Онцгой байдлын алба
2016.03.09

Шуурхай арга хэмжээ авч ажилласнаар 638 иргэнийг осгож хөлдөх аюулаас аврав

Өнгөрсөн хоногт Онцгой байдлын албаны 150 гаруй албан хаагч, 72 техниктэйгээр үүрэг гүйцэтгэж, төөрсөн, цасанд боогдсон, автомашинтайгаа цасанд суусан, автомашин эвдэрсэн, хээр шатахуун дуусч саатсан зэрэг дуудлагаар ажиллаж нийт  638 иргэнийг осгож хөдлөх аюулаас сэргийлж аюулгүй байдлыг ханган 152 автомашиныг цаснаас татан гаргалаа.

Онцгой байдлын ерөнхий газраас байгалийн гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцож, Зам тээврийн яамны сайдын шийдвэрээр бүх чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан ажилласан нь иргэдийн амь насыг авран хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээ боллоо.

Их цас, цасан шуурганы үеэр төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, сураггүй болсон иргэдийг эрэн хайх, аврах, цасанд суусан, цасанд боогдсон, цасанд саатсан автомашин, техник хэрэгслийг татан гаргах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажилласнаар олон хүний амь насыг авран хамгаалж чадлаа.

Байгалийн гамшгийн улмаас Баян-Өлгий аймгийн Буянт суманд иргэн Д (46 настай эмэгтэй), Говь-Алтай аймгийн Цогт суманд иргэн Ж (41 настай эмэгтэй) нар осгож нас баржээ.