Ойн тухай хуулийг өөрчлөх болсны учир
2016.01.27

Ойн тухай хуулийг өөрчлөх болсны учир

Монголд орчин үеийн ойн эрх зүй хэзээ бий болсон бэ?

Мод нь хүчилтөрөгч ялгаруулаад зогсохгүй газрын гадаргад усыг тогтоон барьдаг байгалийн насос гэж  судлаачид ярьдаг.

Монгол орны газар доорх баялаг их ч, газар дээрх баялаг болох ой модоор ядуу орны тоонд ордог.

... 2005 оны байдлаар Монгол Улсын ойн сан бүхий газар 19,0 сая га, үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 13,2 сая га талбайг эзэлж байна. Ой нь нийт газар нутгийн 8,5 хувийг эзэлж байна ...

Монгол улс анх 2007 онд Ойн тухай хуулийг баталсан. Гэвч ойг сүйтгэдэг хоёр гол дайсан болох түймэр, модны хулгай хоёртой тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргыг боловсруулж чадаагүй. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хуурайшилт, цөлжилтийг эсрэг эрх зүйн орчинтой болох хэрэгтэй байв.

Тийм учраас 2012 онд УИХ-аас Байгаль орчны багц хуулийг баталсны хүрээнд Ойн тухай хуулийг шинээр боловсруулан баталж өмнөх хуулийг хүчингүйд тооцов. Шинэ хуулиар байгалийнхаа нөөц баялагт хайр гамгүй ханддаг байдал цэгцэрч “байгальд хохирол учруулагч нь төлбөр төлөгч, байгалийг ашиглагч нь хамгаалагч” гэсэн зарчим үйлчлэх болжээ. Уг хуулийн шинэлэг тал нь байгаль хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах нь зөвхөн төрийн хийх ажил биш болж нийт ард түмний үйл хэрэг байх эрх зүйн орчин бүрдсэн юм. Ингэснээр төрийн бус байгууллагуудын эрх, үүрэг нэмэгдэж, харин иргэд нөхөрлөлийн зохион байгуулалтад орж, нутгийнхаа байгаль орчин, байгалийн нөөцийг удирдах боломжтой болжээ.

МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨӨЦ

2013 оны нэмэлт, өөрчлөлт

Шинэ хууль хэрэгжээд тодорхой хугацаа өнгөрөхөд зарим нэгэн зүйлийг өөрчлөх шаардлагатай болов. Тухайлбал модны хамгийн гол дайсан болох түймрээс урьдчилан сэргийлэх, үүнээс ч дутахгүй өөр нэгэн дайсан модны хулгайтай тэмцэхэд учир дутагдалтай байв. Дутуу унтраасан тамхины иш, ил галын цогноос болж бүхэл бүтэн уул, нурууд түймэрт автдаг байдал буурахгүй хэвээр байлаа. Манай улсад гарч байсан ой, хээрийн түймрийн олон жилийн статистик бүртгэлээс үзэхэд жилийн нийт түймрийн 95 хувь нь хүний хариуцлагагүй, галтай болгоомжгүй харьцдаг байдлаас үүдэлтэй гэсэн судалгаа гарчээ.

Тиймээс 2013 онд баталсан шинэчилсэн найруулгаар тус хуулийн 26.2-т түймрийн аюултай үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ой, хээрийн бүс нутагт хийх хориотой үйлдлийн жагсаалтыг гаргажээ. Үүнд:

  • Түймэрт хурдан автах нөхцөл бүрдсэн газарт ил задгай гал түлэх;
  • Мод бэлтгэлийн талбайг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэх;
  • Шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн болон бусад зүйлийг зориулалтын бус газар ил хаях;
  • Тээврийн хэрэгсэл, бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, цонх, хаалгаар нь шатах, дэлбэрэх аюул бүхий хог, хаягдал, үнс, шүдэнз хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашиглах гэсэн үйлдлүүд багтжээ.

Эдгээр заалтыг зөрчсөн тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэхээр уг хуульд тусгажээ.

МОНГОЛ ОРНЫ ОЙН САНГИЙН НЭГ ГА ОЙН ТАЛБАЙН ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ /мян.төг/

Дараагийн нэг чухал өөрчлөлт нь мэргэжлийн байгууллага, иргэдийн саналаар ой ашиглалтын чиглэлд байгаль хамгаалагчийн эрх, үүргийг нэмэгдүүлэв. Учир нь ашиглах эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, ойг гэрээгээр эзэмшигчидтэй гэрээ байгуулах эрхтэй сум, дүүрэг, аймгийн засаг дарга нар энэ эрхээ буруугаар ашиглаж хуулийг гажуудуулах нь ихэссэн байв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.