Ж.Сүхбаатар: Биднийг том сорилт хүлээж байна
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газрын хүсэлтийг үндэслэн УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх лхагва гарагт хуралдуулна. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боллоо. УИХ-аас баталсан тогтоолын дагуу хэлэлцээг амжилттай явуулжээ гэсэн ойлголт байна. Та гэрээтэй холбоотой хуулийн төслүүдтэй танилцсан уу?
-УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдтэй танилцаж байна. Засгийн газрын ажлын хэсгээс “Рио Тинто”, “Айвенхоу Майнз Монголиа Инк” компанитай хийсэн яриа хэлэлцээ нь эдийн засаг, геополитикийн утгаараа ямар үр ашиг, өгөөжтэй болсон талаар үнэлэлт дүгнэлт өгөх нь хараахан эрт байна. УИХ-ын байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг авч хэлэлцэнэ. Энэ явцад хэлэлцээний дүнд хийсэн эдийн засгийн тооцоог нягтлах учиртай. Олон нийтийн байгууллагаас ч холбогдох мэргэжлийн хүмүүс судалгаа тооцоо хийж санал бодлоо илэрхийлэх болов уу. Энэ бүхнээс их зүйл харагдана гэж ойлгож байна. Миний хувьд хуульч мэргэжилтэй тул эдийн засгийн үр өгөөж нь ямар вэ гэдгийг бүрэн дүүрэн хэлэх боломжгүй юм. Гэхдээ хэлэлцээний дүнг танилцуулж байгаа байр байдлыг харахад гэрээний нэлээд хэдэн нөхцлийг сайжруулсан гэж хэлэх үндэслэлтэй санагдсан.
-Татварын хөнгөлөлтүүдийг хөрөнгө оруулагчдад үзүүлэхгүй байхаар боллоо?
-Миний хувьд татварын хөнгөлөлт үзүүлэхгүйгээр гэрээ байгуулж бай-гаад тааламжтай хандаж байна. Учир нь хууль олон түмэнд нийтлэг үйлчилдэг, тогтвортой байж сая хүмүүсийн дагаж биелүүлдэг хэм хэмжээ болдог. Гэтэл сүүлийн жилүүдэд нийгмийн чухал асуудлуудаас үүдэн хуулиа их өөрчлөх болсон. Хуулиа их өөрчлөнө гэдэг нь хуулийг дагаж биелүүлэх соёл бүрдэхгүйгээс гадна бодлогын тодорхойгүй байдал үүсдэг. Энэ нь тодорхой хэсэг хүмүүст ашигтай болж, олон нийтэд ашиггүйгээр тусдаг нь батлагдсан зүйл.
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслөөс бусад татварын хуулийг дагаж мөрдөнө гэж хоёр тал тохиролцсон нь том дэвшил гэж бодож байна. Өөрөөр хэлбэл манай татварын орчин харьцангуй тогтвортой байх ёстой гэсэн дохиог өгч байгаа хэрэг юм.
-68 хувийн татварыг хүчингүй болгох асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-68 хувийн татварын тухайд үүргээ гүйцэтгэсэн үү гэвэл гүйцэтгэсэн. Одоо ч гүйцэтгэж байна. Үр дүнг нь харахад энэ хэрэггүй гэж хэлэхэд эртэднэ. Эдийн засагчдын нэг хэсэг нь энэ төрлийн татвар нь гэнэт ашиг бий болсон тодорхой хязгаараас давсан үед зах зээл дэх үнийн хэлбэлзэлээс болж орж байгаа учраас авах учиртай гэж хэлдэг. Харин нөгөө хэсэг нь хөрөнгө оруулагчдад саад болсон татвар гэж хэлдэг. Миний хувьд энэ бүхнээс үүдээд 68 хувийн татвар нь үнэхээр өндөр хэмжээ гэдэгтэй одоо санал нийлж байгаа. Гэнэтийн ашгийн татварыг алтанд хэдий ногдуулсан ч “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэр л татварын гол ачааг үүрч байна. Тиймээс 68 хувийн татвар дээр уян хатан хандах цаг ирсэн гэж ойлгодог. Ямар ч байсан гэсэн татварын хувь буурах учиртай, эсвэл энэ татвар хүчингүй болсон бол өөр татварын хувь хэмжээгээр ашгаа олж авах хэрэгтэй. Гэхдээ 68 хувийн татвар буурсан хэмжээний ашгийг өөр татвараас нөхөж олж авна гэдэг нь харьцангуй ойлголт юм. Нөөц ашигласны төлбөрт тогтоосон таван хувийг арван хувь болгох гэх зэрэг хувилбар бий. Харин гэнэтийн ашгийн татварыг тэглээд ямар нэгэн татвараар нөхөхгүйгээр орхих нь өрөөсгөл болж, улсын төсөвт сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.
-Оюутолгойн төсөлтэй холбоотойгоор Авто замын тухай хууль, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Та энэ хоёр хуулийн төсөлд ямар саналтай байна вэ?
-Авто замын тухай хуулийн хувьд хэлэх зүйл байхгүй байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийг тодорхойлсон бодлогын баримт бичгийг Засгийн газраас оруулж ирж байгаа. Миний хувьд төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих түр хорооны гишүүн. Тэр утгаараа ялангуяа дэд бүтцийн салбарт дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаас бусад эх үүсвэрээр хөрөнгө оруулж, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Харин авто замын сүлжээг хаагуур явуулах нь төмөр замын сүлжээтэй ижилхэн анхаарал татсан асуудал гэдгийг бодолцох нь зүйтэй. Усны тухай хуулийн хувьд ус бол төрийн өмч гэдэг үзлээ баримтлах хэрэгтэй. Бид гэрээгээ 30 жилээр байгуулж байна. Илэн далангүй хэлэхэд энэ нөхцөлд ус магадгүй 10, 15 жилийн дараа бидний гол зохицуулалт хийх хөшүүрэг, хашилтанд хэлбэл зэвсэг болж магадгүй. Ерөөсөө болно. Тиймээс усыг төрийн онцгой өмчлөлийн хүрээнд багтаах хэрэгтэй гэж үзэж байна. Хуулийг хэлэлцэхэд энэ хөшүүргээ авч үлдэх хэрэгтэй гэж боддог.
-Та зарим хэвлэлд Оюутолгойн төсөл хэрэгжихтэй холбоотойгоор төрийн өндөр албан тушаалтан, шийдвэр гаргагчдын ёсзүйн асуудал чухал гэсэн асуудлыг хөндсөн утгатай ярилцлага өгсөн байсан. Та түүнийгээ тодруулж ярихгүй юу?
- Орд газруудыг эргэлтэд оруулахтай холбоотой асуудлаар стратегийн том шийдлүүд гаргахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газар гэсэн /төрийн өндөр түвшний байгууллага оролцдог. УИХ, Засгийн газар нь хамтын удирдлагатай байгууллага. УИХ, Засгийн газрын гишүүн гээд нийт 90 орчим хүн үндсэндээ асуудлыг шийдэж байна. Энэ 90 хүн бизнес, аж ахуй, санхүүгийн шинжтэй том хэлэлцээ, тохиролцоонуудад оролцдог. Хүссэн ч хүсээгүй ч захиргаа аж ахуйн асуудал руу УИХ, Засгийн гарын гишүүд шийдвэр гарган оролцож байгаа учраас бизнес, хувийн ашиг сонирхол нь улсын буюу нийтийн ашиг сонирхолтойгоо зөрчилдөх эсэхийг анхаарах учиртай болж байна. УИХ, Засгийн газрын гишүүн нь үйл ажиллагаагаа явуулахдаа төрийн хуульд захирагдаж нийтийн ашиг сонирхолд нийцүүлж ажиллах үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл эрхэм төрийн түшээгийн оролцож байгаа гэрээ хэлцэлд бизнесийн ашиг сонирхлыг хөндөж байна уу гэдэг нь асуудал юм. Ерөөсөө миний хэлэх гэж байгаа санаа бол хувь хүнийг тойрсон ашиг сонирхол нь улстөрийн буюу улсын хөгжлийн ашиг сонирхолтойгоо зөрчилдөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг юм. Олон арван тэрбум ам.долларын төсөл ярьж байна. Бид өмнө ийм их мөнгөн дүнтэй төсөл хэрэгжүүлж байсангүй. Зөвхөн Оюутолгой төсөл хэрэгжихэд хэдэн арван тэрбум ам.доллар ярина. Энэ төслийг дагасан томоохон цар хүрээтэй төслүүд хэрэгжихээр ар араасаа хүлээж байна. УИХ, Засгийн газарт монголын хамгийн их хөрөнгөлөг, чинээлэг хүмүүс байгаа нь ил зүйл. Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харахад л нийтэд нээлттэй юм. Ялангуяа Засгийн газрын гишүүд гэрээ хэлэлцээ хийхэд шууд оролцдог. УИХ-ын гишүүдийн хувьд ёс зүйн дүрэмтэй. Ёс зүйн дүрмээр бол гишүүдийг аливаа хэлэлцээ, бизнесийн асуудалд оролцохыг хориглосон. Нэг үгээр хэлбэл, гишүүд ёсзүйн хязгаарлалтад орсон гэж ойлгож болно. Засгийн газрын гишүүдийн хувьд улстөрийн албан тушаалтных нь талаас ёсзүйн код үйлчлэхгүй байгаа. Зарим хүний зүгээс ёсзүйн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай ярьж байна.
-Тэгэхээр гэрээ хэлцэл хийхэд шууд оролцож байгаа Засгийн газрын гишүүдийн ашиг сонирхлын зөрчлийг хэрхэн зохицуулах асуудал чухал юм гэж ойлгож болох уу?
-Засгийн газрын өмнөөс төрийг төлөөлж гэрээ хэлцэл байгуулахад оролцож байгаа албан тушаалтан цаашид ч салбарынхаа хүрээнд төсөл хэрэгжүүлэхэд оролцоно. УИХ-ын гишүүд оролцоод явахгүй ойлгомжтой. Тиймээс Засгийн газрын гишүүд төсөл хэрэгжүүлэхэд оролцоод явахад өөрийнх нь хувь эзэмшил нөлөөнд нь байдаг аж ахуйн нэгжүүд Оюутолгой ч юм уу бусад томоохон төслүүдийн оролцогч, гардан гүйцэтгэгч хийгээд явбал шударга зүйл болох уу. Иймээс л сонирхлын зөрчил үүсэх вий гэдгээс урьдчилан сэргийлэх учиртай гэж яриад байна.
-Тэгвэл урьдчилан сэргийлэхийн тулд хэрхэх вэ?
- Арга зам нь маш тодорхой. Засгийн газарт тухайн төслийн асуудал орж гэрээ хэлэлцээ нь орвол хувь хүнийхээ ухамсрын хувьд хуралдаанаад суухгүй байх хэрэгтэй. Хэрвээ хуралдаандаа суугаад шийдвэр гаргаад явсан бол тухайн хүний хувь эзэмшдэг аж ахуйн нэгж нь тэрхүү хэрэгжиж байгаа төслийн оролцогч байхаас татгалзах учиртай юм. Хэрвээ тэгэхгүй бол тухайн төсөл шударга хэрэгжсэн гэж хэлэх үндэслэлгүй болно. Бид ашиг сонирхлын зөрчил гэсэн асуудлаас үүдэн хэвлэлээр бие биедээ баахан л нэр хоч зүүдэг. Харин одоо олон арван тэрбум ам.долларын төсөл хэрэгжиж байгаа энэ үед жинхэнэ ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Тиймээс өнөөгийн төрийн болон олон нийтийн хяналтын тогтолцоо зөв шударга ажиллаж чадах уу, хэвлэл мэдээллийн байгууллагуудын бие даасан байдал эрсдэлд орох вий, шүүх шударга ажиллаж чадах уу гэсэн олон асуудалд анхаарал тавих шаардлагатай байна. Тиймээс биднийг том сорилт хүлээж байна. Бидэнд хөгжих хүсэл их бий. Хөгжихийн тулд мөнгө хэрэгтэй. Харин тэр их мөнгийг зөв шударга зарцуулдаг, хяналт тавьдаг систем бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төрийн хариуцлага, хяналтын чадавхийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон түмний хяналтыг сайжруулах нь чухал асуудлын нэг гэж ойлгох хэрэгтэй. Шударга ёсны баталгаа болсон хэвлэлийн эрх чөлөө, шүүхийн бие даасан байдалд бид илүү анхаарах учиртай. Уул уурхай дагасан томоохон төсөл хэрэгжээд эхлэх үед хэвлэл мэдээллийн байгууллагуудад татварын болон санхүүгийн нэн тааламжтай боломж олгох хэрэгтэй. Учир нь ийм боломж олгоогүйгээс захиалгат сэтгүүл зүй бий болчихвол монголын ардчилал маш эрсдэлд орно. Нөгөө талаас шүүхийн шинэчлэлийг хийх замаар шүүгчдийн цалин, хангамжийг нэмэх зэргээр зохистой арга хэмжээг давхар авч явах хэрэгтэй.
-Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь таны бодлыг сонслоо. Хэрвээ энэ асуудлаа биеллээ олохгүй бол хэдхэн хүний халаас дүүрээд хоцрох нь маргаангүй биз дээ?
- “Тэр ДОХ-ыг чинь дээгүүрээ хуваагаад л авчихсан” гэдэг онигоо байдаг биз дээ. Үүн шиг томоохон төсөл хэрэгжсэн ч дээд тал нь тавин мянган монгол хүн л үр өгөөжийг нь хүртдэг болчихвол төслүүдийн үр ашиг суларна. Хэрвээ томоохон төслүүд зүй зохисоороо хэрэгжиж чадахгүй бол монголын ардчилал, улстөр, эдийн засгийн суларна. Магадгүй энэ байдлаас үүдэн бид хойд, урд хөрш гэж ярихаасаа илүүтэй тодорхой бизнесийн бүлэглэл, аж ахуйн нэгжүүдийн эрхшээлд орж, тэдний дураар тонгочдог газар болж хувирна. Энэ нөхцөл байдал дээр нь ч хоёр хөрш нь үргэлж тоглодог болох вий гэдгээс сэрэмжлэх учиртай.
-Оюутолгойн төсөл хэрэгжиж эхлэх нь. Таны хувьд төсөл хэрэгжүүлэхэд оролцогч болж байгаа “Рио Тинто” компанийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Оюутолгойн төслийн үр дүнгээс олон төслийн ирээдүй хамаарч байгаа учраас төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Цаг хугацааны хувьд ч боломжтой үе юм. “Рио Тинто” монголын талаас тавьсан саналыг хүлээж авсан нөхцөлд энэ компанитай хамтран ажиллах нь Монгол Улсын эдийн засгийн гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын талаасаа бүрэн нийцнэ гэж миний хувьд үзэж байна. “Рио Тинто” нь уул уурхайн салбартаа эхний тавд багтах үндэстэн дамжсан корпораци. Англи, Австрали улсын, үндэстэн дамжсан корпораци боловч үйл ажиллагаагаа Ази, Африк, Европ, Америк тивд ч явуулдаг. Ялангуяа энэ компанийн гол чадаж байгаа үйл ажиллагаа нь БНХАУ-тай хамтран ажилладаг явдал юм. Саяхан хятадын “Чайналка”-тай 100 тэрбум ам.долларын наана цаана болсон тухай зөрчлийн талаар ярьж, бичсэн. Гэтэл энэ нь бизнесийн салбарт, эдний хооронд бие биедээ шахалт үзүүлж байгаа асуудал болохоос биш дөвийлгөж яриад байх шаардлагагүй юм. “BHP” гээд Англи, Австралийн үндэстэн дамжсан корпораци байна. “BHP”, “Рио Тинто”,”Чайналка” гурав бие биетэйгээ өрсөлдөж, зөрчилддөг ч хамтарч ажилладаг компаниуд юм. “BHP”, “Рио Тинто” хоёулаа хятадын зах зээлд төмрийн үйлдвэр болон бусад асуудлаар олон жилийн хугацаанд хамтран ажиллахаар гэрээ хийсэн газрууд юм. “Рио Тинто”-нь өнөөдөр “BHP” компанитайгаа Австралид төмрийн хүдрийг хятадад гаргахаар хамтын компани байгуулсан байгаа. Тэгэхээр энэ хоёр компанийг маш ойрхон ажиллаж байгаа хэрэг юм. Өмнө “BHP” “Рио Тинто”-г худалдаж авах гээд мөнгөн дүнгээсээ тохироогүй. Дээр нь хятадууд дунд нь орж бүтэлгүйтүүлсэн. Дараа нь “Рио Тинто” санхүүгийн хүндрэлээсээ болоод хятадын талд хувьцааныхаа нэлээд хэсгийг өгөх болсон. Үүнд нь “BHP” ч эсрэг хариу үзүүлсэн. Харин эргүүлээд хятадууд “Рио Тинто”-гийн Шанхай дахь салбар дээр төмрийн хүдрээс болж хятад 100 тэрбум ам.долларын алдагдалд орсон гэсэн асуудлыг тавьчихсан байдаг. Үүнээс харахад бизнес худалдааны чиглэлээс үүдэн бие биетэйгээ зөрчилтэй мэт харагдавч, цаад том хамтын ажиллагаанууд нь явсаар л байгаа юм. Өнгөрсөн оны хувьд авч үзвэл БНХАУ-ын төмрийн хүдрийн нийт импортын 41 хувь нь Австралийн талд ногдож байна. “BHP”, “Рио Тинто” гээд зэс, алтны олборолтоороо дэлхийд толгой цохидог компаниудтай зарим хэвлэлд бичсэн шиг хятадууд муудлаа муудлаа гэсэн ч хоорондоо ойлголцдог л гурав юм.
-Чуулганы завсарлагаанаар хөрөнгө оруулагч талаас УИХ-ын гишүүдэд захидал илгээсэн. Хариу захидлыг ч УИХ-аас явуулсан. Таны байр суурь ямар байсан бэ?
-Манай зарим хүмүүс захидал илгээх нь сайн муу зүйл гээд яриад байна. Харин захидалд бичсэн зүйлийн утга агуулга нь юу вэ гэдэг нь чухал юм. Захидалд Монгол Улсыг салаа замын уулзвар дээр байна гэж бичсэнтэй би санал нийлэхгүй.Мөн УИХ-ын гишүүдтэй уулзаж зөв мэдээлэл өгье гэсэн байна. Засгийн газартаа л зөв мэдээлэл өгчихвөл бид Засгийн газраас мэдээлэл авч болно, эсвэл бүтцийн байгууллагаараа дамжуулаад мэдээллээ аваад болчихно шүү дээ. Танай нөхцөл байдал ийм байна гэж бидний сул талыг сануулсан яриа хөөрөө гаргаж байна. Харин бид хөрөнгө оруулагч тал нь ямар нөхцөл байдалд байгааг бас бодох учиртай. “Рио Тинто”-нь тодорхой хэмжээний зээл авсан, тэрхүү зээлээ төлөх хугацаа нь болсон байдаг. Энэ намар л гэхэд есөн тэрбум ам.долларын өрийг барагдуулсан байх жишээтэй. Харин “Айвенхоу Майнз Монголиа Инк” -нь “Рио Тинто”-гоос 300 сая гаруй ам.доллар авсан, одоо өгөх хугацаа нь дуусаж байх жишээтэй. Гэхдээ би ямар утгаараа “Рио Тинто”-г дэмжиж байна гэвэл энэ компанийн хувьцаа эзэмшигч нь хятадууд боловч үлдэж байгаа 90 гаруй хувийг нь Англи, Австралийн компаниуд эзэмшихээс гадна өөр олон хувьцаа эзэмшигч бий. Тэгэхээр үүнийг дагаад олон улс орны ашиг сонирхол ороод ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ төсөл олон оролцогч, тоглогчтой болж байна. Олон тоглогчтой болно гэдэг нь бидний ярьдаг олон тулгуурт гадаад бодлогын үзэл баримтлалд нийцэж байгаа хэрэг юм. Үндэстэн дамжсан корпораци гэдэг нь нэг зохион байгуулалттай харагдаж байгаа боловч олон улс орны ашиг сонирхол давхар суусан байдаг. “Рио Тинто” ямархуу нөхцөл байдалд байгааг би дээр хэлсэн. Энэ компани Засгийн газрын ажлын хэсэгтэй хэлэлцээ хийхдээ зарим талаар буулт хийж байгаа нь аргагүй нөхцөлд байсан гэж хэлж болно. Миний хувьд хөрөнгө оруулагчийн нөхцөл байдлыг бодолцож үзэх учиртай гэсэн бодолтой яваа учраас “Рио Тинто”-г төслийн оролцогч байгаасай хүсэж байна.