2010.06.04

Су.Батболд:Хүний өмнөөс санал өгдөгийг хуулиар хориглоно

Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэд хэдэн төслийг УИХ-аар хэлэлцэж буй. Түүнээс болж гишүүдийн дунд маргаан дэгдээв.  Байнгын хороо, чуулганаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж намын бүлгийг төлөөлсөн таваас илүүгүй гишүүн үг хэлнэ, Байнгын хороо сэтгүүлдчийн өмнө хаалттай байх зэрэг заалт зарим гишүүний "дургүй"-г хүргээд байгаа. Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаалагч Су.Батболдоос зарим зүйл тодрууллаа.

-Дэгийг боловсронгуй болгох шаардлага бий. Гэхдээ цөөнгүй гишүүн Та нарын төслийг эрс эсэргүүцэж байгаа. Тэднээр төслөө хүлээн зөвшөөрүүлэх боломж бий юу?

-Дэгийг тогтоолоор зохицуулдаг байсныг хуульчилна. Аливаа улсын хууль тогтоох байгууллагын дэг нарийн зохицуулалттай байдаг. УИХ тэр дагуу ажиллахгүй бол хэтэрхий "задгай" байгаа юм. Гишүүд "тааллаараа" хуралдаанд оролцож, эзгүй нэгнийхээ өмнөөс, картаар нь санал өгдөг явдал хэрээс хэтэрсэн гэхэд хилсдэхгүй. Энэ тухай бид ярилцаад төсөл санаачилсан.

-Эзгүй гишүүний  өмнөөс санал өгдгийг таслан зогсоож чадах уу?

-УИХ-ын гишүүн  өөрийнхөө саналыг өөрийнхөө итгэл үнэмшил, үзэл бодлоор өгдөг байх ёстой. Гэтэл тэгдэггүй. 

Санхүүгийн  бололцоо байвал хурууны хээгээр санал өгдөг болох шаардлагатай. Олон улсын Парламент электрон санал хураалтыг хэрэглэдэггүй юм байна. Дийлэнхдээ илээр гар өргөх буюу "гар" аргаар санал хураалт явуулдаг. Их Британи зэрэг оронд өөрийн биеэр босож санал өгчихөөд өөр хаалгаар гардаг байх жишээтэй. Японы Парламентад  гишүүд нь санал өгснийг нотлох модтой байдаг аж. Гэтэл манайхан дур зоргоороо хэн нэгнийхээ өмнөөс санал өгдөг. Хууль батлагдсанаар энэ байдал үгүй болно.

-Хэлэлцэж буй асуудлаар бүлгээс санал болгосон таван гишүүн л үг хэлдэг болохоор байгаа. Гэтэл олон гишүүн "миний үг хэлэх эрхийг зөрчлөө" гээд байгаа шүү дээ?

-Манай зарим гишүүн ихэнхдээ танин мэдэхүйн чанартай асуудлаар үг, саналаа хэлж, асуулт тавьдаг. Асуудлаа судлаагүй, танилцаагүй байж л ингэж цаг үрдэг. Парламентын хэлэлцүүлэг санал бодлоо уралдуулах мэтгэлцээний хэлбэрээр явагддаг. Тухайн бодлогын асуудлаа хамгийн сайн мэддэг нь үг хэлэх ёстой. Тэгэхгүй бол УИХ-ын 76 гишүүн бараг бүгд шахуу л нэг л асуудлаар санал хэлэхээр  цаг авдаг.

Гишүүдийн асуулт тавих эрхийг нэг их хязгаарлахгүй. Асуудлаа мэддэг гишүүний санал бодол бодлого болж явдаг. Үүнийг журамлаж, санал хэлэх тав хүртэлх гишүүн үг хэлдэг болох юм. Энэ нь гишүүдийг мэргэшүүлэхэд тустай. Санхүү, хөдөө аж ахуй, эдийн засаг, худалдаа, төрийн захиргаа зэргээр гишүүдийг тухайн  салбартаа мэргэшихэд хуулийн зорилго чиглэгдсэн.

-Байнгын хорооны хуралдааныг яагаад хаалттай болгож байгаа юм бэ?

-Байнгын хорооны хуралдаан жинхэнэ ажил хэрэгч байдлаар болох ёстой. Одоогийн байдлаар, хуралдаан хэвлэлийнхний өмнө нээлттэй болдог болохоор зарим гишүүн "шоудах" гэдэг. Бодлогын асуудал ярихаасаа илүү иргэдэд таалагдахын тулд дурангийн өмнө жүжиглэх гээд байдаг гэмтэй. Ийм  шалтгаанаар хаалттай явуулахаар болж буй.

Байнгын хорооны хуралдаан мэргэжлийн мэтгэлцээний талбар байх ёстой. Хуралдааны дараа хэлэлцэгдсэн асуудлаар хуралдаан даргалагч болон цөөнхийн төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг байх юм. Чуулганы нэгдсэн хуралдаан нээлттэй байна.

-Тав хүртэл гишүүнд  шалгуур байх уу. Байнгын таван гишүүн үг хэлээд байх уу. Нэрээ хамгийн түрүүнд өгсөн азтай таван гишүүн байр сууриа илэрхийлдэг байх уу?

-Ямар ч таван гишүүн байж болно. Тухайн хэлэлцэж байгаа асуудлаа хамгийн сайн мэддэг таван хүнээ бүлэг томилж байх юм. Тийм учраас тогтсон таван гишүүн байхгүй гэсэн үг.

-Санал хураахаас таван минутын өмнө хуралдаан даргалагч тусгайлан дохио өгч гишүүдэд мэдэгдэнэ гэж байна. УИХ-ын дарга санал хураалгах гэж их зовдог. Гишүүд олдохоо больчихдог. Энэ байдал нь хуульд ийм агуулгатай заалт оруулах үндэслэл болсон байх?

-Аль ч орны Парламентын гишүүн их ачаалалтай ажилладаг учраас хуралдаан дамжуулдаг суваг ашиглаж, санал хураахаас тодорхой хугацааны өмнө сануулах мэдэгдэл хүргүүлдэг юм билээ. Санал хураалтын өмнө дохио өгдөг систем дэлхийн бараг бүх орны Парламентын танхимд байдаг. Тийм системийг Төрийн ордонд байрлуулах саналтай байгаа.

-Зарим гишүүн асуулт, хариулт, үг, санал хэлэхдээ бодлогоо мартаж хадуурах нь бий. Бие биеээ доромжлох нь юу ч биш болсон нь анзаарагддаг. Үүнийг өөрчилж, мэтгэлцэх зарчмыг оруулж өгч байгаа юм байна.

-Онол, шинжлэх ухаан, мэргэжлийн байр суурь илэрхийлэхээсэ илүү уур бухимдлаа гаргах, хэлэлцэж буй асуудлаасаа хадуурч давхих,  маргалдах явдал түгээмэл болсныг нуухгүй.  Энэ байдлаас салахын тулд мэтгэлцээний зарчмыг  хуульд оруулж өгч байгаа. Ингэж байж гишүүд маань аль нэг салбарт мэргэших боломж бүрдэх юм.

Олон орны Парламентын хэлэлцүүлгийн явцыг ажиглаж байхад мэддэг, мэргэшсэн асуудлаараа л мэтгэлцдэг юм билээ. УИХ дахь намын бүлгүүд гишүүдээ салбар салбарт нь мэргэшүүлэх ёстой шүү дээ. Түүндээ энэ олон туслах, зөвлөхүүдийн хүч, боломжийг  ашиглах хэрэгтэй. Түүнээс бус манай зарим гишүүн шиг хаа  хамаагүй асуудлаар дуугардаггүй аж. Асуулт тавих нь  чөлөөтэй, нээлттэй байх юм.

-Үг хэлэх таван гишүүн заавал чуулганы индэрт гарах шаардлага байна уу?

-Суудал дээрээсээ асуулт тавьж болно. Үг хэлэхдээ индэрт гарна. Энэ нь төрдөө хүндэтгэлтэй хандаж байгаа нэг хэлбэр байх юм.

-УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг чуулганы эхэнд хэвлэл, мэдээллийн байгууллагаас ирүүлсэн санал, ажлын туршлага, мэргэжлийн ур чадварыг харгалзан нэр зааж олгоно гэсэн заалт байна. Үүнийг заавал хуульчлах хэрэгтэй юу?

-Парламентын сурвалжлагчын  үнэмлэх олгодог одоогийн журам  хэвээрээ байна. Нэр зааж олгохгүй бол 76 гишүүнээс олон сэтгүүлч байна шүү дээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.