Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо хуралдав
Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо хуралдав
2015.12.01

Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо хуралдав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагдах Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр /2015.12.01/ хуралдаж “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” хөтөлбөрийн танилцуулгыг сонслоо.

Дэд хорооны хуралдаанд Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын суурин төлөөлөгчид оролцов. “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” хөтөлбөрийн талаар НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биате Транкман танилцууллаа.

Хатагтай Биате Транкман илтгэлдээ, Мянганы хөгжлийн зорилтууд, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтууд болон энэхүү зорилтуудыг Монгол Улс үндэсний зорилтуудтайгаа хэрхэн уялдуулах, Зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлэх болон түүний санхүүжилт, Монгол Улсын хувьд цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсан юм. Мянганы хөгжлийн зорилтуудын дуусаагүй ажлуудын талаар тэрээр хэлэхдээ, дэлхийн түвшинд ядууралтай тэмцэх ажил түүхэн түлхэц өгч амжилтанд хүрсэн хэдий ч нэлээд зорилго, зорилтуудын ажил жигд биш байсныг тэмдэглэсэн.

Харин Монгол Улсын хувьд Мянганы хөгжлийн зорилтуудыг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусган оруулсны зэрэгцээ 500 мянга гаруй монголчууд ядуурлаас ангижирсан, эх болон нярайн /тав хүртэлх насны хүүхдийн/ эндэгдэл буурсан нь бодит амжилт дэвшил байгаа ч харин хүн амын 21.6 хувь ядуурлын түвшингээс доогуур амьдралтай, ундны цэвэр ус болон ариун цэврийн байгууламжийн Мянганы хөгжлийн сорилт хэвээр байгаа, шийдвэр гаргах түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудал Мянганы хөгжлийн зорилтын дэвшүүлсэн түвшинд хүрээгүй байгааг дурдав.

Мөн тэрээр 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд Дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэх уриалга бол ядуурлыг устгах, тэгш бус байдалтай тэмцэх, эх дэлхийгээ хамгаалах ба даян дэлхийн хүн ам энх амгалан амьдарч, дэвшил хөгжилд хүрэх, Тогтвортой хөгжлийн гурван тулгуур- нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг цогцоор авч үзэх, Тэгш бус байдлын асуудлыг шийдвэрлэхдээ “Нэг ч хүнийг орхихгүй” байхад гол анхаарал хандуулах, Бүх нийтийн үйлс, бүх улс орон үйл ажиллагаа явуулах гэдгийг хэлэв.

Түүнчлэн НҮБ-ын зүгээс одоо болон ирээдүйд үзүүлэх дэмжлэг нь Мянганы хөгжлийн зорилтын тайлан, 2015 оноос хойших хөгжлийн асуудлаарх хэлэлцүүлэг, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг сурталчлан танилцуулах, Тоон мэдээллийн олдоц бэлэн байдлын үнэлгээ, үндэсний албан ёсны статистик мэдээлэлд анхаарал төвлөрүүлэх, Тоон мэдээллийг ил болгох, мониторинг хийх- big data болон оролцогч талуудыг татан оролцуулах, Тогтвортой хөгжлийн зорилтууыг үндэсний хөгжлийн үзэл баримтлалд тусган оруулах, Тогтвогтой хөгжлийн зорилтуудын эрчимжилтыг эхлэх үүднээс зарим салбарын үнэлгээнд анхаарал төвлөрүүлэх асуудал /жендер, уур амьсгал/ гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Л.Гантөмөр, С.Одонтуяа нар асуулт асууж, санал хэлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, 2015-2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий чиглэл, Тогтвортой хөгжлийн зорилтын 17 чиглэлийн талаар тодорхой танилцууллаа. Мөн ядуурлын талаар тодорхой ярилаа. Ядуурлыг бууруулах гол асуудал бол хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийг бууруулах асуудал. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээрх зорилтуудтай санал нэг байна. Гэхдээ энэ нь улсын төсөв, хөрөнгө оруулалттай холбоотой асуудал.

Гадаадын хөрөнгө оруулалт, түншлэлийн асуудал чухал гэдгийг ойлгож байгаа. Иймд түншлэлийн чиглэлээр дэлхийн түвшинд холбогдох талаар ямар зөвлөгөө, чиглэл байх нь зүйтэй гэж үзэж байгааг тодотгосон юм. Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 9 зорилго, 116 зорилтуудыг цаашид хэрэгжүүлэх боломжтой юм. Саяхан Улсын Их Хурлаас Монгол Улсын Хөгжлийн төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ нь цаашид улсын хөгжлийг тогтвортой байлгах, үүнийг дагаад ард иргэдийн амьдрал дээшлэх, ядуурал буурах боломж бүрдэнэ гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр, хөдөлмөр эрхлэлтийг зуун хувь болгох зорилт Монгол Улсад хэрэгтэй. Ядууралтай тэмцэж байна гэж явсаар байгаад ядуурлыг, ядуу хүмүүсийг хамгаалдаг хадгалдаг системийг байгуулчихдаг. Тэр систем нь ажилгүй байх, зүгээр үнэгүй ямар нэгэн зүйлийг төрөөс хүртэх гэдэг сэтгэхүйг давамгайлал болгодог. Ингэснээр хөдөлмөр эрхлэх хүн олдохоо больдог. Бид энэ зовлонг хоёр жилийн өмнө амссан. Маш их ажлын байр гарсан. Ажил хийдэг хүн олдохгүй болсон.

Хөдөлмөрийн хөлсийг голдог, гэртээ байгаад хүүхдийн мөнгө болоод бусад ямар нэгэн хэрэгслээр өөрийгөө авч явахыг хүсдэг. Монголд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ чиглэлээр та бүхнийг ажиллахыг хүсч байна. Мөн инновацийг бий болгохгүй бол Монголд тогтвортой хөгжил гэж байхгүй. Уламжлалт эдийн засагтай орнуудад тогтвортой амьдрах боломж алдагдаж байна. Мэдлэгт шингэсэн бүтээгдэхүүн, үнэ цэнэ тогтоосон бүтээгдэхүүний арилжаан дээр үнэ цэнээ тогтоож чадахгүй болсон улс орнууд сөхөрч байгаа. Тиймээс үнэ цэнийг тогтоох, чадамжийг нэмэгдүүлэх тал дээр олон улсын хүчтэй бодлого явуулахыг та бүхнээс хүсч байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн, дэд хорооны дарга Д.Сумьяабазар, Мянганы хөгжлийн зорилтуудын хүрээнд НҮБ-ын зүгээс 2015-2030 он хүртэл хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн талаар цаашид авч хэрэгжүүлэх чиглэлүүд болон Монгол Улсын Засгийн газрын бодлого, улсын төсөвтэй ажлаа уялдуулах талаар үнэтэй санал, зөвлөгөө өгсөнд талархал илэрхийлэв.

Мөн цаашид Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд дэвшүүлсэн зорилтуудыг Монгол Улсын хөрсөнд буух хэмжээнд ярилцаж, хамтын ажиллагааг ойртуулснаар 17 зорилтыг улс орны хэмжээнд хэрэгжүүлэх томоохон ажил өмнө байгааг онцлоод, энэ бүхэнд Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газрын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах болно гэв. Өнөөдрийн дэд хорооны хуралдааны үеэр хийгдсэн танилцуулга болон гишүүдийн зүгээс гаргасан саналыг дараагийн дэд хорооны хуралдаанаар авч хэлэлцэхийн зэрэгцээ, цаашид Мянганы хөгжлийн зорилтууд болон “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг анхааралдаа авч ажиллана гэлээ.