Х.Бээжин: Намайг шанаадсанд нь Ж.Батсуурьт юм санаагүй, харин эх нутгаа гэх сэтгэлгүйг нь гайхаж байна
"Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин
2014.08.20

Х.Бээжин: Намайг шанаадсанд нь Ж.Батсуурьт юм санаагүй, харин эх нутгаа гэх сэтгэлгүйг нь гайхаж байна

“Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл”, “Босоо Хөх Монгол” ТББ-аас уран болон түүний хайгуулын үйл ажиллагаанаас үүдсэн хор уршгийн эсрэг тууштай тэмцсээр байна. Тэд саяхан АНУ-ын эрдэмтэн Пол Робинсонтой хамтран  ураны эсрэг хөтөлбөрийн дагуу Дорноговь, Сүхбаатар аймагт  ажилласан тухайгаа  “Үндэсний мэдээллийн төв”-д  хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Энэ үеэр “Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжингээс  цөөн асуултад хариу авлаа.

-Та бүхэн АНУ-ын эрдэмтэнтэй хамт уран олборлож байгаа Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт очиж газар дээр нь  очиж судалсан юм байна. Тэнд ажиллаж байгаа “Кожеговь” компани уусган  баяжуулах аргаар хайгуул, олборлолт хийж байгаа гэлцдэг. Баримталж байгаа горим, стандарт нь зөв байна уу?

-Тэнд мөрдөж байгаа ямар ч стандарт алга. Ерөөсөө дураараа дургиж байдаг юм байна. Уусган баяжуулах технологи гэж ярьдаг. Газрын гүнд хүхрийн хүчил шахаж, олборлолт хийж байгааг тэгж нэрлэдэг. Зөвхөн манайд ч  тэгж олборлоогүй. Дэлхийн 20 гаруй оронд тийм аргаар олборлолт хийсэн байдаг. Гэтэл газрын гүнд хүхрийн хүчил шахна гэдэг үндсэндээ хүхрийн хүчил бол хор шүү дээ.

Тийм аргаар олборлолт хийсний эцэст газрын гүнийг тэд хэзээ ч цэвэршүүлж чадаагүй, чадах ч үгүй. Цэвэршүүлсэн нэг ч түүх үгүй. Тэнд байгаа хүн, мал хордож, амьдрах аргагүй болно гэсэн үг. Үүнийг бидэнтэй хамт хөдөө орон нутагт ажилласан АНУ-ын эрдэмтэн Пол Робинсон хэлсэн. Та нар хаанаас ч асууж сураглаад, газрын гүнийг бүрэн цэвэршүүлсэн мэдээ сонсохгүй, тийм түүх дэлхийд үгүй.

Одоогоор тэгж чадахгүй байгаа гэсэн. Газрын гүний ус хордчихоор өвс  ургамал, хүн амьтан хордохгүй байхын аргагүй. Хортой ус үхлийн ус болно гэсэн үг.

-Дорноговийн Улаанбадрах суманд үүссэн нөхцөл байдал, өмнө нь гарсан аймшигтай явдлууд  монголчуудын санааг зовоож байгаа. Өнөөдөр тэнд байдал ямар байна вэ?

-Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Кожеговь” компани хайгуул, олборлолт хийснээр байгаль орчин сүйдэж, мал олноороо үхэж, гаж хөгжилтэй хурга ишиг гарч  аюул нүүрлэснийг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр тэр нутаг нүд хальтрим байдалтай байна. Тэнд   хэдэн зуун хүн ороход харагдахааргүй  өтгөн, шигүү заган ойтой байсан бол  өнөөдөр заган ой дотор хэдэн зуугаар нь өрөмдлөг хийж сэглэсэн байна.

Мөн том оврын машинаар дайрч сүйтгэснээр заган ойг  нэлэнхүйд устгачихаж. Түүнээс гадна Улаанбадрах суманд зөвшөөрөлгүй зам тавьж байгаль орчныг сүйтгэсэн нь харамсаад барахааргүй их сүйтгэл гэж бид үзэж байна.

-Сүхбаатар аймагт байдал ямар байна вэ?

-“Кожеговь” компани Сүхбаатар аймгийн Онгон суманд 2011 онд өрөмдлөг хйиж, хоёр цооног гаргасан. Одоо болтол тэнд нөхөн сэргээлт хийгээгүй. Маш их шавар үүсч, түүнд мал амьтан, дархан цаазат амьтад орж шигдэж үхсэн зөрчил илэрсэн.

Газрын доорх усны судлыг боосноос хөрсөн дээр ил урсч байсан Онгон сумын иргэдийн ундны усны эх болсон Хавиргын булгийн ундарга ширгэх дөхсөн, түүнээс гадна шүлт ихтэй болсон  байна.

Манай улсын зүүн бүс нутагт  58 лиценз байгаа. Монгол Улсын зүүн тал тэр чигээрээ бохирдчихоор тэнд хүн амьдрах амьдралгүй болно
-Сүхбаатар аймагт ураны нийт 16 лицензтэй гэсэн мэдээлэл бий. Танай ТББ тэнд хэдэн удаа очиж ажиллав?

-Сүхбаатар аймаг 13 сумтай. Өнөөдрийн байдлаар нэгээс бусад бүх сум нь ураны лиценз олгогдсон. Бидний хувьд 4-5 удаа  энэ аймаг руу явж  газар дээр нь очиж  ажилласан. Ер нь бол Сүхбаатар аймагт одоогоор   Дорноговийн Улаанбадрах сум шиг  ураны хор хөнөөлд нэрвэгдэхийн даваан дээр байгаа. Өөрөөр хэлбэл, аюул арайч нүүрлэчихээгүй, гэхдээ дохио өгөөд эхэлсэн. Эхнийх нь илрээд эхэлсэн байна шүү дээ,

Онгон сумынхны  ундны   усыг байхгүй болгож ширгээж  байна. Цаана нь Улаанбадрах сум ямар байдалтай байгааг бүгд мэдэж байгаа. Улаанбадрахын тэр аюулыг Сүхбаатарт бий болгочихгүй юмсан, хор хөнөөл нүүрлүүлчихгүй юмсан гэхдээ бид тэнд ажиллаж, ураны хор хөнөөлийг  ард иргэдэд нь, ТББ-уудад нь сурталчлах, таниулах ажлыг хийж явсан.

                                                                                           

-Уран хор хөнөөлийг иргэдэд сурталчлах, байгаль ,газар шороог нь хамгаалах асуудлаар аймгийн Засаг даргатай нь уулзсан ч хэл амаа ололцоогүй. Аймгийн Засаг дарга  нь уурлаж, таныг шанаадсан гэсэн мэдээлэл гарч байсан. Та бүхэнтэй эргэж холбогдсон уу, уучлал гуйсан уу?

-Үгүй, бидэнтэй эргэж холбогдоогүй. Сүхбаатар аймгийн  сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нарын ураны талаарх мэдлэг маш муу. Бид бүгдтэй нь уулзаж, ураны хор хөнөөлийг сурталчилж явсан. Аймгийн ИТХ-ын даргатай нь уулзсан.

Хамгийн сүүлд аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай  орж уулзсан юм. Гэтэл ураны асуудлаар явж байгаа гэдгийг бидний өгсөн бичиг дээрээс хараад, тэгээд маш их уурлаж таны асуусан тэр  явдал болсон.

-Та гомдол гаргасан уу?

- Намайг шанаадсанд нь Ж.Батсуурьт юм санаагүй, харин эх  нутгаа гэх сэтгэлгүйг нь л  гайхаж байгаа.  

Ер нь бол Сүхбаатар аймаг одоогоор   Дорноговийн Улаанбадрах сум шиг  ураны хор хөнөөлд нэрвэгдэхийн даваан дээр байгаа
-Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь “Монгол HD” телевизээр “Хүн, нохой нь мэдэгдэхгүй хүзүүндээ гинж зүүсэн хүмүүсийг нутгийнхаа хилээр оруулахгүй. Би нутгаа хамгаалж чадна” гэж мэдэгдсэн. Мөн тиймэрхүү хүмүүс шантааж хийж явдаг  гэсэн утгатай зүйл ярьсан. Та тэр талаар юу хэлэх вэ?

-Би түрүүнд хэлсэн, гайхаж байна гэж.  Үнэхээр гайхаж байна. Жишээ нь, таны хүзүүнд гинж байж л байна шүү дээ. Хүн гинж зүүж болохгүй, зөвхөн нохойд л зүүнэ гэсэн хууль дүрэм гараагүй байх аа. Тэгэхээр  тэр хүн өөрийгөө хэн бэ, ямар хүн бэ гэдгээ л харуулж байгаа хэрэг.

Өнөөдөр уусган баяжуулах технологи  нь газрын гүнд хүхрийн хүчил шахдаг, тэр нь эргэж цэвэршдэггүй, нөхөн сэргээгддэггүй тэр чигээрээ  амьд бүхнийг хордуулах  үхлийн хор  болдог гэдгийг өмнөх туршлагууд нотолж,  эрдэмтэд батлаад байна шүү дээ.

Гэтэл  манай улсын зүүн бүс нутагт  58 лиценз байгаа. Монгол Улсын зүүн тал тэр чигээрээ бохирдчихоор тэнд хүн амьдрах амьдралгүй болно. Тухайлбал,  Дорноговийн Улаанбадрах суманд юу болсныг монголчууд бүгд мэдэж байгаа.  Т

Тиймээс тэр аюулыг Сүхбаатарт бий болгочихгүй юмсан, хор хөнөөл нүүрлүүлчихгүй юмсан гэхдээ бид тэнд ажиллаж, ураны хор хөнөөлийг  ард иргэдэд нь, ТББ-уудад нь сурталчлах, таниулах ажлыг хийж явсан. Цаашид ч тэр чиглэлээрээ ажиллана, шаардлагаа тавина, бид зорилгоосоо буцахгүй.