Эх орны хишиг сангийн, Эрдэнийн хувийн тухай хуулиудыг батлана
УИХ-ын ээлжит намрын чуулган ирэх 10 сарын 1-ны өдөр нээлтээ хийх билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Дарга захирамжаа гаргаж, Улсын Их Хурлын 2009 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дор дурдсанаар тогтоосон байна.
1. Эх орны хишиг сангийн тухай хуулийн төсөл;
2. Эрдэнийн хувийн /Баянмонгол корпораци/ тухай хуулийн төсөл;
3. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
4. Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга,Төв банк (Монгол банк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
5. “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
6. Концессийн тухай хуулийн төсөл;
7. “Эрдэс баялгийн салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
8. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн төсөл;
9. Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн төсөл;
10. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төсөл;
11. Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төсөл;
12. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
13. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2010 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
14. Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;
15. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн төсөл;
16.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
17. Өрсөлдөөний тухай хуулийн төсөл;
18. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
19. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
20. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай болон Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүд /шинэчилсэн найруулга/;
21. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл;
22. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төсөл;
23. “Төрийн өмчийг 2009-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
24. өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл.Улсын Их Хурлын 2009 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн энэ захирамжийн 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл 2009 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх дарааллыг тухайн үед нь шийдвэрлэж байхаар мөн тогтоолоо.
Улсын Их Хурлын тогтоол, нэгдсэн хуралдааны тэмдэглэлээр өгсөн чиглэлийн дагуу хууль санаачлагчаас боловсруулж өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг энэ захирамжийн 1-д заасан дарааллыг харгалзахгүйгээр хэлэлцэхээр тогтоосон байна.
Улсын Их Хурлын 2009 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангаж ажиллахыг Байнгын хороодын дарга нар болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нарт мөн даалгалаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.