Сонгуулийн хууль сонгогчдын эрх ашгийг хамгаалах ёстой
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.12.23

Сонгуулийн хууль сонгогчдын эрх ашгийг хамгаалах ёстой

Сонгуулийн хуулийг эцэслэх ажлын хэсгийн хуралдаан өчигдөр ч мөн хуралдав. Нам, эвслийн бүлгийн төлөөллийг багтаасан Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей ахалж байгаа юм. Сонгуулийг ямар байдлаар, хэрхэн явуулах талаарх эрх зүйн орчныг бүрдүүлэх уг ажлын хэсгийн хуралдаан хэвлэлийнхэн төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байгаа ч ажлын хэсгийнхэн нэгдсэн ойлголтод хүрээгүй учраас мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм.Ямартай ч бид Сонгуулийн хуулийн талаар УИХ-ын гишүүн Я.СОДБААТАРТАЙ ярилцлаа. 

       Cонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдаж эхэлсэн. Эхний байдлаар тохиролцоонд хүрсэн гэж байна. Одоогийн байдлаар тодорхой ямар асуудлуудад зөвшилцөөд байгаа талаар танд ямар мэдээлэл байна вэ? 

         -УИХ-ын гурван намын бүлгээс хамтарсан ажлын хэсэг гаргаад ИЗНН-аас төлөөлөл оруулаад арван хүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Тэд намын бүлгүүд болон Удирдах зөвлөл, гүйцэтгэх зөвлөлдөө мэдээлэл өгөөд явж байгаа. Ер нь УИХ дахь МАН, АН-ын бүлэг аль аль талдаа буулт хийгээд, ойлголцолд хүрэх тал руугаа орсон. Тухайлбал, автоматжуулсан системийг машинаар болон гараар тоолъё гэдэг саналыг манай намын бүлгээс гаргасан. Үүнийг ярилцаад тойрог, хэсгийн хорооны саналын 50 хувийг гараар тоолж, баталгаажуулъя гэдгийг ажлын хэсгийн төвшинд ерөнхийдөө ойлголцсон.  

 Гэхдээ гараар тоолсон дүнг эцсийнх гэх үү эсвэл автоматжуулсан машины дүнг эцсийнх гэж үзэх үү гэдэг томьёолол багагүй маргаантай байна. Гэхдээ СЕХ энэ мэт нарийн асуудлаа шийдээд явах нь зүйтэй. Мэдээж гараар тоолох үед асуудал гарвал түүнийг нь СЕХ тухайн үедээ хуульд нийцүүлээд шийдээд явах нь зүйтэй гэж бид үзэж байгаа.  

        -Зөрчилтэй гарсан тойргуудыг 50 хувь гэж үзэх юм уу. Эсвэл нийт тойргийнхоо 50 хувьд хяналтын буюу гар тооллого хийнэ гэсэн үг үү? 

        -Одоогоор зарчмын ерөнхий асуудлуудад ойлголцох үүднээс намын бүлгүүдээс бүрдсэн ажлын хэсэг хуралдаж байна. Ер нь бид бүсчилсэн хэлбэрээр 28 тойргоо явуулъя. Намын жагсаалтаар сонгогдож байгаа 28-аа бүсчилье гэж байгаа юм. Ингэвэл эргээд сонгогдсон гишүүн нь тухайн бүс нутагтаа ажиллахаас гадна санал өгч байгаа иргэд 28 хүнд биш тодорхой таван хүнд эсвэл зарим хэсэгт найман хүнд саналаа өгнө гэсэн үг. Энэ нь сонгогдож байгаа УИХ-ын гишүүдийн хоорондын харилцаа холбоо сайжрах юм гэдэг утгаараа бүсчлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэж эхэлсэн.

Гэхдээ өнөөдөртөө яг аль аймаг ямар бүсэд орох, тэнд хэчнээн квот өгөх вэ гэдгийг ярилцаж дуусаагүй, эцсийн шийд гараагүй. Харин хяналтын буюу гар тооллогыг 100 хувь хийе гэдэг саналыг МАН одоо ч барьж байгаа. Гэхдээ АН- ын зүгээс техникийн нөхцөл байдлаас гадна сонгуулийн дүн шуурхай гарах ёстой гэдэг утгаар 50 хувьд нь гар тооллого хийе. Энэ тохиолдолд ямар нэг “но” байвал илрэх ёстой гээд байгаа юм. Жишээлбэл, нэг аймаг нэг тойрог болоход тэнд нийт хэсгийнх нь 50 хувьд гар тооллогохийнэгэсэнүг. Ингэж баталгаажуулаад явбал эргээд иргэд өөрсдийнхөө сонголтод итгэх, сонгогдсон парламентдаа итгэх итгэл нэмэгдэнэ гэж бодож байгаа. Ер нь сүүлийн үеийн олон улсын практикаас харахад автоматжуулсан системээр сонгуулиа явуулчихаад сүүлд нь гараар давхар тоолоод байна шүүдээ.

Хамгийн сүүлд Киргизд автомат машинаар саналаа тоолчихоод гараар  100 хувь дахин тоолсон. Солонгост ч мөн яг ингэж баталгаажуулсан. Тэгэхээр өндөр хөгжилтэй орнуудад ч гэсэн сонгуулийн хакер буюу автомат машины программтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, ард иргэдийнхээ тээнэгэлзээг тайлах үүднээс гар тооллогыг давхар хийгээд байна л даа. Тиймээс манай улс ч гэсэн үүнийг Сонгуулийн хуульдаа тусгах нь дэвшил болно гэж харж байгаа.  

        -Тогтолцоог ямар байдлаар ярьж байгаа вэ. Өргөн бариад байгаа гурван хуульд гурван янзаар тусгасан байсан шүү дээ? 

        -Сонгууль явуулах тогтолцооны хувьд 28-аа бүсчилсэн хэлбээр явуулъя. 48-аа томосгосон буюу одоогийн байгаа тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэсэн саналд зарчмын хувьд тохирч байгаа. Нөгөөтэйгүүр саналын хуудсанд улс төрийн намуудыг Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа явъя гэж үзсэн. Бид 1990 оноос хойш энэ дагуу л сонгуулиа явуулж ирсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд Дээд шүүхэд аль нам нь бүртгүүлсэн, тэр дарааллаараа явъя гэдэгт ерөнхийдөө санал нэгдсэн гэж ойлгож байгаа. Р.Бурмаа нарын өргөн барьсан хуулийн төсөлд парламентад байгаа суудлынхаа тоогоор саналын хуудсанд түрүүлж нэрсийг нь бичье гэсэн санал гаргаж байснаасаа АН ухарсан. 

        -Орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай хамтад нь хийх санал гаргаад байгаа. Үүнийг намууд ямар байдлаар хүлээж авч байгаа бол? 

         -Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ- ынхтай хамт явуулж болох юм гэж үзсэн. Харин сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг тусдаа явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Ер нь энэ асуудалд УИХ дахь МАН-ын бүлэг нэг л зарчим барьж байгаа. Энэ нь, Орон нутаг болон УИХ-ын сонгуулийг хамтад нь явуулахад татгалзах зүйл алга. Гэхдээ сонгуулийн дараах нөхцөл байдлыг сайжруулаач гэдэг шаардлагыг л тавьж байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн хэдэн жилийн сонгуулийг ха- рахад УИХ-ын сонгуульд нийтдээ 300 гаруй хүн нэр дэвшсэнээс 76 нь сонгогдоод бусад нь ялагддаг. Харин аймаг, нийслэлийн сонгуулийн дүнг аваад үзэхээр нийтдээ 3000-аад хүн нэр дэвшдэгээс 1000-аад нь сонгогддог.

Аймгуудад 31-45, нийслэлд 45 хүн сонгогдож байгаа шүү дээ. Энэ дүнгээс харвал сонгуульд ялагдаж үлдсэн тэр олон хүний сонгуулийн штаб, тэдний сэтгэлийн хөөрөл зэрэг нь улс орныг нийгмийн эмх замбараагүй байдалд уруу татах, жолоодлогогүй байдал руу оруулах нөхцөл үүсч магадгүй. Тийм учраас аюулгүй байдал талаасаа, нийгмийн эмх замбараагүй байдал үүсч болзошгүй нөхцөл байдлыг сайн судлаач гэж хүссэн. Эрх барьж байгаа намын зүгээс аймаг, нийслэлийг УИХ-ын сонгуультай хамт хийе гэдэг саналыг оруулж ирж байгаа. Ерөнхийдөө энэ бүх заалтыг ажлын хэсэг дээр аль аль талаасаа ярилцаж байна. 

        -Тойрог, хэсгийн хороодод улс төрийн намууд төлөөллөө байлцуулах саналыг танай намаас гаргасан. Үүнийг ажлын хэсэг дээр ямар байдлаар ярилцаж байгаа вэ?

         -Улс төрийн намуудын төлөөлөл тойрог, хэсгийн хороодод орох ёстой гэдэг саналыг АН-аас бусад бүх улс төрийн намаас тавьсан. Бид нар 30 хувь нь төрийн албан хаагч байг. Харин 70 хувьд нь улс төрийн намуудын төлөөлөл орж, сонгуулийг зохион байгуулаг гэж байгаа юм. Гэтэл АН-ынхан энэ саналыг хүлээж авахгүй байна. 

        -Сонгуулийн хугацааг сунгах талаар яриа гарсан. Ингэхдээ АСЕМ-ын уулзалтаар шалтаглаж байгаа юм билээ. Хугацааны талаар ажлын хэсэг дээр ярьж байгаа зүйл байгаа болов уу? 

        -Сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногт сонгууль явуулна гээд Үндсэн хуульдаа заачихсан. Энэ заалт өнөөдөр ч хүчин төгөлдөр бий. Тиймээс сонгуулийг зургадугаар сардаа багтаад явуулах ёстой. Хойшлуулах ойлголт байж болохгүй. Яагаад гэвэл парламентын бүрэн эрх дөрвөн жилийн хугацаатай гэж мөн л эцэг хуульд заасан нь бий. Нөгөө талаас олон улсын нэг хурал гэх мэт тодорхой шалтгаанаар Монголын иргэдийн сонгох, сонгогдох эрхэд халдаж болохгүй л дээ. Үндсэн хуулиараа хориглосон учраас ийм яриа байж болохгүй. Тэгээд ч ажлын хэсэг дээр энэ талаар яриагүй. Хуулийнхаа дагуу зургадугаар сарынхаа сүүлийн хагаст сонгуулиа явуулъя гэдэгт санал нийлсэн.  

        -Үлдсэн хугацаанд Сонгуулийн хуулиа амжиж батална биз дээ?

         Ер нь хугацаа маш бага үлдсэн. Одоо бидэнд үндсэндээ арав хоног байна. Энэ хооронд Сонгуулийн хуулийнхаа анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусгах ёстой. Яахав хуулийн хугацаанд шахагдаад тодорхой зүйлүүдэд улс төрийн намууд ойлголцоод явах ёстой гэдэг байр суурьтай байна. Яг өнөөдрийн хүчин төгөлдөр байгаа хуулийн хүрээнд явахад сонгогчдын болон намуудын зүгээс нэлээд маргаан, үл итгэх байдал гарч байгаа учраас намууд аль аль талдаа буулт хийгээд, тухайлсан асуудлуудад ойлголцоод явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Хамгийн гол нь Сонгуулийн хууль бол аль нэг улс төрийн намын биш сонгогчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд ойлгомжтой, тодорхой байх ёстой. Сонгогчдын өгсөн санал төр барилцахад бодитоор тусдаг байвал Сонгуулийн хууль зөв гарна гэсэн үг шүү дээ.