Соёлын өвийг хамгаалахад олон нийтийг оролцуулна
2016.02.22

Соёлын өвийг хамгаалахад олон нийтийг оролцуулна

Хуулийн нэр: Соёлын өвийг хамгаалах тухай

Санаачлагч: Засгийн газар

Өргөн барьсан он.сар.өдөр: 2013.09.16

Батлагдсан он.сар.өдөр: 2014.05.15

Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн он.сар.өдөр: 2014.07.01

Хуулийн бүтэц: 13 бүлэг, 61 зүйлтэй

Соёлын өвийг хамгаалах шинэ менежмент

Энэ хуульд соёлын өвийг улс, аймаг, сум, дүүргийн хэмжээнд хамгаална гэж заажээ. Ялангуяа орон нутгийн хэмжээнд соёлын өвийг хамгаалахдаа зөвхөн тухайн орон нутгийн удирдлагад даалгаад орхилгүй олон нийтийн оролцоог хангах эрх зүйн орчинг бүрдүүлжээ. Тухайлбал түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалахдаа сум дүүргийн Засаг даргын шийдвэрээр гэрээт харуулыг ажиллуулж болно. Гэрээт харуул нь үл хөдлөх түүх, соёлын дурсгалын эвдрэл гэмтэл, авран хамгаалах талаар эрх бүхий газарт нь мэдэгдэх, судлах эсвэл үзэж сонирхохоор ирсэн хүмүүсийг бүртгэх, багаж хэрэгслийг нь шалгах, хууль бус хайгуул, малтлагаас урьдчилан сэргийлэх, баримтжуулах, хамгаалж байгаа соёлын өвийн ойролцоо байнга оршин суух үүрэгтэй. Эдгээр ажлыг хийснийхээ төлөө тодорхой хэмжээний цалин хөлс, урамшуулал авах юм байна.

... Ер нь хэн ч байсан, соёлын өвийг хамгаалахад идэвхтэй оролцсон бол дэмжиж, урамшуулна ...

Соёлын өвийн дурсгалт газрыг тухай хамгаалалтад авч хилийн заагийг тогтооно. Ийм газарт тусгай зөвшөөрлийн дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж болно. Харин онцгой байдал зарлаагүй тохиолдолд нисэх онгоц буулгах, ашигт малтмал хайх, ашиглах, мод, элс, хайрга, чулуу олборлох, шинээр байгууламж барих, тэсэлгээ хийх, мал бэлчээх зэргийг хориглоно.

Соёлын өвийг өвлөн уламжлуулагч гэж хэн бэ?

Уг хуулийн нэгэн том давуу тал бол мартагдах дөхсөн эх хэлний уламжлал, аман зохиол, язгуур урлаг, гар урлалын төрөл, ардын уламжлалт технологи, ёс заншил, зан үйлийн элементүүд зэрэг соёлын биет бус өвийг хамгаалах, сэргээн хөгжүүлэх хөшүүргийг бий болгосон юм. Ингэхдээ “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид”-ыг төрөөс бодлого, санхүүгээр дэмжинэ.

... Өвлөн уламжлагч өөрт буй соёлын биет бус өвийн мэдлэг, чадвараа шавь сургалтын хэлбэрээр хойч үедээ өвлүүлэх, сурталчлах үүрэг хүлээнэ ...

Одоогоор Засгийн газрын шийдвэрээр 100 гаруй хүнийг соёлын өвлөн уламжлагчаар зарлаж нэг хүнд хоёр жилийн хугацаатай сар бүр 200 мянган төгрөгийн урамшуулал олгох бөгөөд цаашид энэ тоог нэмэх зорилготой байна. Жил бүр соёлын өвийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг тодруулж мөнгөн шагнал олгоно.

Харин соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага  өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутамд улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулна.

Соёлын өвийн ангилал

Соёлын өвийн загварыг ашиглах мерчандайзийн гэрээ

Урлаачид, бизнесийнхэн соёлын өвийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах сонирхолтой байдаг. Тэгвэл энэ талаар хуульд тусгай бүлэг болгон оруулж мерчандайзийн гэрээ байгуулснаар соёлын өвийн загварыг үйлдвэрлэлд ашиглах эрх зүйн боломжийг үүсгэжээ. Энэ нь нэг талаас соёлын өвийг сурталчлах, нөгөө талаас музей, соёлын өв хариуцсан байгууллагуудыг санхүүгийн нэгэн эх үүсвэртэй болгох ач холбогдолтой юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.