Супер бүтэц гарч ирж өөрчилнө гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй
-Улс төрийн хүрээнд сүүлийн үед анхаарал татаж буй асуудал бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал. Энэ асуудлаар улс төрийн хоёр том хүчин болох АН, МАН-ын гишүүд л идэвхтэй байр суурь илэрхийлж буй.
Харин парламентад суудалтай улс төрийн намууд энэ асуудлаар ямар байр суурьтай байна вэ гэдэг нь тодорхой бус байгаа юм. Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл “Улс төрийн намуудын тухай хуулийг цаг алдалгүй хэлэлцэх ёстой. Харамсалтай нь, хугацаа алдаж орж ирлээ.
Яагаад гэвэл энэ хууль Сонгуулийн хууль болоод бусад хуульдаа нөлөөлнө. Өөрчлөлтийн хувьд нам бодлогын нам болж төлөвших ёстой гэсэнтэй санал нэгдэж байгаа. Одоо масс нам голлож байна. Массын тогтолцоо нь аль болох хүний хүчин зүйлээс хамааралтай, маш олон гишүүнчлэлтэй болдог. Бодлого ярих ерөөсөө хамаагүй. Нам нь гишүүдээ барьцаалдаг, гишүүн нь намаа барьцаалдаг. Гишүүддээ барьцаалагдсан нам үндэсний хэмжээнд бий болсон сүлжээгээ байнга тэжээх шаардлагатай. Ингэхийн тулд асар их мөнгө хэрэгтэй болдог.
Төрийн албанд өөрийнхөө боловсон хүчнийг байршуулаад тодорхой эрх мэдэлд хүргээд, тэр эрх мэдлээрээ дамжуулж намаа санхүүжүүлэх ажлыг хийдэг. Тийм учраас массын намууд бодлогын нам болж өөрчлөгдөх нь чухал. Супер бүтэц гарч ирээд тэр нь Үндсэн хуулийг өөрчилнө гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Харин ч хуучин нийгмийн алдаа оноог мэддэг, энэ цаг үеийн алдаа оноог мэддэг, хариуцлага хүлээж дараа, дараагийн үедээ төлөвшсөн төр хүлээлгэж өгөхөд Үндсэн хуулиа энэ парламент өөрчлөх ёстой” хэмээн ярьсан байна.