УИХ-ын гишүүд намрын чуулганы нээлтэд бэлэн болж, 98 хувийн ирцтэй байна
УИХ-ын 2009 оны намрын чуулган эхлэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын Тамгын газраас сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал хийлгэв.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж, намрын чуулганыг аравдугаар сарын 1-ний 11.00 цагт эхлүүлэхээр тов тогтоосон тухай хэвлэлийнхэнд дуулгалаа. Тэрээр энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг гаргасан тухай дурдаж, Эх орны хишиг сангийн тухай хууль, Эрдэнийн хувь хуулийн төсөл хэлэлцэх асуудлын эхэнд бичигдсэн талаар өгүүлж байв.
Түүнчлэн УИХ-ын гишүүдийн ирц одоогоор 98.1 хувьтай байгааг мэдээлж, гишүүдээс гадаадад болон орон нутагт албан томилолттой ажиллаж байгаа талаар дурдсан. Улс орны эдийн засгийн нөхцөл, байдалтай уялдан, эдийн засгийн шинжтэй хэд, хэдэн хуулийн төслийг эхний ээлжинд хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай байгаа тул УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо бусдаасаа түрүүнд хуралдах магадлалтайг сэтгүүлчийн асуултад хариулахдаа Ц.Шаравдорж дарга хэлж байсан.
Мөн Засгийн газраас УИХ-ын даргад өчигдөр өргөн барьсан нэр бүхий таван хуулийн төслийг дараалал харгалзахгүйгээр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ гэдгийг онцолсон юм.