгийн хувьцааны санхүүжилт нийт хөрөнгө оруулалтын зардлын 60 хувиас хэтрэхгүй байх тохиролцоонд хүрсэн. Ингэснээр Засгийн газарт ноогдох зээлийн дүн болох 1,7 тэрбум ам доллар 816 сая ам доллараас ихгүй болж хүлээх эрсдэлийг хоёр дахин бууруулжээ.
Өмнөх хэлэлцээрээр Монголын талын оролцоог хязгаарласан байсныг өөрчилж манай тал санхүүжилтээ өөрсдөө босгох бүрэн эрхтэй болж, чадахгүйд хүрвэл хөрөнгө оруулагчтай хамтрахаар тохиролцсон байна.
Холбогдох хуулийн өөрчлөлт:
Хэдийгээр ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай тохиролцоонд хүрч чадсан ч нэр бүхий 4 хуульд өөрчлөлт оруулах шаардлага тавигдаж байна.
Энэ дагуу Засгийн газрын хуралдаанаар Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийн төслүүдийг хэлэлцэн Улсын Их хуралд өргөн мэдүүлээд байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.