НББСШУБХ таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2015.12.23

НББСШУБХ таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.12.22.Мягмар гараг/ хуралдаан 14 цаг 59 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны хуралдаанаар 5 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байнгын хорооны даргыг улираан сонгохыг дэмжив

  Хуралдаанаар эхлээд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин УИХ дахь АН-ын бүлэг тус Байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж буй Д.Батцогтыг улируулан сонгох санал гаргасныг танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Арвин даргалж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь Д.Батцогтыг тус Байнгын хорооны даргаар улираан сонгохыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

      Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

 Байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

 

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр танилцуулав. Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, Улсын Их Хурлын 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох зорилтуудыг үндэслэн, Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиудын төсөл, үүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг тус тус боловсруулсан байна.

Мөн боловсролын салбарын болон сургалтын байгууллагын удирдлага, засаглалын шинэ зарчмыг хэрэгжүүлэх замаар чанарын баталгаажилтын тогтолцоог нэвтрүүлэх, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор гол үндсэн өөрчлөлтийг энэхүү хуулиудын төсөлд оруулжээ.

 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, С.Дэмбэрэл, Д.Арвин, Я.Содбаатар нар асуулт асууж үг хэлсэн. Улсын Их Хурлаар өнгөрсөн онд “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого” батлагдсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг оруулж ирж байна. Иймээс боловсролын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигтэй одоогийн оруулж ирж байгаа хуулийн төсөл хэр уялдаж, нийцэж байгааг нухацтай авч үзэх хэрэгтэй. Мөн цөм хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотойгоор хөдөө орон нутагт сурах бичгийн асуудал хүндрэлтэй байгаад анхаарал хандуулах шаардлагатай байна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай хэрэгцээт боловсролын талаар хуулийн төсөлд тусгагдаагүй байна. Тусгай хэрэгцээт боловсролын талаар тусгайлсан хууль гаргах асуудлыг хөндөж байсан ч нааштай шийдвэр гардаггүй.

Монгол Улсын хэмжээнд 12273 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас 1505 хүүхэд сургуульд хамрагдаж байна. Бусад 10000 хүүхэд сургуульд хамрагдах бололцоогүй байгаад төр, засгаас анхаарах хэрэгтэй. Мөн хүүхдүүд аюулгүй орчинд сурч, боловсрох ёстой. Тухайн сургуулийн барилгад аюултай, онц аюултай орчин бий болж Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тохиолдолд асуудлыг шуурхай авч үзэж тухайн сургууль, танхимыг засах, шинэчлэх асуудлыг төслийн тодотголоор оруулах, ирэх жилийнх нь  төсөвт тусгадаг байх нь зүйтэй. 50, 60 жил болсон сургуулиудын барилга элэгдэл хорогдолд орох нь ойлгомжтой. Иймд сургуулийн орчин нөхцөлийг орхигдуулж болохгүй гэв. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд 92.9 хувийн саналаар дэмжлээ.

“Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай “ тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Мөн хуралдаанаар “ Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын 2004 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн хугацаа 2015 онд дууссан тул “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого”-ын төслийг нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн нөхцөл байдал, хандлагад  нийцүүлэн шинэчлэн боловcруулсан байна.

2014 оны байдлаар хүн амын гуравны хоёр нь хот, суурин газарт амьдарч байгаа бол хот, суурин газрын хүн амын 68.5 хувь нь нийслэл Улаанбаатарт суурьшсан байна. Ажлын байрны хомсдол, нийгэм, соёлын үйлчилгээний хүртээмжгүй байдлаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөн нэмэгдэж буйг анхаарч, иргэдийг орон нутагтаа таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгийг бүсчлэн хөгжүүлэх, уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхийг хөгжлийн зөв гарц гэж үзжээ.

Мөн Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын хүрээнд хүн амын тогтвортой өсөлтийг хангах, төрөлтийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохистой түвшинд байлгах, хүн ам, гэр бүлийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж, амьдралын чанарыг сайжруулах, хүн бүрт боловсрох, хөгжих боломжийг бүрдүүлэх, хүн амыг идэвхтэй амьдрах, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын насжилтад үр дүнтэй бэлтгэх чиглэлүүдээр холбогдох зорилтуудыг дэвшүүлсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, С.Дэмбэрэл, Д.Сарангэрэл ,Ё.Отгонбаяр нар асуулт асууж, үг хэлсэн юм.

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, энэ бол чухал баримт бичиг. Хүн амын өсөлт, бусад эдийн засгийн үзүүлэлтүүдийг бодвол хамгийн их магадлал өндөртэй гардаг. Тиймээс үүнд суурилж гаргасан бодлого практик ач холбогдолтой, бодитой байх ёстойг цаашид анхаарах хэрэгтэй. Хүн амын хөгжил хүний хөгжлөөс хамаарна. Хүний амьдралын нөхцөл, ядуурал, орлогын тэгш бус байдлын тодорхой үзүүлэлтүүд байгаа.

Энэ зорилтыг тавих ёстой гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Хүн амын талаар баримтлах цогц бодлогын хүрээнд тодорхой заалтууд байгаа ч үүний зэрэгцээ тал талын хөгжилтэй монгол хүнийг төлөвшүүлэхэд бодлого чиглэх ёстой. Өөрөөр хэлбэл зөв хэвшил, дадал суусан монгол хүн өнөөдөр хэрэгтэй байна гэдгийг хэллээ. Тогтоолын төслийг хэлэлцүүлгийн шатанд нухацтай авч үзэн байнгын хорооноос хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн зүгээс гаргаж байсан юм. Ингээд “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд 78.6 хувийн саналаар дэмжиж, чуулганы  нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Байнгын хорооны хуралдаанаар Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийж, Ажлын хэсгийн дэмжсэн хуулийн төслийн талаарх зарчмын болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хураалт явуулж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

Ажлын хэсэг байгуулав

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд”-ийг байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, С.Дэмбэрэл, С.Одонтуяа, Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй батлав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.