Ээлжит бус чуулган хуралдуулна
Оюу Толгой ордын хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Сангийн сайд С.Баярцогт, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, БОАЖ-ын сайд Л.Гансүх нар өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан бөгөөд уг хуулиудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлж байгаа юм.
УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг нь зөвхөн Оюу Толгой төслийн хувьд төдийгүй бусад бүх стратегийн орд газруудыг ашиглах, уул уурхайн салбарт оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, уул уурхайн салбарын дэд бүтэц, байгаль орчин, татварын орчныг боловсронгуй болгон сайжруулах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтойг удирдлага болгон ажилласнаа Сангийн сайд С.Баярцогт УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд уламжиллаа.
Мөн Засгийн газраас хөрөнгө оруулагч талтай дахин яриа хэлэлцээр хийснээр төрийн эзэмшлийн хувийг 34 хувь байхаар тогтож, татварын болон бусад хөнгөлөлт, чөлөөлөлтийг хөрөнгө оруулагчид үзүүлэхгүй байх болон төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээг 4 тэрбум ам. доллараас хэтрэхгүй байх зэрэг олон хувилбараар тохиролцож чадсанаа танилцуулсан юм.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэхдээ, уг асуудалтай холбогдуулан баталсан УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газар идэвх чармайлт гарган шуурхай ажиллаж, богино хугацаанд асуудлыг оруулж ирж байгааг сайшаагаад ирэх 7 хоногийн дундуур УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах бодолтой байна. Маргааш УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөр асуудлыг авч хэлэлцэнэ. Ер нь хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох шаардлага байгаа гэдгийг дурдлаа. Ээлжит бус чуулганаар санхүү эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг ч хэлэлцэх болно хэмээн УИХ-ын дарга энэ үеэр мэдэгдэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээллээ.