Огцруулах төслийг өргөн баригчид өөрсдөө хэлэлцэхээс “татгалзав”
2016.01.22

Огцруулах төслийг өргөн баригчид өөрсдөө хэлэлцэхээс “татгалзав”

УИХ-ын гишүүн Г.Уянга өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын дарга З.Энхболдод Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өргөн барьсан.Тэрбээр,  Дубайд айлчлах үеэрээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь Монголын талын хүртэх ашгийг 2037 он хүртэл хойшлуулсан хэмээн үзэж, огцруулах бичгийг санаачлан УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байсан юм.

Тус саналд нийт 19 гишүүн гарын үсэг зурснаар ийнхүү өргөн барих эрх нь үүссэн. Тодруулбал, Г.Уянга, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Л.Цог, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Су.Батболд, Ж.Батсуурь, Ц.Дашдорж, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр, Д.Сарангэрэл, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа нар уг саналд гарын үсэг зурсан билээ.

Харин УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг уг бичигт гарын үсэг зурсан гэж байсан ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай саналаас нэрээ татсан гэдгээ зарласан юм. Ийнхүү Ерөнхий сайдыг огцруулах асуудал ойрын хэдэн өдрүүдэд Төрийн ордныг “бужигнуулж” байна. Өчигдөр уг асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг завсарлага авснаар ирэх долоо хоног болтол хойшиллоо. Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбоотой Төрийн ордонд өчигдөр өрнөсөн үйл явдлыг цаг, минутын дарааллаар дэлгэрэнгүй хүргэж байна. 

07.30 цагт:
УИХ-ын 19 гишүүний гарын үсэг бүхий Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг асуудлаар өчигдөр 07.30 цагт УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ээлжит бусаар / МАХН-ын дарга Н.Энхбаяр хуралд оролцжээ/ хуралдлаа.

Улмаар Г.Уянга гишүүний санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг 11.00 цаг хүртэл хэлэлцээд Засгийн газрыг огцруулах нь цагаа олоогүй санал бөгөөд дэмжихгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Тиймээс ч огцруулах санал өргөн барьсан гишүүдэд энэ тухай зөвлөмж хүргүүлэв.

12.10 цагт:

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн шийдвэртэй УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нар санал нийлэхгүйгээ мэдэгдлээ. Тиймээс тэд Л.Цог даргын өрөөнд тусдаа хуралдсан юм. 

13.20 цагт:
Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүн Г.Уянга өглөөнөөс хойш чимээгүй байснаа мэдээлэл өгөв. Тэрбээр, “Шударга ёс” эвсэл хуралдаж Н.Энхбаяр дарга Засгийн газрыг огцруулахгүй байх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн Л.Цог, О.Баасанхүү бид гурав байр сууриндаа хатуу зогсоно. Н.Энхбаяр дарга бид гурвыг саналаа татаж авахыг хүссэн. Бид гурав шийдвэрээсээ буцаагүй. Нэгэнт ийм санаа бодолтой байгаа бол сонгуультай холбож арга хэмжээ авна гэж Н.Энхбаяр дарга хэлсэн. Тэгэхдээ үүнээс үл хамаараад бид гурав байр сууриндаа хатуу байна” гэв. 

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар бид гурав зөвлөлдсөн. Манай бүлгийн 10 гишүүний долоо нь байнгын хорооны дарга, сайдын ажил хийдэг. Тиймээс танхимаа авч үлдээд Ч.Сайханбилэгийг З.Энхболдоор солих ёстой гэж ярилцсан” хэмээлээ. Мөн намын даргын эрх ашгаас бол өнгөрсөн хугацаанд нэр хүндээрээ хангалттай удаан тоглуулсан. Энэ удаад тэгэхгүй. 2016 онд нэр дэвшихгүй байж мэдэх ч гаргасан шийдвэрээсээ ухрахгүй гэсэн мэдэгдэл хийв. 

15.05 цагт:
Байнгын хорооны хуралдаан цуцлагдсан учраас УИХ-ын чуулган хуралдах зар тараав. Улмаар, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа нэг цаг гаруйгаар хоцорч эхэллээ. Хуралдаанаар Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуультай холбоотой төслүүдийн эцсийн найруулгыг сонслоо. Дараа нь зарим байнгын хорооны хуралдаанд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. 

Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Г.Батхүүг сонголоо. Харин УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр сонгов. Ийнхүү чуулганы хуралдаан 15 минут үргэлжлээд, завсарласан. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар болсон юм. 

Харин байнгын хорооны хуралдаан дууссаны дараа чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлэхээр болсон ч ирц бүрдэхгүй гэсэн шалтгаанаар цуцаллаа. Чуулганы хуралдааны үеэр Г.Батхүүг томилж, Н.Батцэрэгийг хасч байгаа нь хууль зөрчсөн асуудал хэмээн МАН-ын бүлгийнхэн эсэргүүцлээ илэрхийлэв. Гэсэн ч УИХ-ын дарга Н.Батцэрэг дарга хүсэлтээ өгсөн. З.Баянсэлэнгэ албан бичиг авчирч өгсөн хэмээн хүч түрэн уг асуудлыг баталсан юм. 

15.20 цагт:

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “УИХ-ын дарга дэгийн хууль зөрчиж, хүч түрэн байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа” гэх асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг гадаадад томилолтоор ажиллаж байгаа. Гэтэл УИХ-аас хүч түрэн УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. 

УИХ-ын Дэгийн тухай хуулийн 14.1-ээр УИХ-ын гишүүн харьяа бүлэгтээ саналаа бичгээр гаргаж, бүлгийн шийдвэрээр УИХ-ын тогтоолын төсөл гаргадаг. Нэгэнтээ гадаадад ажиллаж байгаа хүн бичгээр саналаа гаргах боломжгүй байгаа. Гэтэл УИХ-аас саналыг нь авалгүйгээр Н.Батцэрэг гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс хасч, оронд нь Г.Батхүү гишүүнийг оруулж ирлээ. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрх, УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж байна.

УИХ дахь намын бүлэг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа аливаа асуудлаар завсарлага авах эрхтэй. Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авах горимын санал гаргасан ч хүлээж авсангүй. Энэ нь УИХ-ын дарга УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа юм. Ийм нөхцөл байдал үүсээд байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо нь үдээс өмнөдөө ирц бүрдэхгүй өнжсөн. Гэтэл одоо хүчээр ирц бүрдүүлэх болж байна” гэв.

16.10 цагт: 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр 08.30 цагт зарласан байсан. Гэвч ирц бүрдэхгүйн улмаас хойшилж 13.30 цагт эхлэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр болсон ч дахин хойшлуулсан. Учир нь 14.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарласан юм. Чуулганы нэгдсэн хуралдааныг хийж дууссаны дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулахаар болж хуралдааны хуваарьт өөрчлөлт оруулсан. Улмаар 16.10 цагт хуралдаан эхэллээ. Байнгын хорооны хуралдааны эхэнд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Асуудлыг судлах шаардлагатай” хэмээн тав хоногийн завсарлага авлаа. 

Ингэснээр УИХ-ын 19 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэх асуудал ирэх долоо хоног болтол хойшиллоо. Үүний дараа “УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” тогтоолын төсөл, “УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэх байсан юм. 

Гэсэн ч УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс тав хоногийн завсарлага авлаа. Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх ёстой бүх асуудал дээр нам эвслийн бүлгүүд дараалан завсарлага авсан тул хуралдаан өндөрлөв. Ерөнхий сайдыг огцруулах асуудалд бүлэг завсарлага авах болсон үндэслэлээ МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Ирэх Даваа гарагт бүлгийн хурал болно. Бүлгийн зарим гишүүн гадаадад томилолттой, ар гэрийн гачигдал хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа учраас энэ долоо хоногт хуралдах боломжгүй. 

Тэгэхээр ирэх долоо хоногт энэ асуудлыг хэлэлцэнэ. Нэр бүхий гишүүд өөрсдийн итгэл үнэмшлийн хүрээнд Оюутолгойн асуудал буюу Дубайн гэрээний хүрээнд огцруулах асуудлыг дэмжсэн. Бүлэг дээр бол Ерөнхий сайдын анх томилогдохдоо эдийн засгаа сэргээнэ гэсэн амлалт, мөн өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан ажилд нь үнэлэлт дүгнэлт өгнө. Гишүүдийн үндэслэлийг нягталж үзэх зайлшгүй шаардлага бий” хэмээн тайлбарласан юм. Харин өглөө 8.30 цагт зарлагдсан Төрийн байгуулалтын Байнгын хорооны хурлаар өөрийнх нь өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх гэж байхад ирээгүй шалтгаанаа УИХ-ын гишүүн Г.Уянга “Байнгын хороо 19 гишүүнтэй. 19 гишүүний 10 нь ирчихвэл хурал эхлэнэ. /Г.Уянга гишүүн хуралдаа ирсэн бол ирц бүрдэх байсан/ Тэгээд гарын үсэг зурсан 19 гишүүн олонхиороо орж байр сууриа илэрхийлнэ гэсэн санал гаргасан. 

Тэдний шийдвэрийг хүндэтгэхээс өөр арга байхгүй” гэдгийг дуулгасан. Харин байнгын хорооны дарга А.Бакей “Уг нь огцруулах саналыг тавьхаасаа өмнө асуудлаа нарийн судалж байж, гарын үсэг зурсан баймаар. Анхнаас нь асуудлаа сайн судлахгүй яасан юм. Та нар жаахан дутуу судалсан юм байна. Тийм үү. 

Яагаад өөрсдөө өргөн барьчихаад хэлэлцэхгүй байгаа юм. Асуудлаа дутуу судалсан учир тав хоногийн дотор гүцээж судлах юм байна гэж ойлгоод завсарлага өглөө” гэв. Бүтэн өдрийн турш дуулиан дагуулж, анхаарал татсан өчигдрийн хуралдаанаас нэг ч үр дүнтэй шийдвэр гарсангүй. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудын нэг нэгнээ шантаажилсан үйл явц өрнөсөөр нэг өдрийг барлаа.