2009.04.08

С.Баярцогт: Шатахууны үнэ буурах бололцоотой

УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогтоос Засгийн газрын хуралдаанд оруулсан асуудлынх нь талаар тодрууллаа.

-Өнгөрөгч cap шатахууны үнэ нэмэгдсэн. Энэ үнэ буурах бололцоотой юу. Энэ талаар судалгаа хийв үү?

-Шатахууны үнийн хувьд өнгөрөгч сарын 26-нд бүх төрөл дээрээ 160 төгрөг нэмэгдсэн. Үүнийг нефть импортлогч компаниуд валютын ханшны өсөлт, баррель нефтийн үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Бид энэ талаар нарийн судалгаа хийсэн. 50 төгрөг нь ам.долларын өсөлтөөс, 100 төгрөг нь баррель нефтийн үнийн өсөлтөөс нэмэгдсэн байна. Харин 10 төгрөг нь бусад зүйлээс шалтгаалсан гэсэн судалгаа гарсан.

Энэ сарын хувьд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарсан. Литр АИ-92, А-80 шатахуун найман ам.доллараар нэмэгдсэн байна. Харин дизелийн түлш тонн тутамдаа 110 ам.доллараар буурсан. Мөн валютын ханш урьдны өндөр өсөлттэй байсан үеэ бодвол эрс буурчээ. Тийм учраас шатахууны үнийг бууруулах бололцоо байна гэсэн судалгааг гаргасан.

-Энэ сарын 1-нээс ОХУ манай улсад нийлүүлэх экспортын татвараа бууруулж байгаа боловч шатахууны үнэ нэмэгдсэн. Үнэ нэмэгдсэнийг дотоод нөхцөл байдлаас шалтгаалсан гэж ойлгож болох уу?

-Үүнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хуулийн зохицуулалтыг энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанаар оруулах үүргийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад даалгасан. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хаврын чуулганаар батлах боломжтой. Ингэж чадах юм бол бид нефть импортолж байгаа компаниудтай Газрын тосны хэрэг эрхлэх газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, татварын газартай хамтран cap тутам зохицуулалт хийх арга хэмжээ авах бүрэн боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дотоодод байгаа жижиглэнгийн үнэ, валютын ханш, баррель нефтийн үнийн өсөлтөөс үл хамаарч тогтвортой байлгах юм.
Засгийн газрын энэ сарын 22-ны хуралдаанаар шатахууны үнийг цаашид яаж тогтвортой барих талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд тодорхой мэдээлэл хийнэ.

-Валютын ханш тодорхой хэмжээгээр буурлаа. Энэ тохиолдолд шатахууны үнийг буулгах талаар Засгийн газар шаардлага тавьж болох уу?

-Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад нефть импортолж байгаа компаниудтай энэ талаар ярилцах үүргийг өгсөн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.