Монгол хүний амьдралын чанарын өсөлт нь хөгжлийн хэмжүүр мөн
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
Аливаа улс хөгжлийн бодлогоо төлөвлөж, түүнийг дагаж, хэрэгжүүлэх урт хугацааны хөтөлбөртэй байдаг.
Энэ ч үүднээс УИХ өнгөрөгч намрын ээлжит чуулганы хаалтын өдөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Гишүүн Я.Содбаатар уг баримт бичгийн төслийг боловсруулсан Ажлын хэсгийг гишүүнээр ажилласан юм.
Юуны түрүүнд уг баримт бичгийг батлах гарцаагүй үндэслэл, шалтгааныг хэлэхгүй юу?
-Манай улс сүүлийн жилүүдэд харьцангуй урт хугацаанд хөгжлийн бодлогоо төлөвлөх чиглэлд нэлээд алдаж ирсэн. Үүнийгээ дагаад ч сонгуулийн дөрөв, дөрвөн жилээр буюу ялалт байгуулсан улс төрийн хүчин л улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотой аливаа асуудлыг шийдэж ирсэн. Улмаар төрийн залгамж чанар алдагдах, аливаа бодлогын эцсийн үр дүн гарах, эсэх нь цаг хугацаа, боломжийн хувьд нэлээд хязгаарлагдмал болох нөхцөл бий болсон. Чухам ийм үндэслэл, шалтгааны улмаас энэхүү баримт бичгийг боловсруулан баталлаа.
Үнэндээ манайд бодлогын баримт цөөдөөгүй болов уу. Тэдгээрийг хэрэгжүүлэх талдаа л алдаад байх шиг?
Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Монгол Улсын хөгжлийн урт хугацааны хөгжлийн хөтөлбөр гаргаж байсан. Ер нь баталсан баримт бичгүүдээ амьдралд хэрэгжүүлх, хатуу мөрдлөг болгоход алдаа, дутагдал бий гэдэгтэй санал нэг байна. Тийм ч учраас улс төрийн олон хүчний төлөөлөл бүхий одоогийнх шиг парламенттай үед урт хугацааны хөгжлийн бодлогын асуудалд байр сууриа нэгтгэх үүднээс энэ ажлыг эхлүүлсэн.
Тэгэхгүй бол нэг нөхөр гэнэт гарч ирээд л тэнгэрээс бууж ирсэн юм шиг янз бүрийн юм ярьж, олон түмний толгойг эргүүлж, хэзээ ч биелэхгүй асуудлаар иргэдэд буруу мэдээлэл өгөх хандлага газар авч байна. Одоо намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө уг баримт бичигт тусгасан хөгжлийн зорилтуудад ямар арга замаар хүрэх вэ гэдгээрээ уралдана. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулиа ч баталсан.
Үүнд урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, салбар хоорондын бодлого гэж юу болох, түүн дотроо хэрэгжүүлэх арга зам нь юу байх вэ гэдгийг зааж өгсөн. Сая баталсан Сонгуулийн тухай хуульд ч урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд мөрийн хөтөлбөр боловсруулахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, намууд улс орны эдийн засгийн чадавхитай уялдаагүй зүйл амалж болохгүй гэж хуульчилсан. Гэхдээ өнөөдөр зарим судалгааны дүн, нөхцөл байдлаас харахад зарим улс төрийн хүчин нэгэнт сонгуульд ялахгүй юм чинь гэсэн байдлаар улсын эдийн засгийн чадавхиас хэд дахин давсан, биелэгдэшгүй зүйл амлах гэсэн хандлага гарч эхэллээ. Тухайлбал, МАХН 60-70 тэрбум ам.доллар оруулж ирэн, тэр хэмжээгээр Монголын эдийн засгийг өргөтгөнө гэж ярьж байна. Ирээдүйд ийм нөхцөл үүсэж болох ч ойрын жилүүдэд лав биш. Тэр хэмжээний хөрөнгө эргэлдэх эдийн засаг манайд одоохондоо бүрдээгүй байна.
Тус баримт бичгийг боловсруулах Ажлын хэсгийг УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нар ахлан ажилласан. Ажлын хэсгийн болон хэлэлцүүлгийн түвшинд хэр ойлголцож ажиллав?
Уг баримт бичгийг улс төрийн аль ч хүчин хэрэгжүүлдэг байх үүднээс УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж ажилласан. Сүүлийн жилүүдэд хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал, урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг гаргах чиглэлээр судалгааны байгууллага болон улс төрийн намууд тодорхой санал, санаачилга гаргах болсон. МАН гэхэд л 2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”, Ардчилсан нам “Монгол хүн 2020” гэж хөтөлбөр гаргасан байх жишээтэй.
Энэ бүхнийг нэгтгэн хэлэлцүүлсэн. Намууд өөр өөрсдийнхөө бодол саналыг л гаргасан. Манай намын баримт бичигт гэхэд 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 30 мянган ам.долларт хүргэж, дэлхийн хөгжилтэй тавин орны нэг болно гэхчилэн өнөөдрийнхөөс өөдрөгөөр харж, тусгасан байсан. Уг төсөөллийг гаргаж байх үеийн эдийн засгийн өсөлт ч харьцангуй нааштай байсан биз.
Уг баримт бичигт тусгаснаар бид 2030 онд хөгжлийн ямар үзүүлэлтэд хүрсэн байх вэ?
Бодлогын баримт бичигт нийт арван найман зорилт дэвшүүлж, 25 тодорхой шалгуур үзүүлэлт тавьсан. Монгол Улс 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 17500 ам.доллар, орлогын тэгш бус байдлын үзүүлэлтийг 30-д хүргэхээр тусгасан. Ингэснээр монголчуудын 80 хувь нь чинээлэг, дундаж давхаргад багтана. Түүнчлэн дундаж наслалтыг 78-д хүргэж, хүний хөгжлийн индексээр эхний 70 орны тоонд багтаж, төсвийг алдагдалгүй баталж, Засгийн газрын өрийг эдийн засагт дарамт үзүүлэхгүй байх хэмжээнд хүртэл бууруулж, ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч 30 орны нэг болох зэрэг тодорхой зорилт тавьсан.
Сайхан сонсогдож байна. Гэвч одоогийн суурь нөхцөлтэй харьцуулбал үүнд хүрэх амаргүй. Мэдээж үүнийг тооцсон л биз дээ. Та хувь улстөрчийн хувьд ямар бодолтой байна вэ?
Салбар хоорондын бодлогуудыг уялдуулан тав, таван жилээр гурван үе шаттайгаар 2030 он гэхэд дээрх зорилтуудад хүрэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, салбар салбарт ямархуу амжилтад хүрэхээ нэлээд нарийвчилсан. Тухайлбал, эдийн засгийн олон салбарыг жигд хөгжүүлэх ёстой гэж үздэг. Улмаар Монгол төдийгүй олон улсын хэмжээнд, ялангуяа Зүүн хойд Азид өрсөлдөж чадахуйц эдийн засгийн ямар салбарууд байгааг гаргаж ирэх ёстой.
Үүнээс гадна cultural industry буюу оюун санаа, соёлын аж үйлдвэрийг хөгжүүлэх боломж бидэнд бий
Манай намын “Ард түмний хөгжлийн хөтөлбөр” баримт бичигт эдийн засгийн хөгжлийн таван суурь салбар байж болохоор тусгасан байдаг. Үүнд уул уурхай, түүнийг дагасан боловсруулах үйлдвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй хамаарна. Үүнээс гадна cultural industry буюу оюун санаа, соёлын аж үйлдвэрийг хөгжүүлэх боломж бидэнд бий.
Юуны түрүүнд, төрийн бодлого тогтвортой байх ёстой.
Нүүдлийн соёл иргэншилтэй, түүхийн асар баялагтайн зэрэгцээ иргэдийнх нь оюун санаа, боловсролын түвшин харьцангуй өндөр манай орон энэ чиглэлээр хөгжих бүрэн боломжтой. Эцэст нь энэ бүхнийг дагасан дэд бүтэц, хоёр хөршийг холбосон ложистикийн сүлжээ, төслүүд хэрэгжүүлбэл эдийн засгийн томоохон нөөц, боломж үүснэ. Гэхдээ эдгээрийг хийхдээ хэдхэн зарчим барих нь чухал. Хэлэлцүүлгийн явцад ч энэ тухайгаа хэд хэдэн удаа хэлсэн. Юуны түрүүнд, төрийн бодлого тогтвортой байх ёстой. Уул уурхайд тулгуурлан хөгжиж байгаа манай оронд тогтвортой бодлого л чухал.
Нөгөө талаас засаглалын бодлогоо нухацтай хандах ёстой. Үнэндээ гадаад, дотоодын эдийн засгийн хүчин зүйл гэхээс илүүтэй засаглал, саарал ордноос гаралтай хямрал л эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг бий болгож байгаа шүү дээ. Эцэст нь, хүн ам цөөтэй улсын хувьд хүний хөгжлийн бодлогыг монгол хүн чухам ямар байхыг хэзээ ч орхигдуулж болохгүй. Өөрөөр хэлбэл, монгол хүүхэд болгон Монголд төрснийхөө хувьд тэгш боломжоор хангагдаж, өрсөлдөж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх ирээдүйг бий болгох ёстой. Тэгэхгүй бол бид өнгөрсөн 25 жилд амьжиргаа, мөнгийг хэт хөөгөөд хүний амьдралын гол үнэт зүйл болсон олон зүйлсээ орхигдуулсан.
Салбар хоорондын бодлогыг уялдуулах хөшүүрэг нь юу вэ?
-Тодорхой зааж өгсөн. Тухайн салбарын баримт бичгийг баталж, түнийг дагасан хөтөлбөрүүд гаргадаг баталдаг байсныг нэлээд цэгцэлсэн. Алийг нь Засгийн газрын түвшинд, юуг нь парламент батлахыг тодорхой заасан. Хугацааг нь ч зааж өгсөн. Нөгөө талаас төрийн бодлого судалгаа, шинжилгээнд суурилах учиртай. Харамсалтай нь энэ байдал манайд дутагдалтай явж ирсэн. Энэ нь ч өнөөдрийн хүндрэл, бэрхшээлийн нэг шалтгаан байх талтай.
Жишээ нь, манайхан нэг тэрбум ам.долларын мах гаргана гээд л зарлачихлаа шүү дээ. Үнэндээ бидэнд тийм боломж бий юү, үүнийг бий болгохын тулд хэр хугацаа шаардлагатайг тооцох ёстой. Гэтэл өнөөдрийн нөхцөлд тийм хэмжээний мах гаргах боломжгүй. Тиймээс судалгааны байгууллагуудын чадавхийг сайжруулах, тэндээс гарч буй санал, дүгнэлтийг төрийн шийдвэр гаргах үйл явцад харгалзан үздэг байх чиглэлд нэлээд өөрчлөлт хийх ёстой.
Хэлэлцүүлгийн явцад бодлогыг хэрэгжүүлэх механизмуудаа дутуу суулгаж өгөө юу даа гэсэн шүүмжлэл мэр сэр гарч байсан. Үнэхээр ч бодлогыг хэрэгжүүлэх засаглалын болоод санхүүгийн үндсэн баталгааг бид хангаж өгөх ёстой. Эцэст нь хэлэхэд, хөгжлийн бодлогын цөм нь хүний хөгжлийн асуудал. 2030 онд бид хөгжлийн ямар түвшинд хүрсэн гэдгээ монгол хүний амьдрал хэр дээшилсэн, амьдралд нь чанарын өөрчлөлт хэр гарснаар хэмжих учиртай. Өөрөөр хэлбэл, Монгол хүний амьдралын чанарын өсөлт нь хөгжлийн хэмжүүр мөн.