Венесуэлд 21 дүгээр зууны социализм ялагдал хүлээв
Венесуэлийн парламентын сонгуульд сөрөг хүчнийхэн ялав
2015.12.08

Венесуэлд 21 дүгээр зууны социализм ялагдал хүлээв

Испаний “El Pais” сонинд гарсан нийтлэл

Венесуэлд шинэ эрин үе эхэлж байна. Уго Чавес сонгуульд анх ялалт байгуулснаас 17 жилийн дараа венесуэлчууд түүний үзэл санаанаас ухрав. Парламентын сонгуульд сөрөг хүчин ялсан нь одоогийн Ерөнхийлөгч Николас Мадурод хүнд цохилт өгч, нэг ёсондоо ард түмний эрх баригчдад өгсөн үнэлгээ болов. Эдийн засаг хямарч, эрх баригчид нийгмийн аюулгүй байдлыг хангах чадваргүй болж, сөрөг хүчний лидерүүдийг мөрдөн мөшгөж байсан нь олон нийтийн тэвчээрийг барав. Мадуро сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч “эдийн засгийн дайн” өрнүүлсэн нөхдүүд ялагдлын гол буруутан гэж хэлэв. Түүний хэлж буйгаар сонгуульд “сөрөг хувьсгалын хүч” ялсан ажээ.

Засгийн газрыг дэмжигч хүчнүүд ялагдсан энэ явдал Латин Америк дахь Боливарын хувьсгал, 21 дүгээр зууны социализмын анхны ялагдал болов.

Сүүлийн үеийн судалгаагаар эрх баригч болон сөрөг хүчнүүдийн харьцаа бараг тэнцүү байсан ч сонгуулийн үр дүн сөрөг хүчний давуу байдлыг илтгэж, ерөнхийлөгчийн болон бусад төрийн эрхийг гартаа авсан эрх баригчид шоконд орлоо.

Үндэсний сонгуулийн Зөвлөл сонгуулийн үр дүнг хожуу мэдээлсэн ч сөрөг хүчнийхэн сэтгэл хангалуун байна.

Ялангуяа хоёр жилийн өмнө 13 жилийн ял авсан улс төрийн хоригдол Леопольдо Лопесын эхнэр Лилиан Тинторигийн баярласан нь хэмжээлшгүй. Сөрөг хүчнийхний сонгуулийн амлалтуудын нэг нь улс төрийн гэмт хэрэгтнүүдийг суллах юм.

Түүнээс гадна энэ ялалт бол эв нэгдлийн үр дүн юм. Сөрөг хүчнүүд анх удаа “Эв нэгдлийн Ардчилсан Хөдөлгөөн” нэрийн дор нэгдэж зүүний төвийг сахигчаас барууны консерватив хүртэлх улс төрийн хүчнүүдийг эгнээндээ багтаажээ. Тэд хамтдаа эрх баригчдын олон жилийн дарамт шахалтыг туулсаар иржээ.

Санал хураах хэсгүүдийг хожимдуулж хаасан нь түгшүүр төрүүлж, сөрөг хүчнийхний шүүмжлэлийг дагуулж байв. 10 гаруй жил Чавесын үзэл сурталд сонгуулийн системийг нийцүүлсэн учир үд болсон хойно санал хураах хэсгүүд нээгдэв. Мадуро хүмүүсийг гэртээ суулгүй, “идэвхтэй” байхыг уриалав. Эрх баригчид санал хураалт дуусахаас хоёр цагийн өмнө сонгогчид руу чиглэсэн шахалтаа эхлүүлэв. Ерөнхийлөгчийн телевизээр хэлсэн үгнээс санал хураалт цагтаа дуусахгүй нь тодорхой болов. Санал хураалтын сүүлийн мөчүүдэд эрх баригчид найдлага тавьсан нь энэ.

Энэ арга хуучин биш. Гурван жилийн өмнө Чавес оройн цагаар 800 мянган санал авсан нь ялалтын шийдвэрлэх хүчин зүйл болжээ. Дараа нь Мадуро ч бас энэ аргыг хэрэглэн хагас сая санал авч өрсөлдөгч Энрике Каприлесыг ялж байв.