Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд сонгогчидтойгоо онлайнаар уулзлаа
2009.11.16

Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд сонгогчидтойгоо онлайнаар уулзлаа

“Дорнод аймгийн өмнө тулгамдсан асуудлууд, хөгжлийн хэтийн төлөв” сэдвээр өнөөдөр Төрийн ордны Д танхимд 15,00 цагт УИХ-ын Тамгын газраас зохион байгуулсан онлайн ярилцлагад Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Д.Одбаяр, Ц.Шинэбаяр нар оролцож, тус аймгийн өмнө тулгамдаж буй асуудал, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар аймгийн удирдлагууд, иргэний нийгмийн төлөөлөлтэй санал солилцлоо.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж онлайн ярилцлагыг нээж, хөтлөн явуулав. Дорнод аймгийн талаас аймгийн засаг дарга Н.Жанлав орон нутгийнхаа өвөлжилтийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар товч мэдээлэл өгч, аймгийн бусад удирдлагууд холбогдох сэдвүүдээр танилцуулга хийлээ.

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл газрын тос, ураны олборлолт, түүнээс тус аймагт өгөх өгөөж, авто замын хөрөнгө оруулалт, тус аймаг дахь төмөр замын ирээдүйн төлөв, Халх голын бүс нутгийн ХАА-н хөгжлийн асуудал зэрэг гол мэдээллүүдийг тоймлон ярьсан бол гишүүн Д.Одбаяр H1N1 вирусээр үүсгэгдсэн ханиадны тархалтын хэмжээ, авч болох арга хэмжээний тухайд онцгой анхаарал хандуулсны зэрэгцээ аливаа ажлыг хийхэд санхүүгийн эх үүсвэр, эрх зүйн орчин, хүн хүчний нөөц гэсэн гурван чухал эх үүсвэр шаардагддаг учир аймгийн хөгжлийн ирээдүйн хэтийн төлвийг төлөвлөхдөө оновчтой сонголт хийх нь чухал болохыг анхааруулаад Дорнод аймгийн хөгжил Монгол Улсын хөгжилд онцгой нөлөөлнө гэв. Тэрбээр УИХ дахь намын бүлгүүд 2010 оны улсын төсвийн төслийг тус бүртээ хэлэлцэн чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэж байгааг мэдээлж, төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг оновчтой болгоход чиглэгдсэн эрх зүйн орчинг боловсронгуй болгох хуулийн төсөл бэлтгэгдэж байгааг хэлж байв.

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын хувьд эрчим хүчний үнэ, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн зарцуулалт ба үр дүн, төсвийн хөрөнгө оруулалтын талаар түлхүү ярьж, холбогдох асуултуудыг аймгийн удирдлагад тавьж хариулт авлаа.

Онлайн ярилцлага нь хөрөнгө хүч хэмнэж, орон зайг товчилсон оновчтой ажил болж байгаа төдийгүй орон нутгийн удирдлагууд, сонгогчидтойгоо нүүр нүүрээ харж суугаад хөгжлийн хэтийн төлвөө ярилцах боломж олгосонд Тамгын газрын хамт олонд талархаж байгаагаа Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд илэрхийлж байв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.