Үндэсний номын сан  3.5 сая орчим номоор үйлчилдэг
2016.02.23

Үндэсний номын сан 3.5 сая орчим номоор үйлчилдэг

Монголын Үндэсний Номын сан нь 1921 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд 2000 гаруй номын фондтой, хоёр ажилтантай байгуулагдсан.

Одоогоор 3.5 сая орчим ном хэвлэлийн найман фонд, таван уншлагын танхимд  56 мянга гаруй уншигчдад 160 мянга орчим ном олгож үйлчилдэг,  бүх төрлийн номын сангуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангадаг үндэсний томоохон байгууллага юм. Номын фондын 50 орчим хувийг эртний, ховор, гар бичмэл, барын ном, түвд хэл дээрх ном, судар эзэлдэг. Мэргэжлийн дөрвөн хэлтэс, захиргаа аж ахуй эрхэлсэн нэг, нийт таван хэлтэст 82 ажилтан албан хаагч ажиллаж байна.

Ингээд бид Үндэсний Номын сангийн захирал А.Нансалмаатай ярилцсан юм.

Номын санд үйлчлүүлэгчдийн тоо хэр нэмэгдэж байна вэ?

Сүүлийн таван  жилийн уншигч, ном олголтын судалгаанаас харахад уншигчдын тоо жил бүр өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал 2010 онд 51 мянган уншигчдад 165 мянган ном хэвлэлээр үйлчилдэг байсан бол 2014 онд 59 мянган уншигчдад 162 мянган ном, хэвлэлээр үйлчилдэг болсон.  Үүнээс үзэхэд номын санд үйлчлүүлэгчдийн тоо дунджаар 5%-аар нэмэгдэж байна. Цаашид орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэн үйлчилгээний цар хүрээг өргөжүүлснээр үйлчлүүлэгсдийн тоог илүү нэмэгдүүлнэ.

Цахим сүлжээ нэвтэрсэн гэж сонссон. Тэр ажлын явц ямар байна вэ?  Орчин үеийн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх тал дээр хэрхэн ажилладаг вэ?

Үндэсний номын сан нь 3.5 сая орчим номыг найман фондод хадгалж, хамгаалж, сурталчилж үйлчилдэг. Өнөөдөр зөвхөн Монгол номын фондод хадгалагдаж буй 200 мянга орчим номын мэдээлэл электрон каталогит орсон. 1998 оноос ашиглаж буй L-Soft системийг  2002 онд хөгжүүлсэн. Ном хэвлэлийг арав  гаруй үзүүлэлтээр каталогижуулдаг. 2014 оны сүүлээс эхлэн ОУ-ын КОХА номын сангийн цогц программыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

"Ингэснээр номын хайлтыг оновчтой болгож,  хайлтын илэрцээс уншигч хэрэгцээт номоо хурдан олох, мөн дэлхийн өнцөг бүрд Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй номын мэдээлэл хүрэх, солилцох, үйлчлүүлэх, олон улсын каталогоос ном зүйн мэдээллийг импортлон оруулах боломж олгох зэрэг олон талын ач холбогдолтой".

Өнгөрсөн жилээс вэб сайтаа хөгжүүлэх, шинэчлэх ажлыг эхлүүлсэн.

Энэ шинэчлэлийг хийснээр долоон мэдээллийг агуулдаг байсан вэб сайтыг бүхлээр нь өөрчилж онлайн захиалга, ном уншлага, онлайн хөтөч, олон хэлний сонголт /кирилл, монгол бичиг, англи, орос хэл г.м/-той болгон гадаад болон дотоодын онлайн ном солилцоо, соёл танин мэдэхүйн булан, цахим ном, номын санчдад зориулсан цэс, монголын номын сангуудын нэгдсэн мэдээлэл, каталог зэрэг 26 мэдээллийг агуулсан орчин үеийн дизайн бүхий вэб сайттай болох юм.

2014 оны 5-р сараас хувилах эрхийн карттай Bizhub ухаалаг каноны үйлчилгээг ҮНС-ийн нийтийн уншлагын танхимын уншигч хэрэглэгчиддээ зориулан нэвтрүүлсэн.

2014 оны 5-р сараас хувилах эрхийн карттай Bizhub ухаалаг каноны үйлчилгээг ҮНС-ийн нийтийн уншлагын танхимын уншигч хэрэглэгчиддээ зориулан нэвтрүүлсэн. Улмаар  уншигчид хүссэн цагтаа хэрэгцээт материалаа хувилан авч өөрөө өөртөө үйлчлэх, номын санчдын ажлыг хөнгөвчилж, орон тоо багасах зэрэг сайн талууд бий болсон.

Танай номын санд бүртгэлтэй хэдэн ном байдаг вэ, сүүлд нэмэгдсэн шинэ номнуудаас дурдвал?

3.5 сая орчим ном бүртгэлтэй байдаг. “Большой академический словарь”, “Юань улсын судар 1-6 боть”, “Б.Ринчен ЭШ-ний бүтээлийн чуулган 1-9  боть”, “Хубилай хаан сэцэн хаан-800 жил 1-9 боть”, “Монголын эх түүх 1-6 боть”, “МУ-ын Ерөнхийлөгчийн 1-5 боть”, “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” 1-3 боть, “Гайхамшигт монгол орон”, “ 20 дугаар зууны монголын шилдэг роман” цуврал,  “Дэлхийн шилдэг жүжгүүд” цуврал, ШУА-ийн Хэл зохиол, түүх, археологи, ОУС-ын хүрээлэнгүүдээс гарсан шинэ ном зохиолуудыг тогтмол авч байна.

Номын фондоо хэрхэн шинэчилж байна вэ?

Төсөвт тусгагдсан зардлын хүрээнд худалдан авч, мөн бэлэг хандивын арга хэмжээ зохион байгуулан номын фондыг бүрдүүлдэг. 2015 онд 297 нэрийн 1616 ном худалдан авч,  бэлэг хандиваар 946 нэрийн 2497 ном, нийт 1609 нэрийн 62135380 төгрөгийн номоор фондоо баяжуулсан.

Танай номын санд тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

Боловсон хүчний хангалт, чадавх муу байна. Тухайлбал, номын санчийн мэргэжлийн 57 ажлын байр байдгаас дийлэнх нь мэргэжлийн бус хүмүүс ажилладаг. Төвд, хятад, англи, орос хэлтэй болон компьютерийн инженер, химич, цаасны мэргэжилтэн зэрэг боловсон хүчнүүд шаардлагатай байдаг.

Боловсон хүчний хангалт, чадавх муу байна

Мөн номын сангийн орчинд тавигдах стандарт, шаардлагуудыг бүрэн хангаж чадахгүй байна. Номын сангийн байр багтаамж муутай учраас олон төрлийн үйлчилгээ явуулах танхимуудыг нээх боломжгүй.  Өөр нэг асуудал нь ном худалдан авах, соёл танин мэдэхүйн үйл ажиллагаа явуулах зардлууд маш бага байдаг. Тиймээс улсын хэмжээнд хэвлэгдэн гарч буй номын дөнгөж тав орчим хувийг худалдан авч үйлчилгээ үзүүлдэг.

Номын сангийн тухай бие даасан хуультай болсон нь хэр ахиц авчирсан бэ?

Хуультай болсноор номын сангийн үйл ажиллагаа, Үндэсний номын сангийн эрх зүйн байдлыг хуульчлах, мэргэжилтэн бэлтгэн, номын сангийн үйлчилгээг алслагдсан аймаг, сумын хүн амд хүргэх, үндэсний сан хөмрөг бүрдүүлэх зэрэгт тодорхой ахиц гарсан. Тухайлбал,   ном бүтээгч, туурвигчид номоо үндэсний сан хөмрөгт хандивлах, бэлэглэх санал санаачилга нэмэгдэж номын тоо өссөн.  Алслагдсан иргэдэд номын сангийн үйлчилгээг үзүүлэх, цахим ном хэвлэлээр үйлчлэх эрх зүйн орчин бүрдсэн.

Энэ хууль хэр ач холбогдолтой хууль болсон бэ?

Энэхүү хууль батлагдсанаар номын сангийн үйл ажиллагааг олон улсын нийтлэг стандартад нийцүүлэх, номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, мэдээлэл хүлээн авах боломжийг бүрдүүлэх, хүн амд мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарсан ба номын сангийн салбарт тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой болсон.

Үндэсний номын сангийн эрх зүйн байдал тус хуульд тусгагдсанаар үндэсний сан хөмрөг /үндэсний фонд/ бүрдүүлэх, үндэсний ном зүйн бүртгэлтэй болох, үндэсний номын санд хадгалагдаж байгаа үнэт ховор ном судрыг хадгалж, хамгаалах эрх зүйн үндэс бүрдэнэ. Мөн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд заасан үндэсний хэмжээний номын сан нь эрдэм шинжилгээний байгуулага байх үүргээ хэрэгжүүлэн ажиллах нөхцөл бүрдэх давуу талтай.

Төрийн зүгээс үзүүлж буй тусламж дэмжлэгт хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?

Төрийн зүгээс 2011 оноос номын санд таатай орчин бүрдүүлэх, орчин үеийн техник технологийг нэвтрүүлж ажиллах боломжийг олгож эхэлсэн. Харин 2014 онд номын сангийн шинэ барилгын ажил эхэлсэн. Үүнийг төрөөс санхүүжүүлдаг. Гэвч улс орны санхүүгийн байдлаас шалтгаалан барилгын ажлын явц удаашралтай байна.