Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж бусдад давуу байдал олгох, ашиг хонжоо харах нь төрийн албанд сөрөг нөлөөтэй
“Төрийн албаны зөвлөл”-ийн ахлах референт Д.Баатарсайхан
2015.12.10

Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж бусдад давуу байдал олгох, ашиг хонжоо харах нь төрийн албанд сөрөг нөлөөтэй

“Төрийн албаны зөвлөл”-ийн ахлах референт Д.Баатарсайхан

Төрийн албан зөвлөлийн удирдлага, албан хаагчдыг хэрхэн томилдог вэ?  

“Төрийн албаны тухай” хуулийн дагуу Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүн нь төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаанд хамаардаг хэдий ч төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаардаг. Уг хуулинд зааснаар Зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажилладаг хараат бус бие даасан байгууллага юм. Зөвлөлийн орон тооны 2 гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тус бүр нэг хүн нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна гэж заасан. Зөвлөлийн даргын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал томилох бөгөөд нэр дэвшигч нь 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна. Зөвлөлийн орон тооны гурван гишүүний дотор нэг нутгийн болон нэг анги хамт төгссөн хоёр хүн байж болохгүй гэж хуульчилсан.

Төрийн албаны зөвлөл нь олон чиг үүрэгтэй. Тэр дундаа төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох удирдах ажилтанд дүгнэлт гаргах, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэргэшлийн шалгалт авах үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Бас төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн маргааныг хянадаг. Төрийн албаны зөвлөлийн удирдлагууд өргөсөн тангараг, хууль дээдлэх, ил тод байх, шударга ёс, тэгш байдлын зарчмыг ханган ажиллаж байна.

Танай байгууллага төрийн удирдах албан хаагчдыг авлигад өртөх эрсдлээс хамгаалах чиг үүрэг хүлээдэг үү?

Манай зөвлөл нь төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт, мэргэшлийн шалгалтын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын тохируулан хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий агентлагуудын дарга, яамны газрын дарга, агентлагийн дэд дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тэдгээртэй адилтгах удирдах албан тушаалтнуудыг сонгон шалгаруулж томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нэр дэвшүүлдэг.

Улс төрийн албан тушаалтнуудын томилгоо, нэр дэвших асуудал хуулиар “Төрийн албаны зөвлөл”-д хамаардаггүй учраас яамны Төрийн нарийн бичгийн дарга түүнтэй адилтгах болон түүнээс доошхи төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын хамаарлыг хөндөх нь зүйтэй болов уу. Манай улсын төрийн албан хаагчид хууль тогтоомжийн дагуу өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байгаа гэж найддаг.

“Төрийн албаны зөвлөл” төрийн албан хаагчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхээс гадна төрийн албаны стандарт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, шалгах, заавар зөвлөгөө, зөвлөмж өгөх чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага учраас албан тушаалын хэрэг, авлигаас ангид байх талаар төрийн өмнө үүрэг хүлээн ажилладаг байгууллага мөн гэж үзэх үндэстэй.

Төрийн алба авлигад өртсөнөөр үүсэх сөрөг нөлөө гэвэл юу юуг дурдах вэ?

Хууль тогтоомжийн давхардал, “Төрийн албаны тухай хууль”-тай зөрчилдөж буй бусад хууль тогтоомжийн байдлаас үүдээд албан тушаалын хэрэг гэж хэлэхээр маргаантай асуудал гарч ирдэг. Тухайлбал бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт нэрийн дор албан хаагчдыг халах солих үйл ажиллагаа илт хийгддэг. Төрийн жинхэнэ албаны тогтвортой байх зарчим үйл ажиллагаа эндээс алдагддаг.

     Төрийн албан тушаалд тавигдах мэргэжил, боловсрол, мэргэшил, туршлага, ур чадварыг холбогдох байгууллага албан тушаалтнаар батлуулах шаардлага юуны өмнө дутагдаж байна. Өнөөдөр 15 яаманд 15 Төрийн нарийн бичгийн дарга, 330 гаруй суманд төдий тооны Тамгын газрын дарга ажиллаж байхад тэдэнд тэс ондоо ажлын байрны шаардлага тавигддаг. Гол асуудал томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан ажлын байрны тодорхойлолтыг баталж буй тогтолцоонд байна гэж хардаг.

Улс төрийн нөлөөлөл төрийн жинхэнэ албанд их байгаа нь нууц биш. Хэн нэгний шахалт, саналын дагуу ажил албан тушаалд хууль зөрчин үүрэг гүйцэтгэгчээр томилгоо хийж, түүнийгээ ямар нэгэн аргаар жинхэлүүлж томилдог нь нууц биш. Тэр томилогдсон этгээд нь эрхлэх ажил, албан үүргээ бүрэн мэдэхгүй, салбартаа, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй, мэдлэг чадвар, дадлага туршлага, сэтгэл байхгүйгээс болж төрийн үйлчилгээний чанар алдагдах, үр дүн муу байх магадлалтай. Энэ мэтчилэн албан тушаал, эрх мэдлээ ашиглаж бусдад давуу байдал олгох, ашиг хонжоо харах үйлдлээр авлигын шинж байдал илэрч нийгэмд, тухайн байгууллагад сөрөг нөлөө үзүүлж байна.

Өнөөдөр улс төрөөс бусад төрийн албан тушаалд ажиллаж буй хирнээ аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, аль нэг улс төрийн хүчний үндэсний зөвлөлдөх хороо, бага хурлын гишүүнээр ажиллаж буй албан хаагчид нилээд байна. Тиймээс тухайн ажилтан төрийн алба уу, улс төрийн албан тушаал уу гэдгээ нэг мөр сонгох хэрэгтэй байна.