Б.Бат-Эрдэнэ: Шавь маань олимпийн аварга болсонд баярласнаа үгээр хэлэхийн аргагүй байна
Бээжингийн олимпийн алтан медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярын багш УИХ-ын гишүүн, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.
-Баяр хүргэе. Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаярын багш нарын нэг нь та юм байна. Монголчуудын бахархал болсон баатраа их спортын замд хөтөлж ирсэн тухайгаа манай уншигчдад сонирхуулна уу гэж хүсье.
-Баярлалаа, монголчууд бид их хувь заяатай улс юм. Амьд явсан хүн алтан аяганаас ус ууна гэсэн үг бий. Тэгвэл бид олимпийн алтан медалийг монголчууд авч чаддагийг харлаа. Үнэхээр баяртай байна.
Гавьяат барилгачин, "Авзагатрейд" компанийн захирал Мэндбаяр надтай уулзаад нутгийнхаа хоёр залууг надад шавь оруулж байлаа. 2001, 2002 оны үед шиг санагдаж байна. Түүний нэг нь Ш.Эрдэнэ-Очир багшийн удирдлагад жүдогоор хичээллэж байсан Н.Түвшинбаяр маань юм. Тэгээд "Аварга" дээд сургуульдаа авч байр гаргаж өгсөн. Жүдогийн Х.Болдбаатарт даатгасан. Сүүлд "Женко" клубийн тамирчин болсон.
Мэндбаяр захирал спортод их элэгтэй хүн шүү. Н.Түвшинбаяртай хамт Энхбат гэж залуу бас шавь минь болж байсан. Одоо 81 кг-д сайн барилдаж буй.
-Мэндбаяр захирал тэгэхэд танд юу захиж, хүсч байсан бол?
-Над дээр мөнгөн аягатай сүү, хадаг, айрагтай ирээд нутгийн хоёр залууг танилцуулж байсан юм. Сайн бөх болмоор залуус шиг харагддаг. Та шавиа болгооч гэснийг нь би хүлээж авсан.
-Н.Түвшинбаяр баатарт та чухам юуг илүү захиж сургадаг байв?
-Тамирчин хүн ёс жудагтай байх ёстой. Хүн чанараа гээж болохгүй гэж шавь нартаа үргэлж захидаг.Их спортод хүн чанар, ёс жудаггүйгээр хол явахгүй шүү гэдгийг хэлдэг. Та нар жүдогоор л хичээллэ. Хүссэн зорилгоо хүрсний дараа үндэсний бөхөөр хичээллэх хэрэгтэй хэмээн Н.Түвшинбаяр, Энхбат, Баяржавхлан нартаа хэлдэг.
-Түвшинбаярын зан чанарын талаар цөөн үг хэлэх үү?
-Ёс жудагтай, даруу төлөв залуу. Өөр олон амжилт хүлээж байгаа учраас ёс жудаг, хүн чанартай байж их спортынхоо төлөө тууштай яваарай гэж шавьдаа захиж хэлье
-Баатар багш нь баатар шавьдаа ямар бэлэг зэхэж байна?
-Анги, сургууль хамт олноороо нисэх дээр тосч авна даа. Баатар шавьтай болсон сэтгэгдлээ үгээр хэлэхийн аргагүй байна.