Алга урвуулахын төдий шийдэгддэг асуудал гэж байхгүй
НИТХ-ын төлөөлөгч Д.Байдраг
2016.02.24

Алга урвуулахын төдий шийдэгддэг асуудал гэж байхгүй

Бид энэ удаад УИХ-ын гишүүнтэй биш НИТХ-ын төлөөлөгчтэй ярилцлаа. Нийслэл гэдэг том айлын иргэдийг төлөөлөн сонгогдсон 45 төлөөлөгч бий. Эдгээр төлөөлөгчдийн энэ дөрвөн жилд сонгогдсон тойрогтоо санаачилсан ажлууд гэвэл чамгүй.

Иргэдийн төлөөлөгч гэдэг утгаараа иргэдийн санаа бодлыг шат, шатны байгууллагад уламжилж, асуудлыг нь шийдвэрлэхийн төлөө хөөцөлдөх үүрэгтэй. Тэгвэл энэхүү үүргээ хэр биелүүлж байгаа талаараа Хан-Уул дүүргийн 1,2,3,15 дугаар хорооноос сонгогдон ажиллаж буй НИТХ-ын төлөөлөгч Д.Байдраг ярьж байна.

Хан-Уул дүүрэг тэр дундаа дээр дурдсан хороодыг яагаад төлөөлөх болов?

Би 2008 онд 27 настайдаа анх Хан-Уул дүүргийн 3, 11 дүгээр хорооны иргэдийн дэмжлэгийг авч, ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байлаа. 2010 онд тухайн үеийн иргэдийн хурлын шийдвэр гарч, шинээр 15 дугаар хороог эмхлэн байгуулах болж, тус хорооны Засаг даргаар намайг томилсон юм. Анх ажлаа авахад 15 дугаар хороонд 8000 орчим иргэн хамаарч байсан бол одоо 20 мянга гаруй хүн амтай, хорооны байр, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтэс, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбортой болоод байна. Энэ мэт шижмээр холбогдсон учраас эдгээр хороодыг иргэдийг мэднэ, тулгамдсан асуудлуудыг мэднэ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 2.2 га нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн барихаар төлөвлөсөн нийтийн эзэмшлийн талбайг барилга барих зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгосон байсан. Энэ зөвшөөрлийг цуцуулж өгөөч гэсэн иргэдийн хүсэлтийн дагуу шат, шатны шүүхээ явж, хоёр жил хөөцөлдсөний эцэст барилга барих ажлыг зогсоож, энэ онд цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орно.

Хан-Уул дүүргийн 19-р хороолол, 120 мянгат орчим ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, үзэгдэх орчин, хороолол дундах тохижилт сайтай хэсэгт тооцогдож байна.

...Эдгээр болон бусад асуудлыг шийдвэрлэдэг санаачилгатай ажилласанд “Байдраг аа, чамд баярлалаа” гэж өдөр бүр хэлдэггүй ч гэсэн тус хорооны иргэд дотроо талархаж явдаг гэж боддог...
Эдгээр хороодод тулгамдаж буй нийтлэг асуудал байна уу? Хороо хөгжих, хүн ам нэмэгдэхийн хэрээр нэг хороонд ногдох ачааллыг хэрхэн тооцоолж, бодлого боловсруулж байна?

Өнгөрсөн хугацаанд нийтийн эзэмшлийн зам, талбайг сайтар хамгаалж, авч үлдэж чадлаа. Ашиглалтын хугацаа дууссан, шаардлага хангахгүй болсон байрнуудыг нурааж, дахин барилгажуулах бодлого явуулж байна.

Тухайлбал, 2, 3 дугаар хорооны Арьс шир, нэхмэлийн шар байрнуудыг дахин барилгажуулах журмыг нийслэлээс боловсруулж, компаниудыг сонгон шалгарууллаа. Харилцан ашигтай төсөл мэт боловч нарийн төвөгтэй гэдэг утгаараа компани, иргэдийн хооронд үл ойлголцол асуудал гарч байна. Гэсэн хэдий ч ирэх жилүүдэд эдгээр болон бусад ашиглалтын шаардлага хангахгүй болсон байрнуудыг дахин барилгажуулж, эдгээр орон сууцны хорооллын төлөвлөлтөд сургууль, цэцэрлэгийн цогцолбор багтаж байна.

Өдөр ирэх тусам төрийн болон бусад хэрэгцээт үйлчилгээ иргэдэд ойр байх нийгмийн хэрэгцээ шаардлага тулгарч байна. Мөн 120 мянгат, Үйлдвэр комбинат, 19-р хорооллын орон сууцнуудын дулаан алдагдлыг зогсоох, дулаалах ажлыг санаачилж, холбогдох байгууллагуудаар хийлгэж байна.

...Хороо хөгжиж, хүн ам тэлэхийн хирээр өрхийн эмч, цагдаа, хэсгийн болон нийгмийн ажилтан зэрэг төрийн үйлчилгээний байгууллагын албан хаагчдад ногдох өрх, хүн амын зохист тоог баримталж, шаардлагатай тохиолдолд орон тоог нэмэгдүүлснээр нэг хороонд ирэх ачаалал харьцангуй бага байх боломжтой гэж бодож байна...

Иргэдийн санаа бодлыг сонсож, холбогдох албаны хүмүүстэй багаар ажиллахыг эрхэмлэдэг.

Сонгогдсон хороодын Засаг дарга нартай хэр харилцан уялдаатай ажилладаг вэ?

Тухайн хорооноос сонгогдсон төлөөлөгч гэдэг бол албан бусаар хороогоо ажлын аппарат гэж ойлгон, эдгээр хороодынхоо төлөө ажиллах ёстой гэж боддог.

Тиймээс хороодын Засаг дарга нар болон бусад холбогдох албаны хүмүүстэй санал солилцох, иргэдийн санаа бодлыг сонсох зэргээр багаар ажиллахыг эрхэмлэдэг.  

ИТХ-ын төлөөлөгч гэдэг ямар үүрэгтэй, яаж ажиллах нь зүйтэй гэж үздэг вэ? Ямар зарчим баримтлан ажиллаж байна?

Иргэдийн төлөөлөгч гэдэг бол тухайн орон нутгийн иргэдийн улс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч, төлөөллийн ардчиллын нэгэн хэлбэр гэж хэлж болно.

Иргэдийг төлөөлж байна гээд тэдний өмнөөс шийдвэр гаргана гэсэн үг биш гэсэн зарчмаар ажиллаж байна.

Тухайн дүүрэг, хорооны иргэд ямар орчин нөхцөлд амьдармаар байна, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг хэрхэн сайжруулбал зүйтэй вэ гэх зэргээр иргэдийн санал бодлыг сонсох, шат шатны байгууллагуудад уламжлах, асуудлыг шийдвэрлэхэд хэрэгтэй журам, хууль гаргахад санал оруулах үүрэг оролцоотойгоор ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд нийтийн эзэмшлийн зам, талбайд хууль бусаар барилга барих явдлыг таслан зогсоож, кадастрын зураглал хийлгэж, дахин барилгажуулахаас бусад тохиолдолд газрыг хөндөхгүй байхыг журамласан. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хашаан дотор газрын зөвшөөрөл өгсөн байсныг цуцлууллаа. Тэр дундаа 52-р сургуулийн хашаан дотор бохирын шугамны дээр барилга барихыг завдаж байсан. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн өргөтгөлийг актлуулж нураагаад оронд нь барилга барина гэх зэрэг бусармаг үйлдлүүд алга урвуулахын хооронд шийдсэнгүй.Нилээн хөөцөлдсөний эцэст шийдэгдсэн асуудлууд.

Зарим иргэд энэ хууль бус үйлдлийг болиулаач гэж байхад зарим нэг хэсэг нь эдгээр этгээдүүдтэй үгсэн хуйвалдсан тохиолдол ч гарч байлаа. Иргэд нь тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж, иргэдийн төлөөлөгчтэйгээ харилцаа холбоотой байж, төлөөлөгч нь иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө хөөцөлддөг байх хэрэгтэй гэж боддог.

...Нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа үйлдэл хийж болохгүй гэдгийг нийгмийн сэтгэл зүйд бүрэн суулгах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон...

НИТХ-ын 45 төлөөлөгчийн нэг гэдгээрээ иргэдийн хурал дээр яригдаж буй хөрөнгө оруулалт, хот төлөвлөх,  газар зохион байгуулах зэрэг бодлогын түвшний асуудалд саналаа хэлж байна. Нийслэлийн “хууль” тогтоох байгууллага нь иргэдийн хурал гэж хэлж болно. Олонхийн шийдвэр байдаг учраас хамтаараа хэлэлцэж, шийддэг, хамтаараа хариуцлага хүлээдэг.

Төрийн бодлого, шийдвэр гэдэг хүчтэй байх ёстой ч нутгийн өөрөө удирдах ёс, орон нутгийн язгуур эрх ашгийг хамгаалах ёстой гэж үздэг.

...Орон нутагт эрх мэдэл шилжүүлнэ гэдэг нэг Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч эрх мэдэлтэй болно гэсэн үг биш. Нутгийн иргэдийн дийлэнх, олонхийн саналаар шийдвэр гарах ёстой. Тиймээс Үндсэн хуульд зааснаар нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэхээр найман жил, төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэхээр дөрөв дэх жилдээ зүтгэж байна...

Ярилцахад таатай байлаа. Таны ажилд амжилт хүсье.