Энэ сард багтаан ипотекийн болон малчны зээлийн хүүг бууруулах боломжтой
УИХ дахь АН-ы бүлэг
2016.02.01

Энэ сард багтаан ипотекийн болон малчны зээлийн хүүг бууруулах боломжтой

УИХ дахь АН-ы бүлэгт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа тайлагнаж, энэ сард багтаан ипотекийн зээл, малчны зээлийн хүүг бууруулах боломжтой болохоо мэдэгджээ. Мөн ОХУ-аас зээлээр шатахуун авах болсон талаар танилцуулсан байна. УИХ-ын даргын зүгээс сар шинийн дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаа мэдэгдсэнийг бүлэг дэмжжээ. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 


-Ерөнхий сайд Шадар сайдаар Н.Энхбаярыг томилох тохироо хийсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулаач?


-Бүлэг дээр тийм мэдээлэл өгөөгүй.

-АН-ын бүлгээс гаргасан нийслэлийн мандатыг зэрэг саналууд дэмжигдсэнгүй. Бүлгийнхээ эсрэг шийдвэр гаргасан гишүүдэд хариуцлага тооцох уу?

-Тойргийн асуудал дээр сөрөг хүчин оноо авах гэж оролдож байж магадгүй. Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-д хоёр тогтоолын төсөл оруулж ирсэн. Хоёуланг нь хүчинтэй гэсэн байр суурьтай байсан. Эхний тогтоол нь 2012 оныхоор, дараагийн тогтоол нь хотын мандат нэмэх.  УИХ дахь АН-ын бүлэг дээрх асуудлууд дээр аль, аль дээр нь байр сууриа нэгтгэсэн байсан. Өөрөөр хэлбэл, аль нэг хувилбарыг нь хатуу бариад зогсоно гэсэн байр суурь бариагүй. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа бүлэг хуралдаад байнгын хорооны шийдвэрийг дэмжих нь зүйтэй гэж үзээд тэр шийдвэрээ бариад явсан.

-Сар шинийн баяраас өмнө хүүхдийн мөнгө, ипотек, малчны зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдэх ёстой. Амжих болов уу?

-Ерөнхий сайдын бидэнд өгсөн мэдээллээр шийдэх бүрэн боломжтой гэсэн. Хоёр сардаа багтаагаад ипотекийн хүү, малчны зээлийн хүүг бууруулах байх.

-Яагаад ОХУ-аас шатахуун зээлээр авах гэж байгаа юм бэ?


-Ерөнхий сайдын бидэнд өгсөн мэдээллээр “Роснефть”-тэй хийсэн гэрээгээр шууд төлбөрийг нь хийхгүйгээр шатахуун авах боломжтой болсон. Хуучин бэлэн төлбөр хийж байгаад шатахуун авдаг байсан. Монгол Улсын хувьд эхний улиралд татварын орлого бага байдаг учраас гадагшаа өгөх ам.доллар байдаггүй. Энэ үеэр төлбөрөө хийхгүйгээр зээлээр шатахуунаа авах боломжоор хангагдсан. Гол ач холбогдол нь энэ. Малчид зээл аваад хэрэгцээтэй зүйлээ авчихаад дараа нь ямаагаа самнаж зээлээ дарчихдаг шиг улс ч мөн адил. Эхний улиралд татвар бага хуримтлагдаад эдийн засаг хүнд байдаг. Энэ үеэ давахад нэмэр болж байгаа асуудал юм.