Тэрбумтнуудын парламент-Хятад
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурал
2016.01.05

Тэрбумтнуудын парламент-Хятад

Дэлхийн хамгийн том парламент болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурал (БХАТХ) нь 31 тэрбумтан гишүүнтэй. Энэ нь Хятадын супер баячуудын бараг 10 хувь нь гэсэн үг.

Хятадын парламент хэдэн тэрбумтан гишүүнтэй вэ?

... Хятадад 358 (долларын) тэрбумтан бий. Үүнээс 10 хүн тутмын нэг нь парламентын гишүүн. Нийтдээ 91 тэрбумтан төрийн болон улс төрийн өндөр албан тушаал хашдаг ...

Энэ нь 2 жилийн өмнөхөөс 9 хувиар өссөн үзүүлэлт юм. Ийм учраас барууны хэвлэлүүд БХАТХ-г “тэрбумтнуудын парламент” гэж нэрлэдэг.  Тэрбумтан гишүүдийн олонхи нь бизнес эрхлэгчид. Харин тэд яагаад төрийн өндөр албан тушаал хаших сонирхолтой байгаа талаар бодитой анализ судалгаа тун ховор.

... Гэтэл АНУ-ын Конгресстой харьцуулвал тэнд 500 сая ам.доллараас их хөрөнгөтэй нэг ч хүн байхгүй ...

Гэхдээ өмнөх жилүүдээс ялгааатай нь Хятадын парламентын баячууд олны нүдэнд өртөх дургүй болсон. Хэвлэлийнхэн ч тэдний талаар дурсахаа больсон.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын 18 дугаар чуулган

Яагаад гэж үү?

Энэ бүхэн нь Ши Жиньпин дарга авлигатай тэмцэж байгаатай холбоотой. Тиймээс 2014 оны гуравдугаар сард болсон БХАТХ-ын чуулган “Даруу зан-төрийн хүний чимэг” уриан дор явагджээ. Хятадад тэрбумтнуудын тоо өсөж байгаа ч ард иргэдийн орлого аажмаар буурч байгаа учраас 2012 онд Хятадын Коммунист намын даргаар томилогдсон Ши Жиньпин авлигатай тэмцэх кампанит ажлыг эхлүүлсэн юм. Түүнээс хойш БХАТХ-ын тэрбумтан гишүүд алтан цаг зүүж, нэртэй дизайнеруудын хувцсаар гангарч хуралд ирэхээ больжээ. Жишээ нь Германы “Handelsblatt” сонинд бичсэнээр Хятадын Төрийн Зөвлөлийн дарга асан Ли Пэний охин Ли Сяолинь 2012 онд “Emilio Pucci” брэндийн үнэтэй ягаан костюмтай БХАТХ-ын чуулганд оролцож байсан бол Ши Жиньпинийг дарга болсны дараа даруухан хар костюм өмсөх болжээ.

... БХАТХ-ын баян гишүүдийг хэвлэлийнхний хараанд өртүүлэхгүйн тулд цензурын аргыг хүртэл хэрэглэдэг. Хятадын хэвлэлүүдэд БХАТХ дахь тэрбумтнуудын тухай бичихийг хориглосон байна ...

Баячууд төрд орох болсон нь хэзээнээс эхлэлтэй вэ?

Хятадын баячууд төрийн эрх барих байгууллагад орох эрхийг саяхан олж авсан. 2002 онд тэр үеийн Хятадын дарга Зян Зэминь олон сая ам.долларын хөрөнгөтэй бизнес эрхлэгчдэд намын гишүүн болох, улмаар төрийн албан тушаал хашихыг зөвшөөрчээ. Ингэснээр баячууд төрийн эрх барих, харин албан тушаалтнууд баяжих боломжтой болжээ.

Харин АНУ-ын Конгресст хагас тэрбум ам.доллартай хүн ч байхгүй. Гэхдээ бизнес дэх тэрбумтнуудынх нь тоо Хятадаас 124-өөр их.

... 335 сая ам.доллартай Даррел Исса Конгрессын хамгийн баян гишүүн гэгддэг ч 20 тэрбум ам.доллартай, “Hangzhou Wahaha” группын ерөнхийлөгч, БХАТХ-ын гишүүн Зун Цинхоутай харьцуулахад түүний хөрөнгө юу ч биш ...

Мөн Зун Цинхоу хоёр жилийн дотор хөрөнгөө бараг хоёр дахин өсгөсөн байхад Америкийн конгрессийн гишүүний хөрөнгө хоёр дахин дундарчээ. 

Зун Цинхоу