ХҮН нам буюу Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Ганбаатар
2016.01.19

Ард түмний төлөөлөгчдийн танхим байгуулж, төрийн бүх эрх мэдлийг ард түмний хяналтад оруулна

ХҮН нам буюу Хөдөлмөрийн үндэсний намын их хурал хоёр өдөр үргэлжлэн, өнөөдөр өндөрлөлөө. Намын их хуралдаа тавьсан, тус намын дарга С.Ганбаатарын илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хамгаас эрхэм ахан дүүс минь ээ!

Энэ өдөр Хөдөлмөрийн Үндэсний Намынхан Монголын хөдөлмөрчин ардууд, шинэ үеийн залуусын хүсэн хүлээсэн, БИД МОНГОЛДОО ХАЙРТАЙ гэдгээ нотлон харуулах цаг боллоо.

Өнөөдөр Монгол оронд идэр ес тачигнаж, хүйтэн газраа цельсийн хасах 52 хэмийг зааж, их тал нутгийн минь ихэнхи хэсэг хөр цасанд дараастай байна.

Хүйтэн жавар, хөлдүү хөрсийг хага яран, цан хүүрэг татуулан янцгаадаг залуу үрээ шиг “ХҮН” нам эгнээндээ 20 мянган шилдэг залуусын дуу хоолойг нэгтгэн, түрхрэн босч байна.

“ХҮН” шиг боловсорч, “ХҮН” шиг амьдрахын төлөө, “ХҮН” шиг явахын төлөө, “ХҮН” шиг эх орондоо бүхнээ зориулахын төлөө, гар гараасаа барин эгнэн зогссон МОНГОЛ хүнийг би харж байна.

Ирээдүйн сайн сайханд итгэх, гэгээн итгэлийн оч тэдний нүдэнд гэрэлтэж, зүрхэнд нь бадрахыг, тэр итгэлийн оч Монгол орны “ХҮН” бүрийн сэтгэл оюунд цэцэглэж, гэгээн амьдрал авчрахыг би бас харж байна. Тэр гэрэл гэгээ тал нутгаар, уул усыг даван хүн бүрт хүрч, итгэлийн очийг асааж, байгааг харж байна.

Шинэ ХҮН намын гишүүдээ, Шинэ залуусаа!

Агуу гүрэн улс л сэргэн мандалт ярих эрхтэй. Агуу гүрэн улс л сэргэн мандах боломжтой байдаг. Одоо бидний сэргэн мандаж, хөгжин цэцэглэх цаг боллоо.

Би үгээ талархлаар эхлэх ёстой. Энэ бол ёс зүйтэй үйлдэл мөн. Юун түрүүнд энэ намыг өдий зэрэгт хүргэсэн залуус та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна.

ХҮН намын даргын албан тушаалд сонгогдоно гэдэг бол асар их үүрэг хариуцлага хүлээлгэж байгаа хэрэг. Та бүхэн надад итгэлээ.

Та бүхнээр дамжуулан та бүхний ар гэр, ахан дүүс надад итгэлээ. Улс орноо шинэчилж өөрчлөхийг хүсэн хүлээсэн эгэл жирийн ахан дүүс минь, ард түмэн минь итгэл найдварын гал цогийг миний гарт атгууллаа.

Би өнөөдөр ганцаараа биш боллоо.

Бид өнөөдөр Парламентад суудалтай улс төрийн нам боллоо. Энэ бол хүч мөн. Ард түмний итгэл найдвараас өөр агуу их хүч энэ ертөнцөд байхгүй.

Тиймээс би шулуудсан итгэл найдварын галыг, эгнэгт өндөрт бадрааж явахын төлөө энэ биеэ дуустал тэмцэнэ.

Үхээд үлдэх сүнс байвал үргэлжлүүлж тэмцэнэ гэдгээ та бүхнийхээ өмнө, энэ хүндэт индэр дээрээс батлан тангараглаж байна.

Монголын ард түмэн улс төрийн намаас залхаж гүйцжээ. Ард түмнийхээ итгэл найдварыг дааж чадах улс төрийн нам алга болжээ. Ингэхэд манай нам Монголын ард түмнийг юугаар гялайлгаж гялтайлгах юм бэ? Ингэхэд манай нам хэмжээгүй эрхт намуудаас юугаараа өөр юм бэ?

Бид шинэ, бид залуу, бид зоригтой, бид шинжлэх ухаанч, бид цэвэр. Хамгийн гол нь бид хамгийн агуу зорилготой нам. “ХҮН” намын “хүн төвт үзэл” нь иргэн хүний дархан эрхийн баталгаан дээр сүндэрлэсэн.  Манай намын эрдэмтэн залуусын боловсруулсан төлөвлөгөө миний, бас бидний гарт байна.

Энэ бол Монгол орныг минь сэргэн мандалтад хөтлөх хүргэх онол ч мөн, философи ч мөн, үзэл баримтлал ч мөн, зарчим ч мөн. Тиймээ Монгол орон сэргэн мандах ёстой. Агуу түүхтэй орныг агуу ирээдүй л хүлээж байдаг жамтай. Харин бид энэ хөгжил цэцэглэлтэнд хэрхэн хүрэх вэ?

Хөгжил гэдэг бол шат ахисан цэгцрэх хөдөлгөөн мөн. Тиймээс бид Монгол орныхоо хөгжлийн ямар ч үе шатыг буруутгахгүй. Манай “ХҮН” нам, ахмадын амжилтыг бататгана. Ирээдүйн амжилтыг ч ойртуулна.

Дэлгэсэн тэрлэг шиг Монгол оронд минь, дэлхийг цочоосон есөн хөлт цагаан тугийн доор,  нэгэн жолоонд нэгдсэн төр улс мандан бадарсан цаг  саяхаан.

Буурал түүхийн нугачаанд баатар эр дуг хийгээ л биз. Сэрнээ хөө, цаг боллоо. Монголын зуун эхэллээ.

“ХҮН” есөн хөлт цагаан туг шиг, есөн цагаан зорилтоо, ард түмэндээ өргөж, дэлгэн хуралдуулж, хурайлан зүтгэх цаг боллоо.

Хөгжил бол зарчим. Монгол “ХҮН”-ий есөн цагаан зорилт:

1. Социализм ба Капитализмыг хольж “ХАОС” нийгэм үүсгэснийг эцэс болгоно. Монголчуудын үндсэн алдаа философигүйдэл юм. Тиймээс “ХҮН” нам Монголын нийгмийн эмх замбараагүйтэлд онолын дүгнэлтийг гарган тавьж, өргөн олонтойгоо хамтран цэг тавина. Ийнхүү Социализмд ч биш, Капитализмд биш амьдарч байгаа бидний амьдрал цэгцрэх хөдөлгөөнд орох болно.

2. Үндсэн хуулийг шат ахиулан хөгжүүлнэ. Гэмт хэрэгтнээс хүнийг хамгаалах гэж төрийг байгуулдаг бол төрөөс хүнийг хамгаалах гэж Үндсэн хуулийг байгуулдаг. Тиймээс Үндсэн Хуулийг төрийг хянах, хязгаарлах, хазаарлах хүчирхэг механизм болгон ард түмний үндсэн эрхийн баталгаа болгоно.

 3. Засгийн бүх эрхийг ард түмний гарт бүрэн утгаар нь атгуулна. Засгийн бүх эрхийг ард түмний гарт өгөхийн тулд Нэгдүгээрт: Иргэний засаглал ба төрийн засаглалыг хуваарилна. Хоёрдугаарт Ард түмний төлөөлөгчдийн танхим байгуулж, төрийн бүх эрх мэдлийг ард түмний байнгын хяналтанд оруулна. Гуравдугаарт Төрийн засаглалын эрх мэдлийг хуваарилж, үндэсний тэнцвэртэй төр засгийг байгуулна. Дөрөвдүгээрт Шүүх эрх мэдлийг хүчирхэгжүүлж, төрийн бүх өндөр эрх мэдлийг шударга хууль, шүүхийн доор оруулна.

4. Хүн намын тэргүүлэх гол зарчим бол “Бүрэн хөдөлмөр эрхлэлт” мөн. “ХҮН” нам ажилгүйдлийг багасгана гэсэн хуурамч зорилго тавихгүй. Харин Кейнсийн бүрэн хөдөлмөр эрхлэлт гэх онолын төгс зорилтыг тавьж, улмаар иргэдийн дундаж цалин 3 сая төгрөгт хүрсэн цагт, ХҮН намын зорилт биелнэ. Энэ бол дийлдэхгүй том зорилго биш. Тэр цагт ХҮН нам ажилгүйдлийг ялан дийлсэн гэж үзнэ.

5. Улсын бүх үхмэл хөрөнгийг амьд капитал болгоно. Карл Марксийн онолоор хувийн өмчийг устгаснаар, үлсын бүх капитал нь үхмэл хөрөнгө болсон түүхтэй. Тиймээс бид улсын бүх капитал үхмэл хөрөнгө болсныг таслан зогсооно. Хоёрдугаарт далд эдийн засгийн нөлөөгөөр үүссэн үхмэл хөрөнгийг, амьд капитал болгох бүх алхамуудыг авч хэрэгжүүлнэ. Төрийн өмчийн 395 үйлдвэрүүдийг ахмадуудад эзэмшүүлнэ. Эдгээр 395 төрийн өмчийн үйлдвэрүүд бол манай ахмад үеийнхний залуу халуун нас, хөлс, хүч, хөдөлмөр, хүсэл мөрөөдлөөр босгосон тэдний хөрөнгө мөн. Гэтэл тэдний өөрсдийн гараар бүтээсэн хөрөнгийг, өөрсдийнх нь нүдний өмнө идэж завшиж, устгаж сөнөөж байгааг таслан зогсооно. Төрийн өмч бол ард түмний өмч мөн. Ард түмнийхээ алдагдсан эрхийг сэргээх нь шударга явдал болно. Ингэснээр Монгол орны хөгжил цэцэглэлт нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын занганаас сална. Монгол орны хөгжилд шаардлагатай хөрөнгө Монгол Улсдаа хангалттай байгааг манай нам илчлэн харуулна. 

6. Эдийн засгийн эрх чөлөөг хөгжүүлж, дэлхий ертөнцийн бүх дэвшилтэт онолд нийцүүлнэ. Эдийн засгийн эрх чөлөө тэлвэл, хөгжил хурдасна. Бизнесийн орчныг сайжруулж, эрүүлжүүлж, хувийн хэвшлийн хөгжилд хурд, хүч нэмж, 25 жилийн турш жижиг дунд үйлдвэр болж гацсан байдлыг зогсооно. Хөгжлийн санг “венчур” капиталын аж үйлдвэр хэлбэрт оруулна. Хөрөнгийн биржийн хөгжлийг олон улсын жишигт түргэн хугацаанд хүргэнэ.

7. “Татварын диваажин” улс болно. Татварын бодлогыг хүний эрхийн “билл”-үүдэд тогтоосон зарчимд төгс нийцүүлж, татварын боолчлолыг таслан зогсооно. НӨАТ-ыг устгаж, орлогоос татварладаг бүх төрлийн шударга бус татварын хуулийг хориглоно. Татварын хуулийн цаана байх философийг тогтоож, хөгжлийн хүч, боломж болгон ашиглана.

8. Засаглалын хямралыг эцэс болгоно. Засаглалын үр өгөөжийг өндөр хэмжээнд гаргаж, үндэсний лидер төрөн гарах бүх бололцоог нээнэ. Ерөнхийлөгчийн засаглал ба Ерөнхий сайдын засаглалын сайн муу талыг гарган тавьж, өргөн олны оролцоотойгоор шийднэ.

9. Хэмжээгүй эрхт намыг хязгаарлана. Нам төрийг тусгаарлана. Намын хүчирхийллийг гүйцэтгэх засаглалд хязгаарлана. Намын эрхийг нутгийн өөрийн удирдах байгууллагад хязгаарлана. Улс төрийн намыг жинхэнэ үзэл бодлын байгууллага болгох бүхий л арга хэмжээг авна. Хэмжээгүй эрхт намуудтай ХҮН нам, эрх чөлөөт хүмүүс л тэмцэж чадна.

Дээрх есөн зарчмыг би “Сэргэн мандах зам” хэмээн нэрлэж байна. Энэ сэтгэл татам зорилгынхоо төлөө би ясаа цайтал тэмцэнэ. ХҮН намын дарга Сайнхүүгийн Ганбаатар би Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ. Энэ бол бидний хоёрдахь ялалт байх болно.

Бид ялах ёстой. Сэргэн Мандалтын замаар их нүүдэл эхэллээ.

Нөхдөө!

Хуурамч Ардчиллын намыг, Авилгач ахын намыг улс төрийн өндөр эрх мэдлээс шахан зайлуулах ёстой. Үүнийг ард түмэн та бүхэн л хийнэ.Та нар чадна. Учир нь эх орон гэдэг бол ард түмэн мөн. Ард түмэнд томдсон ажил гэж энэ эх оронд байх ёсгүй. Бид танд итгэж байна.

25 жил хүн шиг байгаагүйнх нь төлөө.

25 жил хүн шиг сэтгэлтэй байгаагүйнх нь төлөө.

25 жил хүн шиг хүнийг хайрлаагүйгийнх нь төлөө.

25 жил хүнээ алдаж, нүүрээ барсных нь төлөө.

25 жил Монголоо алдмар болсныхнь төлөө тэднийг “гавъяаных” нь амралтанд илгээцгээе.

Шинэ “ХҮН” сонгоно гэдэг ард түмний зөв. “ХҮН” ээ л сонго.

ХҮН шиг амьдрахын төлөө нэгэн тугийн доор нэгдсэн ХҮН намын залуусаа! Ахан дүүсээ.

Шинэ бөгөөд нэр цэвэр. Шинэ бөгөөд гар цэвэр. Шинэ бөгөөд сэтгэл цэвэр ХҮН намын залуусаа. ХҮН намын гишүүд дэмжигчид ээ.

2016 оны Улсын Их Хуралд үнэмлэхүй ялалтын төлөө

Ард түмнийхээ шинэ ХҮН сонгох хүсэл эрмэлзлэлийн төлөө бүхнийг “Фронтод”

Ард түмэн ялж л таарна.

Ард түмэн шинэ улс төрчид, шинэ хүнээ сонгож л таарна.

Удирдагчид удвал, улс орон урууддаг гэдгийг санахтүн.

Залуусаа!

Бидэнд итгэсэн ард түмний итгэл, харанхуй шөнө Монгол гэрийн тооноор цацрах гэрэл шиг,

тэдний хайр шиг,

тэнгэрт түгэх мянга мянган одод шиг,

хацар хайрах цасан ширхэг шиг,

бидэн дээр очтон буусаар байна.

Хуучин хүү шинэ хүү болно. Хөмөрсөн тогоо шиг бидний амьдралыг өглөөний гэрэл сүлнэ.

ХҮН намынхан бид өрхөө татлаа. Өрхөө татаж гэгээ оруулсан Монгол ХҮН мандтугай.

Мөнх хөх тэнгэр ивээтүгэй.

Эх сайхан Монгол орон минь эгнэгт мандан бадартугай!

Морин цаг боллоо. Адуундаа мордоцгооё.