Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хугацаанаасаа өмнө ажлаа өгөхөөр болсон ч нэр төртэй биелүүлжээ
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2016.01.13

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хугацаанаасаа өмнө ажлаа өгөхөөр болсон ч нэр төртэй биелүүлжээ

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнгөрсөн хугацаанд тус байнгын хороог даргалж байхдаа нэлээд олон ажил амжуулжээ. Тодруулбал, тус хороонд ирсэн өргөдөл гомдлыг тухай бүрт нь шийдэж хариуг нь иргдэд дор, дор нь өгдөг байжээ. Тиймээс л олны анхаарлийн төвд ороод байсан ЗТЯ-ны Төрийн бичгийн дарга асан Б.Батзаяа болон Хар тамхины хэрэгт холбогдож шүүхээс ял сонсч байсан Г.Сарангэрэл нарын хүмүүс түүнд өргөдөл бичиж хорих ангид биечлэн ирж уулзах хүсэлтийг ч тавьж байсан юм.

Тэгвэл энэ сарын 16-нд Өргөдлийн байнгын хорооны даргынх нь ажил дуусгавар болж байгаа учраас эрхэм гишүүн хэд, хэдэн асуудлаар Монгол Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалантай уулзах гэж байгаа тухайгаа сэтгүүлчдэд дуулгасан юм. өчигдөр УЕПГ-ын алба хаагчидтай уулзаж байнгын хороонд ирсэн гурван гомдлыг хүлээлгэн өгсөн юм. Тодруулбал, тэрбээр С.Зориг агсны хэрэгтэй холбоотой өргөдөл хийгээд Ирвэс хамгаалах сангийн биологч агсан Т.Лхагвасүмбэрэл, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогттой холбоотой асуудлуудыг тавьж, албан бичиг хүргүүлэхээр болсон тухайгаа дуулгасан юм.

Уг нь түүний хувьд Өргөдлийн байнгын хороог даргалах хугацаа дуусаагүй байгаа ч АН-ын зүгээс түүнийг нэн яаралтай буулгах хэрэгтэй гэсэн лүндэнг авч, дараагийнх нь даргыг тодруулжээ. Ямартай ч О.Баасанхүүг УЕПГ-ын дарга М.Энх-Амгалан бус УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай хэвлэл мэдээлийн ажилтны хамтаар хүлээн авсан юм. Ингээд тэд түүний хүсэлт хийгээд гурван гомдлыг нь хүлээн авч тухай бүрт нь хариулт өгч байсан юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд “Өнөөдөр би Улсын ерөнхий прокукор М.Энх-Амгалантай уулзая гэж ирсэн. Харин тэр ажлын шаардлагын улмаас байхгүй байгаа бололтой. Тиймээс холбогдох хүмүүстэй нь уулзаад нөхцөл байдлыг хэлж, зарим өргөдлийг шилжүүлье гэж бодож байна.

Манай Өргөдлийн байнгын хороонд нийтийн болон хувийн шинжтэй өргөдлүүд ирдэг. Одоогоор 60 мянган өргөдөл ирсэн байгаа. Хувийн шинжтэй өргөдлүүдээс л гэхэд хамгийн том байр суурь эзэлдэг нь хууль хяналтын байгууллагатай холбоотой асуудал. Иргэдийн зүгээс хохирлоо, мөрдөн байцаалт буруу хийгдлээ, шүүхийн шийдвэр буруу гарлаа, хууль хяналтынхан нэг талыг барьлаа гэх мэт янз бүрийн гомдол гаргадаг. Харин бидний зүгээс хувийн шинжтэй өргөдлийг олон нийтэд мэдээлэх боломж байдаггүй. Гэвч эдгээрээс иргэд өөрсдөө зөвшөөрвөл зарим нэгэн өргөдлийг өгч танилцуулах эрх байдаг. Тиймээс өнөөдөр гурван асуудлыг хөндөж тавих гэж байна” гэлээ
.
Нэгдүгээрт, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр иргэн Бат-Эрдэнээс ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын талаар гомдол ирсэн. Энэ гомдолд “Гадаадын хэвлэл мэдээлэлд гарсан мэдээлэл нь өнөөдөр та бүхний хэрэгсэхгүй болгосон хэрэгтэй нийцэхгүй байна. Мөн хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийн аман тайлбараар хэргийг хаасан. Үүнийг нягтлах ёстой. Ард түмний хэн нь ч долларын хэмжээг мэдэхгүй байна. Цаашлаад “Буянаа нуусан уу, бузраа нуусан уу” гэдгийг ч мэдэхгүй. Мөн хэчнээн хүн оролцсон юм бэ гэдгийг хэн ч мэдэхгүй байна. Тиймээс энэ бүхнийг дахин шалгах хэрэгтэй” хэмээн энэ хэргийг шалгаж өгөөч гэж хүссэн тухайн иргэний өргөдлийг УЕПГ-т хүлээлгэж өгсөн юм.

Хоёрдугаарт, Өргөдлийн байнгын хороо Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах талаар Н.Батцэрэгт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 15-ны тогтоолоор чиглэл өгч байсан байна. БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэгийн зүгээс “Бид тусгай хамгаалалтанд авах бүх ажлыг хийсэн. Хоёр тэрбум төгрөгний нөхөн төлбөр өгнө. Арванхоёр сарын 15 гэхэд асуудлыг дуусгана гэжээ. Улмаар гурван удаа тусгай хамгаалалтад авах асуудлаар хуралдсан байна. Харин хамгийн сүүлд гэнэт л тусгай хамгаалалтанд авах шийдвэр гарсан. 

Тиймээс энэ хэрэгт АТГ-ыг татан оролцуулаач гэж хүсч байгаа юм байна. Иргэдийн зүгээс цагдаагийн байгууллага чанартай шалгалт хийж байгаагүй. Мөн уул уурхайн лиценз бүхий этгээдүүд тодорхой хэмжээгээр лоббидоод байгаа юм биш биз. Өнөөдөр прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар гэж байхгүй. Нөгөө талаас албан тушаалын зүйл байна уу гэдгийг давхар шалгах шаардлагатай гэх өргөдлүүдийг өгч байгаа аж. Тиймээс ажлын хэсгийг өргөтгөх тал дээр Прокурорын байгууллагаас чиглэл өгч шийдэхийг хүссэн юм.

Гуравдугаарт, иргэн Л.Жавзмаа, Байгалмаа нар сэжигтнээр хоригдож байгаа хүүхдүүдтэй нь уулзуулахгүй байгаа талаарх өргөдөл ирсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хэн нэгнийг баривчилсан бол 24 цагийн дотор гэр бүлийнхэнд нь мэдэгдэх, цаашлаад хэрэгт шууд хамааралгүй бол тухайн этгээдийг уулзуулах эрх нь нээлттэй. Энэ уулзалтад тодорхой хяналтад явж болно. Тэгэхээр тэр гэр бүлийн хөгшчүүдийг уулзуулаач гэдгийг хэмээн гишүүн хүссэн юм. Тэрбээр “Энэ хэрэг ямар шалтгаанаар нууцын зэрэглэлд орсон гэдэг албан ёсны тайлбараа УИХ-ын гишүүн миний нэр дээр ирүүлвэл сайн байна.

Байцаан шийтгэх үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй. Гэхдээ хууль хэрэгжүүлэхийг шаардах эрх нь УИХ-ын гишүүнд байдаг. Д.Булган гэж хүний хорих хугацааг сунгасантай холбоотой түүний ээж Д.Байгальмаа надтай яриад “Би 80 гарсан хүний хувьд эрүүл мэнд хүнд байна. Гэхдээ нөхцөл байдлыг тэвчээртэй харж байгаа. Хамгийн гол нь үр хүүхэдтэйгээ уулзмаар байна” гэсэн. Хэрэгт шууд хамааралтай үгүйг мэдэхгүй. Гэхдээ хамааралгүй бол гэр бүлийнхээ хүнтэй уулзах эрхтэй гэж үзэж байна” гэлээ. Ингээд энэ бүхний дараа УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай дараах хариултыг өгсөн юм. 

Тэрбээр “Эдгээр санал, хүсэлтийг хүлээн авлаа. Бид Өргөдлийн байнгын хорооноос ирүүлсэн эдгээр асуудлыг хуулийн хүрээнд шийдэхэд анхаарч ажиллана. Биологич Т.Лхагвасүмбэрэлтэй холбоотойгоор Өмнөговь, Хөвсгөл аймагт шалгаж буй хэргүүдийг Улсын Ерөнхий Прокурорын газар хянаж үзээд, нэгтгэн Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн, Ажлын хэсэг ажиллаж байна. Энэ хэрэг Улсын ерөнхий прокурорын газрын байнгын хяналтад байгаа. Мөн бусад санал, хүсэлтийг хуулийн хүрээнд, холбогдох баримт, материалд үндэслэн шийдвэрлэх болно" гэв. Төгсгөлд нь тэрбээр, Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос ирүүлсэн эдгээр санал, хүсэлтүүдийг шийдвэрлэсэн талаарх тайлан, мэдээллээ албан ёсоор хүргүүлэхээ мэдэгдсэн юм.