Байгаль орчны Иргэний нийгмийн байгууллагууд Эрдэмтдийн үгийг сонслоо
Байгаль орчны Иргэний нийгмийн байгууллагууд Эрдэмтдийн үгийг сонсож байна.
Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нь ихэвчлэн байгаль орчны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгах шаардлага тавих, сургалт зохион байгуулах чиглэлээр ажилладаг.
Монгол улсын хуулиар олгогдсон дээрх үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэхдээ хэт өөрсдийн үзэл баримтлал, арга барил, нэр хүндээ эрхэм болгон зарим тохиолдолд сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж байгаа нь тэдний үйл ажиллагаа, тэмцлийг хүчгүй, сул дорой мэт харагдуулдаг.
Гринпис Монгол ТББ нь байгаль орчны төлөө үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн, тодорхой суурь судалгаанд үндэслэн явуулахыг эрхэмлэдэг бөгөөд байгаль орчны чиглэлийн бусад иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран тулгамдаж буй Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, уран олборлолт гэх мэт үйл ажиллагаатай холбоотой судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг эрдэмтэдтэй санал бодлоо солилцлоо.
Эрдэмтэдтэй санал солилцох энэхүү уулзалтад МБОИЗ, Гал үндэстэн холбоо ТББ, Голомт ЦЭХ ТББ, Монголын Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн ТББ, МҮЭМ ТББ, Ногон хас ТББ, Нөхөн сэргээлтийн менежмент ТББ, ТМТНэгдэгсэд хөдөлгөөн ТББ, Цөмийн цацраггүй ирээдүй ТББ зэрэг байгууллагуудаас 30 гаруй төлөөлөл оролцлоо.
Бид цаашид байгаль орчинд тулгамдаж байгаа аливаа асуудлаар эрдэмтэдтэй зөвлөлдөх уулзалт цуглааныг тогтмол зохион байгуулах тул хамтран зөвлөлдөх эрдэмтэд, иргэний нийгмийн төлөөллийн хувьд манай үүд хаалга нээлттэй гэдгийг уламжилъя.