Олон улсын Парламентчид Монголд ирнэ
2009.10.24

Олон улсын Парламентчид Монголд ирнэ

Олон улсын Парламентчдын Дэлхийн банкны сүлжээний шугамаар манай улсад зарим орны Парламентын гишүүд ирэх долоо хоногийн даваа гаригт айлчлах гэж байна.


Бангладеш, Финлянд, Франц, Филиппин, Энэтхэг, Индонез, Өмнөд Африк, Уганда зэрэг орны Парламентын төлөөлөгчид багтсан өргөн бүрэлдэхүүн бүхий айлчлалыг энэ оны аравдугаар сарын 26-30-ны хооронд Монголын Парламентад хийхээр Дэлхийн банкны Парламентчдын сүлжээ шийдсэн аж. Бүрэлдэхүүнд нь тус сүлжээний Хэрэг эрхлэх газрын дарга, ажилтнууд зэрэг 20 шахам зочид багтсанаас гадна Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ажилтнууд ч хамрагдах юм байна.

Төлөөлөгчид Монголд байх хугацаандаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд бараалхан, манай УИХ-ын гишүүдтэй ажлын уулзалт хийж, УИХ-ын бодлогын судалгаа, олон нийттэй харилцах төвийн ажилтай танилцан харилцан мэдээлэл солилцоно. Түүнчлэн айлчлалынхаа талаар хэвлэлийн бага хурал хийлгэн, сэтгүүлчидтэй ч нүүр тулах юм.

Олон улсын Парламентчид олборлох үйлдвэрлэлд түшиглэсэн эдийн засгийн удирдлага, Парламентын үйл ажиллагаа, Дэлхийн банк болон Парламентын хамтын ажиллагаа зэрэг сэдвээр манай Парламентын гишүүдтэй санал, туршлагаа солилцох аж хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.