Гэрч хохирогчийг хамгаалахын тулд гадаад төрхийг нь өөрчилж болно
2016.03.03

Гэрч хохирогчийг хамгаалахын тулд гадаад төрхийг нь өөрчилж болно

Хуулийн нэр: Гэрч, хохирогчийг хамгаалах тухай

Батлагдсан он, сар, өдөр: 2013.07.05

Хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн: 2014.01.01

Монгол Улсад гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо 2015 оны эхний дөрвөн сарын байдлаар 10216 байв. Жил бүр өсч буй гэмт хэргийн гаралтыг бууруулж хэрэгтэнг илрүүлэхэд гэрчийн мэдүүлэг хамгийн чухал. Нэг хэсэг гэрч нар хэргийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байлаа. Учир нь  мэдүүлэг өгснийхөө төлөө өөрсдөд нь тулгарч буй аюулаас хамгаалах эрх зүйн тогтолцоо байхгүй байв. Өмнө нь хуульд гэрчийн үүргийг зааж өгснөөс биш хамгаалах тухай тодорхой заалт байсангүй.

Тиймээс Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг зайлшгүй батлах шаардлага тулгарсан юм. Уг хуулийг батласнаар гэрч, хохирогчийг төрийн нэрийн өмнөөс хамгаалах тогтолцоо бий болсон. Мөн тэдэнд мэргэжлийн туслалцаа үзүүлэх боломж бүрдэж, гэмт хэргийн илрүүлэлт сайжран, гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай, үнэн зөв явагдах нөхцөл үүсчээ.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг зайлшгүй батлах шаардлага тулгарсан юм.

Гэрч, хохирогчийг хамгаалахдаа хүний хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн, нууцлалыг хамгаалж, түргэн шуурхай байж, хэргийн илрүүлэлтэд хамтарч ажиллах юм.

Хуулийн хүрээнд гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг үндсэн 9 хэлбэрээр хамгаалах юм байна. Үүнд:

-Урьдчилан сануулах

-Тодорхой үйлдлийг хязгаарлах

-Биечилсэн хамгаалалт

- Мэдээллийн нууцлалыг хангах

-Нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах

-Аюулгүй газарт түр байрлуулах

-Нүүлгэн шилжүүлэх

-Баримт бичгийг солих

-Гадаад төрхийг өөрчлөх зэрэг болно.

Эдгээр хэлбэрийн хамгаалалтаас онцлон хэд хэдэн хамгаалалтын хэлбэрийг энд дурдах нь зүйтэй.

 Биечилсэн хамгаалалт: Тухайн гэрч хохирогчийн амь нас, эрүүл мэндийг гэнэтийн гэмт халдлагаас хамгаалах зорилгоор биечилэн хамгаалахыг хэлнэ. Харин тодорхой үйлдлийг хязгаарлах нь гэрч хохирогчтой уулзах, харилцах, харилцаа тогтоохыг оролдож, дагах зэргийг хориглосон заалт юм. Мөн хуульд шаардлагатай үед гэрч, хохирогчийн иргэний бүртгэлд өөрчлөлт оруулж болох юм байна. Иргэний болон жолооны үнэмлэх, гадаад паспорт, гэрлэлтийн баталгаа, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, хөдлөх болон үл хөдлөх эрхийн гэрчилгээ зэргийг өөрчилж болох юм.

Хэрэв гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг өөр байдлаар хамгаалах боломжгүй болсон үед түүний гадаад төрхийг өөрчилж болно гэж заажээ.

Ингэхдээ мэсийн бус аргаар үс засалт, үсний өнгө, нүдний өнгийг нь өөрчилснөөр өөр хүн шиг харуулах боломжтой. Харин үнэхээр шаардлагатай тохиолдолд насанд хүрсэн хүнийг өөрийнх нь зөвшөөрлөөр мэс заслын аргаар царайг нь өөрчлөх юм.

Харин Тахарын алба гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэгтэй нэгжтэй байна

 Гэрч, хохирогчийг өөрийгөө хамгаалуулах хүсэлт гаргасан болон өмгөөлөгч, прокурар шүүгчийн бичгээр гаргасан саналыг үндэслэн хамгаалалтад авна. Түүнийг хамгаалалтад авах шийдвэр гаргахдаа гэрч, хохирогчийн өгөх мэдээллийн ач холбогдол, нөхцөл байдлын үнэлгээ, аюулын эрсдлийн түвшин, хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал, хамгаалах ямар арга хэлбэр хэрэглэх эсэхийг тодорхойлсон сэтгэл зүйн сорилын дүн зэрэг үндэслэлүүдийг харгалзан үзэж хамгаалалтад авдаг. 

Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг Цагдаагийн алба, Мөрдөх алба, Тахарын алба, АТГ, ТЕГ өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлнэ. Харин Тахарын алба гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэгтэй нэгжтэй байна. Гэрч, хохирогчийг хамгаалах үндсэн зорилготой уг албыг татан буулгахаар ярьж байсан. Гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулахад гол туслагч гэрч, хохирогчийг хамгаалах нь зүйтэй учраас энэхүү албаны хэвийн үйл ажиллагааг хангах нь зүйтэй гэж бодож байна.

Гэхдээ уг хуульд гэрч, хохирогчийг хамгаалах үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох газар, албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг нарийн, тодорхой тусгаж өгөөгүйгээрээ учир дутагдалтай байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.