Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь иргэдээ аврахаас татгалзав
Иргэний хөдөлгөөний нэгдлийн төлөөлөл Сүхбаатар аймагт ажиллаад сэтгэл гонсгор иржээ. Ураны хайгуул хийснээс болж Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд цацрагт хордож, мал амьтан нь үхэж үрэгдэж буйг олонтаа мэдээлж, эсэргүүцэж байсан тэд энэ удаа Сүхбаатар аймагт очсон аж.
Тус аймгийн ихэнх суманд Францын төрийн өмчит "Арева" комапнийн охин компани болох “Кожеговь" ураны хайгуулын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Харамсалтай нь хайгуул хийхдээ хууль зөрчиж, байгаль орчинг сүйтгэж эхэлсэн гэнэ.
Харийн компанийн энэ үйлдлийг нутгийн удирдлагууд таслан зогсоох бус харин ч өөгшүүлэн дэмжиж байгаа нь авлигатай холбоотой гэж үзэхэд хүргэжээ. Тиймээс Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг АТГ-т шалгуулна гэдгээ мэдэгдсэн юм.
Иргэний хөдөлгөөний нэгдлээс "Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл" ТББ, “Босоо Хөх Монгол" ТББ, "Гал үндэстэн" холбооны төлөөлөл тус аймагт ажилласан аж. Энэ талаар "Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл" ТББ-ын тэргүүн Х.Бээжинтэй ярилцлаа.
-Та бүхнийг Сүхбаатар аймгийн Засаг дарга нэлээд гомдоосон бололтой. Яг ямар зорилготой тус аймагт ажиллаад ирэв?
-Бид наймдугаар сарын 25-нд Сүхбаатар аймгийн иргэдтэй "Байгаль орчны аюулгүй үйл ажиллагаа" сэдэвт уулзалт зохион байгуулах зорилготой очсон л доо. Гол нь тус аймагт ураны хайгуулын ажил эхлээд байгаа нь ямар хор уршигтай болох талаар мэдээлэх, шаардлагатай арга хэмжээг яаралтай авахуулахыг хүссэн юм.
Уулзалт зохион байгуулахдаа аймгийн Засаг дарга Ж.Батсуурьт хандан хамтран оролцооч, иргэддээ мэдээлэл өгөөч гэсэн хүсэлт тавих гэсэн боловч биднийг хүлээж аваагүй. Талбай дээр нь цугласан иргэдэд танилцуулга тарааж, уулзаж ярилцангаа ажил тартал хүлээсэн. Ажлын цаг дуусах үед орсон чинь арын хаалгаараа гараад явчихсан байгаа юм.
-Гэхдээ уулзалтаа зохион байгуулсан биз дээ?
-Олон хүн цуглаагүй. Аймгийн дарга удирдлагаасаа. иргэд айж байгаа нь анзаарагдсан. Учир нь цугласан цөөн хүн нь талбайн төв хэсэгт биш захаар нь, эсвэл машиндаа суугаад ажиглах байдлаар оролцсон.
Бид 150 гаруй хүнд ураны хор холбогдлын талаар танилцуулга тараасан. Иргэдтэй уулзахад "Бидэнд ямар ч мэдээлэл байхгүй", "Манай аймагг ийм олон лиценз олгогдсон юм уу" гэхчлэн гайхаж байсан.
-Ж.Батсуурь дарга нутаг орноо харин ч сайн хамгаалдаг гэх юм билээ. Саяхан алтны сургаар очсон нинжа нарыг хөөгөөд явуулчихсан гээ биз дээ?
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд алтны илэрц гарсан юм билээ. Газар дээр нь очиж үзсэн. Гэрийн буурийн дайтай газрыг 20 см гүн ухаж сэндийчсэн байсан. 30 орчим жийп машинтай 70-аад хүн очсоныг хөөж явуулсан гэсэн.
Байгаль орчныхон болон цагдаагийнхан их сүртэй хамгаалсан байна лээ. Засаг дарга Батсуурь Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль, төрийн хяналт шалгалтын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын тухай, Цагдаагийн албаны тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай гээд олон хуулийг үндэслэн захирамж гаргасан юм билээ.
Байгаль орчин нутаг орноо хамгаалах нь маш зөв. Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, Цагдаагийн хэлтсийн дарга, Байгаль орчны газрын дарга, Онцгой байдлын хэлтсийн дарга, Тагнуулын хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажпын хэсэг гаргаад тэр жижигхэн газрыг их мундаг хамгаалсан байна.
Тэгвэл энэ жижиг газрыг ийм сүрхий хамгаалсан хэрнээ аймгийг тэр чигт нь аюулд учруулах ураны лицензтэй газруудыг яагаад хамгаалахгүй байна вэ. Ундны усгүй болохоос эхлээд үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал тулгараад байхад үүний эсрэг үг дуугарахгүй үг хэлж, нутаг орных нь хамгаалахаар очсон хүмүүстэй уулзахгүй зугтаад байгааг юу гэж ойлгох вэ.
Монгол хүн монголынхоо байгалийг сүйтэхээс нь сүрхий хамгаалдаг, чаддаг юм байна. Гадны байгууллагаас яагаад хамгаалахгүй байна вэ. Энэ үйлдлээс нь бид Батсуурь дарга гадны байгууллагаас авлига авсан гэж хардаж байна.
-АТГ-т шалгуулахаар хандах уу?
-АТГ-т шалгуулна. Хууль монгол хүнд үйлчилдэг, гадныханд үйлчилдэггүй байж болохгүй. Авлигатай тэмцэх газраас гадна Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороонд хандаж шалгуулна. Эуэ танхай Засаг даргаа ахин нэг хараач, арга хэмжээ аваач гэж Ерөнхий сайдаас хүсмээр байна.
Я.Хундгана: Танай улсад "Арева" асар хүндэтгэлгүй хандаж байна гэсэн
Гал Үндэстэн холбооны дэд тэргүүн Я.Хундганаагаас цөөн асуултад хариу авлаа.
-Сүхбаатар аймагт байдал ямар байгаа юм бэ. Үнэхээр Улаанбадрах сумын байдал давтагдахад хүрээд байна уу?
-Гал үндэстэн холбоо энэ жил Сүхбаатар аймагт ураны хайгуултай холбоотой асуудлаар дөрвөн удаа ажиллалаа. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хор аюултай гэдэг нь нэгэнт тогтоогдсон.
Үүнийг мянга нууж, сайхан үгээр далдлах гээд нэмэргүй. Улаанбадрах суманд ураны хайгуул хийсэн Францын “Арева" группын охин "Кожеговь" Сүхбаатар аймгийн Онгон суманд хайгуул хийхдээ яг Улаанбадрахад хийсэн үйлдлээ давтаж байна. Уран гүний ус гэж байхгүй.
Олон километрийн цаана булаг болж гарч ирдэг. Ялангуяа тал хээрийн бүс ус ховортой, гүний ус нь унд болдог. Гэтэл ийм хортой үйл ажиллагаа явуулаад байна. Гадныхан хүртэл хэлээд байна шүү дээ. Өнгөрөгч зун гэхэд олон улсын бие даасан шинжээч, зөвлөх мэргэжилтнүүд ирж ажилласан.
-Гадны мэргэжилтнүүд юу гэж дүгнэсэн бэ?
-АНУ-ын Нью Мексик мужийн зүүн өмнөд эргийн судалгаа мэдээллийн төвийн захирал, 35 жилийн туршлагатай Робинсон гэх хүн "Танай улсад "Арева" асар хүндэтгэлгүй хандаж байна.
Энэ хүмүүсийг нутаг орноосоо зайлуулах хэрэгтэй. Та нарын эрхийг зөрчиж байна. Ус бол хүний эрх" гэж хэлсэн. Германы зөвлөх мэргэжилтэн "Хор уршиг нь тодорхой, хэдийнэ хүн малд илэрсэн байна. Цацрагийн тун өндөр байна гэсэн.
Тэгэхээр хортой юу үгүй юу гээд маргах зүйлгүй боллоо. Харин энэ хор уршгийг яаж зайлуулах вэ, яаж бүс нутагт түгээн дэлгэрүүлэхгүй байх вэ гэх асуудлыг ярих ёстой. Ийм учраас сүхбаатар аймагт цаг хүч зарцуулж ажилласан.