“Оюутолгойн асуудал Арбитрын шүүхэд очиход хуралдааны тэмдэглэл баримт болно”
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга нар мэдээлэл хийлээ. УИХ өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцээд огцруулахгүй байх шийдвэрийг олонхиороо гаргасан юм.Хэзээ нэгэн цагт Оюутолгойн асуудал Арбитрын шүүхэд очиход хуралдааны тэмдэглэл баримт болох нь гарцаагүй. Нөгөө талдаа энэхүү огцруулах асуудалтай холбоотойгоор ард түмэн Оюутолгойн талаар үнэн бодит мэдээлэлтэй болсон. Үр дүнтэй хуралдаан болсон гэсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Уянга “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл нь анх дэвшүүлж гарч ирсэн зарчмын байр суурин дээрээ байж чадаагүй алдаа олон бий. Тухайлбал, Оюутолгойн ашгийн 51 хувийг монголчуудад хүртээх амлалт өгч УИХ-д сонгогдчихоод тэр ашгийг нь 2037 он хүртэл хойшлуулж, хэзээ авах нь мэдэгдэхгүй байхад бүлгээс хэд, хэдэн шаардлагыг хүргүүлсэн байтлаа “Шударга ёс” эвсэл Засгийн газрыг хамгаалж үлдлээ. “Шударга ёс” эвсэл шударга ажиллаж чадахгүй байгаа. “Шударга ёс” эвслээс томилогдсон сайд элдэв асуудалд орооцолдож нийгэмд шуугиан үүсгэж байна. “Шударга ёс” эвслийн дарга өөрөө Шадар сайдаар барьцаалж зарчмын асуудлаа хөсөр хаяж байгаа. Бид гурав эвслийг задалъя гэдэг шийдвэр гаргаагүй.
Гэхдээ 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө бамбай болгож байсан асуудлаа хамгаалахгүй байхад яах ёстой вэ гэдгийг бид гурав ярих ёстой болж байгаа. Ямар ч тохиолдолд хаяж гарна гэдэг хэзээд бэлэн хамгийн хялбар сонголт. Хамгийн хялбар сонголтоос би эхлэхгүй. Аргаа ядсан үед орхиж гарах сонголт хэзээд байх сонголт. Уг нь бүлэгтэй байна гэдэг хүчтэй субьект. Зөв юм руу залах ёстой. Харамсалтай нь ийм үйл ажиллагаа хийхгүй байна. Бүлгийн хурлаа хийхээ больсон. Бүлгийн дарга маань сайд, дэд дарга мөн сайд болсон учраас завгүй байдаг байх” гэлээ. Түүнчлэн тэд төв банкны удирдлагыг огцруулах асуудлыг УИХ-д өнгөрсөн жил өргөн мэдүүлсэн ч УИХ-ын даргын зүгээс хэлэлцүүлэхгүй хав дарсан учраас энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад анхааруулга өгсөн гэлээ. Хэрвээ асуудлыг хэлэлцэхгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандах аж.
Төв банкны удирдлагын асуудлыг хөндөх болсон нь долларын ханш өсч, тэр хэрээр иргэдийн амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж буй аж. 2012 оны долдугаар сард төв банкны удирдлагыг сольж байхад доллар 1359 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2008 төгрөг болж өссөн. Мөн Г.Уянга гишүүний хэлж буйгаар төв банкныхантай холбогдох мөнгөний асуудлыг сөхөж тавьснаас болж тус банкинд ажиллаж байсан залуу хууль хяналтынханд байцаагдаж, буруутгагдах болсон. Түүнийг Г.Уянга гишүүнд мэдээлэл өгсөн гэж буруутгаж буй юм байна. Энэ асуудалтай холбоотойгоор Г.Уянга гишүүн прокурорт хандсанаар саяхан байцаалт өгчээ. Тэрбээр энэ асуудалтай холбоотойгоор төв банкны удирдлагыг шалгах ёстой хэмээн үзэж АТГ-т хандсан ч тус газрын зүгээс “Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломжгүй хэрэг” гэсэн хариуг ирүүлсэн юм байна.