Нефть олборлодог компаниуд сум орон нутагт татвар төлдөг байх хэрэгтэй
2009.01.30

Нефть олборлодог компаниуд сум орон нутагт татвар төлдөг байх хэрэгтэй

УИХ-ын Байнгын хороод ээлж дараалан хэвлэлийнхэнд ажлаа тайлагнаж байгаа билээ. Өчигдөр Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, гишүүн Н.Ганбямба нар хэвлэлийнхэнд ажлаа тайлагнаснаар байнгын хороодын энэ ажлын сүүлийг мушгилаа.

Намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо 15 удаа хуралджээ. Энэ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" УИХ-ын тогтоолын төслийг бэлтгэх, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийг ажлын хэсэг шалгажээ.

Эдийн засгийн байнгын хороотой хамтран Тамсаг, Дорноговийн сав газарт газрын тосны хайгуулын ажил гүйцэтгэж буй "Петро Чайна Дачин Тамсаг Монгол", "Доншен газрын тос Монгол" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан ажлыг Байнгын хорооны дарга З.Энхболд  энэ хугацаанд хийсэн онцлох ажил хэмээн үзэж байгаа юм байна.
Дээрх компаниуд үйл ажиллагаатай танилцаад явж байхад орон нутгийн удирдлага, иргэд нь энэ баялгаас тусах юм их бага байгааг онцолж байжээ. Тиймээс Ашигт малтмалын орлогоос орон нутгийн төсөвт тодорхой хөрөнгө  төвлөрүүлдэгтэй адил нефть олборлосон орлогоос сумын төсөвт 10, аймгийн төсөвт 20 хувийн татвар төлүүлдэг болмоор байна гэж Дорнод, Дорноговь аймгаас сонгогдсон гишүүд үзэж байгаа ажээ.

2005 онд БНХАУ-аас Эгийн голын усан цахилгаан станц барихад зориулж олгосон 300 сая долларын зээлийг Баруун бүсийн авто замыг сайжруулах, нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх, Замын-Үүдийн ачаа шилжүүлэн буулгах байгууламжийн нөхцөлийг сайжруулах зэрэг таван чиглэлээр энэ зээлийг ашиглахаар болжээ. Учир нь Эгийн голын усны түвшин эрс буурсан учир тэнд усан цахилгаан станц барих ажилд дээрх хөрөнгийг зарцуулахаа больжээ. Харин БНХАУ-аас зээл авахдаа зээлийн төслийг хятадууд хэрэгжүүлнэ гэсэн нөхцөлтэй байсныг болиулсан. Нэгэнт зээл авах бол түүнийг монголчууд ашиглаж, хариуцлагаа хүлээх ёстой гэж үзжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.