Цөмийн хаягдлыг эх нутагтаа булшилж л таарах вий
Монгол нутагт цөмийн хаягдал булшилж магадгүй гэсэн хардлага одоо ч цээжинд минь хургаастай. Энэ сэдэв Монгол хүн бүрт айдас дагуулж ирээдүйг нь сааралтуулж байгаа.
Эх сайхан нутагт минь цөмийн хаягдал булшилж үүнийхээ хариуд гайхаж балмагдмаар их мөнгө халааслах хийрхэл туссан гадаад, дотоодын хоёр хөлтэй босоо ороолонгуудын бузар санаа амьдралд биелэх магадлал тун ойрхон байгаа нь нууц биш ээ.
Хэсэг зуур намжаад байсан энэ талаарх айдас дахин сэдэрсэн нь Цөмийн энергийн газрын зөөлөн сэнтийд заларсан нэгэн этгээдээс болж буй хэрэг.
Саяхан даа. “Монголд цөмийн хог хаягдал булшилна, булшлуулахгүй” гэж хэсэгтээ л шуугиж, маргалдаж, жагсацгаасан. Тухайн үед нь “Төсөл бүрт хамаагүй шунаж болохгүй юм байна” гэх хөгийн тайлбарыг эрх баригчид хийснээр ард олны эсэргүүцэл тэмцэл намдсан ч Цөмийн энергийн газрыг татан буулгах тухай асуудал хүчтэй яригдсаар л байсан.
Монголд цөмийн хаягдал булшлах аймшигт төслийнх нь талаар цухасхан ч гэлээ дурдахгүй бол болохгүй нь. Дэлхийн атомын эрчим хүчний үйлдвэрлэлд нөлөө бүхий Япон, Америк улс Монголын Засгийн газартай “Олон улсын Цөмийн цогц хангамж” гэх төсөл хэрэгжүүлэхээр яригдаж байсан. Энэ цогц хангамж гэдгийн цаад утга нь Монгол нутагт минь бусад орнуудын цөмийн хаягдлыг булшлах тухай хэлэлцээр байсан төдийгүй манай улстөрчид энэ талаар өөрсдийн саналыг ч дэвшүүлсэн гэдэг. Мөнгө цагаан, нүд улаан, сэтгэл нь хар зарим улстөрчдийн цээжинд өдгөө ч энэ бодол нь дүүжлээстэй л байгаа.
Олны хардлага газар аваад ирэхээр тэд “гүрийж” хэлцэл, хэлэлцээр хийгээгүй хэмээн тас мэлзэж байгаа ч анх энэ асуудлыг дэлгэн тавьсан олон улсын сэтгүүлчид, судлаачдын багтай зарга үүсгэж зүрхлээгүй. Энэ нь тэдний “но”-той гэдгийг батлах хамгийн энгийн баримт.
Цөмийн хог хаягдлын асуудал зөвхөн монголчууд бидний бус олон жилийн өмнөөс дэлхий нийтийн анхаарлыг татаж, сэтгэлийг зовоож байгаа хамгийн эмзэг асуудал гэдгийг их мөнгөний үнэрт мансуурч, эх орноо худалдчих шахсан цагаан захтнууд одоо ч ойлгоогүй л яваа. Энэ нь бодит аюул арилаагүй байгаа шүү гэдгийг бид бүхэнд өдөр болгон сануулж буй хэрэг.
Эх нутагтаа цөмийн хаягдал булшлахыг санаархагчид атомын цахилгаан станцтай болчихоод “цахилгааны хязгаарлалт” гэх зовлонгоос ангижирч цаг үргэлжид гэрэлтэй сууна гэсэн өөдрөг бодлоор бүхнийг тооцоолоогүй нь тодорхой.
Өнөөдөр дэлхийн 30 орчим улс оронд 440 реакторт цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэгээс АНУ, Франц, Япон, Герман, Өмнөд Солонгос зэрэг орнууд хүчин чадлаараа тэргүүлдэг. Дээрх орнуудын цөмийн эрчим хүчний эзлэх жин харилцан адилгүй. Тухайлбал хамгийн олон буюу 104 цөмийн реактортой АНУ эрчим хүчнийхээ 20 хувийг үйлдвэрлэдэг байхад, АНУ-аас хоёр дахин цөөн реактортой ч үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт ордог Францын эрчим хүчний 75 хувийг цөмийн эрчим хүч эзэлдэг байх жишээтэй.
Эдгээр орнуудын “шүдний өвчин” болсон асуудал нь АЦС-аас гарсан түлшээ булшилж чадахгүй, цөмийн хаягдлын хүндрэл бэрхшээлтэй алхам тутамдаа тулгарсаар буй явдал юм.
Хэдийгээр “Монголд цөмийн хаягдал булшлагдахгүй, энэ талаарх хууль эрхийн актад захирагдах ёстой” гэж хэчнээн хашхирлаа ч цаашид эсрэгээр нь шийдчихгүй байгаа гэж хардаж байна. Үүний нэг нь ураны ашиглалт.
Өдгөө манай улс ураны нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт орж байгааг эх сурвалжууд баталдаг. Хэрэв бид ураны баялгаа экспортолж эхэлвэл “Олон Улсын гэрээ, дүрэм” ёсоор ашигласан ураныхаа хаягдлын төлөө хариуцлага хүлээх нь дамжиггүй. Магадгүй манайхаас уран авахыг санаархагчид ийм байдал үүсгэснийхээ дараа “булшлуулах асуудлыг шийднэ” гэж тооцоолсныг ч үгүйсгэх аргагүй. Хэрэв ийм байдалд орвол бид хүссэн, эс хүссэн ч бусад орнуудын цөмийн хаягдлыг Монголд булшлах “гарцаагүй үүрэг” хүлээх нь ойлгомжтой.
Нөгөө нь атомын цахилгаан станц. Хэдийгээр дэлхийн олон орон АЦС хэрэглэхээс татгалзаж байгаа ч Монголд барихыг дэмжиж туслах хүсэлтэй улс цөөнгүй бий. Тэр ч бүү хэл зураг төсөл нь ч аль хэдийнэ бэлэн болсон сураг сонсогддог.
Хэрэв АЦС байгуулан ашиглаж эхэлбэл, ашиглалтаас гарах цөмийн хаягдлаа мөн л өөрийн газар нутагтаа булах хэрэгтэй болно.
Өөрөөр хэлбэл, цөмийн хаягдлыг Монголын нутагт булах асуудал нь, ураны ашиглалт, АЦС байгуулах асуудалтай заавал холбогдоно гэсэн үг.
Тэгэхээр энэ асуудал өнөө, маргааш биш юм гэхэд ирээдүйд биеллээ олох вий хэмээн хардаж байна.
Надад хардах эрх бий.