Байнгын ажиллагаатай зөвлөлийн тайланг сонслоо
Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл ээлжит хурал өчигдөр Төрийн ордонд боллоо.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын биелэлтийн талаар мэдээлэл хийсэн.
Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын биелэлттэй танилцаж, цаашид шаардлагатай төсөл, төлөвлөгөөний талаарх мэдээллийг сонсч, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.
Шадар сайд, Засгийн газрын 2014 оны 118 дугаар тогтоолоор баталсан “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилт удаашралтай явагдаж байна, ирэх жил төлөвлөгөөний хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахыг анхааруулав.
Мөн аймаг, орон нутаг болон байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгон шинэчлэх ажлыг эрчимжүүлэх, ард иргэдийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэхэд дорвитой арга хэмжээ авахыг үүрэг болгосон.
Газар хөдлөлтийн чичирхийлэлт мэдрэх станцын зардлыг 2016 оны улсын төсөвт суулгах асуудал байнгын ажиллагаатай зөвлөлийн хурлаар хөндөгдлөө.