УИХ-ын дарга эх орондоо ирлээ
2009.10.23

УИХ-ын дарга эх орондоо ирлээ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид энэ сарын 19-21-ний өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотод болсон Олон улсын парламентын холбооны 121 дүгээр чуулганд оролцоод өнөө өглөө эх орондоо хүрэлцэн ирлээ.

Дэлхийн 124 орны парламентын төлөөлөгчид оролцсон ОУПХ-ны энэ удаагийн чуулганаар ОУПХ-ны Гүйцэтгэх хорооны өмнөх хурлаас хойшхи хугацаанд хийсэн ажлын тайлан, холбооны 2010 оны төсвийн төсөл, ээлжит 122 дугаар чуулганыг зохион байгуулах газар болон чуулганы хугацаа, тус чуулганаар хэлэлцэх асуудлын талаар улс орнуудаас дэвшүүлж буй санал, Дэлхийн парламентын дарга нарын гуравдугаар их хуралд бэлтгэх хорооны тайлан зэрэг асуудал хэлэлцжээ. Түүнчлэн “ДОХ:Дэлхий нийтээрээ урьдчилан сэргийлэх, эмчлүүлэх бололцоо”, “Дэлхий дайны хөлд: Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн сорилтууд” сэдвээр салбар хуралдаан хийж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан Хүний эрхийн талаархи ээлжит тайланг хэлэлцсэн байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид чуулганы үеэр ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Норберт Ламмерт болон БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

Мөн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж ОУПХ-ны ээлжит Ассамблейн үеэр болдог парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын холбооны хуралдаанд оролцоод ирлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.