УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ
Өчигдөр УИХ цаг сунган, нилээд шахуухан хуралдаж, ээлжит бус чуулган хаалтаа хийлээ.
Оройн 18 цаг 40 минутад УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны ирц бүрэлдэж, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батбаяр зэс хайлуулах үйлдвэр барина гэж нэг талдаа яриад байгаа хэрнээ нөгөө талд нь зөрчилтэй асуудлууд бас байгаа юм. Зэс хайлуулах үйлдвэр Монголд барьсан тохиолдолд баяжмалаа нийлүүлэх үүргийг Айвенхоу Майнз хүлээнэ. Хэрэв тэгээгүй тохиолдолд хариуцлага хүлээх хэрэгтэй гэж хэлж байв. Мөн тэрээр цааш нь, зам барих маршрутыг Засгийн газраас чиглүүлэх санал төсөлд оруулвал ямар вэ гэсэн юм.
Засгийн газрын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт замыг зөвхөн энэ чиглэлд барь хэмээн зохицуулалт хийх нь зохисгүй. Бид УИХ-ын 57-р тогтоолын дагуу Монгол Улсын эрх ашигт нийцсэн гэрээ байгуулахаар аль болох хичээн ажиллаж байгаа гэдгийг ойлгоно биз дээ гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Их хурал өөрөө уул уурхайн бодлого дээрээ нэг чиглэлд хүрэх хэрэгтэй байхаа.Татварын талаар арай өөр бодол саналтай байгаа гишүүдтэйгээ Засгийн газрын Ажлын хэсэг уулзаж, тэр яригдаад байгаа тоон дээрээ суух нь зөв. УИХ-ын гишүүдтэй энэ талаар сайтар ярилцах нь чухал гэж бодож байна. Асуудлыг шийдчихсэн хэмээн Засгийн газар яваад байдаг, тэгтэл нэг хэсэг Их хурлын гишүүд олигтой шийдээгүй гээд ойлгоод явах вий гэсэндээ үүнийг хэлж байна гэсэн юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Зоригт, өссөн роялтын татвар, шаталсан нөөцийн татварыг судалж үзэх асуудлаа Засгийн газар хийсэн байх гэж бодож байна. Уул уурхайн компаниуд гадаад, дотоодынх гэж ялгалгүй татвараа тооцож өгөх, үүнийг анхааралдаа аваасай гэж бодож байна гэлээ.
Сангийн сайд С.Баярцогт, Засгийн газрын Ажлын хэсэг гишүүдийн саналыг сайтар судалж үзнэ хэмээн хэлээд, Ч.Улаан гишүүний хэлснээр танилцуулгад байгаа 2 дахь баганын өгүүлбэрүүд буюу 2-р абзацийг хасах саналтай байна гэлээ.
Төсвийн байнгын хорооны хурлыг даргалагч Д.Хаянхярваа гишүүн үүнийг зөвшөөрч, үлдсэнийг нь танилцуулгад бичсэнээр нь хэвээр байлгая гэв.
Ингээд “68 хувийн татварыг цуцлах” тухай асуудлыг эцсийн хэлэлцүүлгээр УИХ-д оруулж, санал хураалгая гэсэн саналыг 12 гишүүнээс 11 нь зөвшөөрлөө. Харин эсрэг саналтай байсан Н.Батбаяр гишүүн протоколд тэмдэглүүлсэн юм.
Монгол банкны ерөнхийлөгчийн болон Сангийн сайдын мэдээллийг сонсож, хэлэлцсэний дараа УИХ-ын нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж буйг Их хурлын дарга мэдэгдээд, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг, Усны тухай хуулинд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийе гэлээ.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн талаар Төсвийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа уншсан бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн саналаа хэлсэн юм.
Тэрээр, УИХ-ын 57-р тогтоол тодорхой хэмжээний ач холбогдлоо өгсөн гэдгийг дурдаад, үнийн өсөлтөөс бий болсон гэнэтийн ашгийн орлогоо бид авч үлдэх ёстой. Ард түмэн үүнийг хүртэх ёстой гэж бодож байна гэв. Мөн тэрээр, 57-р тогтоолоор өгөгдсөн “50-иас доошгүй байх” гэсэн зүйл, заалт хүчинтэй байх ёстой шүү гэж хэлж байв.
Ингээд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлая гэсэн санал хураалтыг явуулахад, эрхэм гишүүдийн 84 хувийн саналаар энэ хууль батлагдлаа. Санал хураалтад 50 гишүүн оролцож, 42 гишүүн зөвшөөрсөн санал өгсөн юм.
Дараа нь Усны тухай хуулинд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн санал, дүгнэлт болон эцсийн хувилбарыг БОХХАА-н байнгын хорооны гишүүн Ц.Шинэбаяр танилцуулсан юм.
Асуулт байгаагүй учир санал хураалт явуулж, 90.9 хувийн саналаар энэхүү хууль батлагдлаа. Харин уг хуулийн эцсийн найруулгад саналтай ганц гишүүн байсан нь Н.Батбаяр байв. Тэрээр, хуулийн найруулга дахь “…тухай бүрт”…гэдгийг авъя гэсэн саналтай байлаа. Энэ нь логик зөрчлийг агуулаад байна гэдгээ ч тайлбарласан.
УИХ-ын Тамгын газрын зүгээс зохих тайлбарыг үүнд хийсний дараа үдээс өмнөх хуралдаанаар батлагдсан 2 хуулийн эцсийн найруулгад саналтай гишүүн алга байсан тул УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ удаагийн ээлжит бус чуулганыг үүргээ биелүүлсэн хэмээн мэдэгдэн, алхаа цохьлоо.