БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг
2015.12.18

Монгол Улс анх удаа ойн тооллого хийлээ

БОНХАЖЯ, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг(ГОУХАН)-ийн “REDD+ Монгол улсын үндэсний ойн тооллого” төсөлтэй хамтран “Олон зорилтод үндэсний ойн тооллого”-ын үр дүнг танилцуулах зөвлөгөөнийг өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг болон ГОУХАН-н суурин төлөөлөгч нар оролцсон юм.

Энэхүү тооллогын бэлтгэл ажлыг 2013-2014 оны эхний хагас жилд хангаж, 2014 оны 6-11 сард хээрийн хэмжилт судлагаа, 2014 оны 12-р сараас 2015 оны 12 сард тайлан боловсруулалтын ажлууд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн ойн тооллогоор Монгол орны шилмүүст, навчит ойг бүрэн хамарсан нийт 4211 цэгт 12633 дээж талбай байгуулж хэмжилт судалгаа явуулан ойн талаарөргөн хүрээг хамарсан өндөр нарийвчлал бүхий мэдээллийг цуглуулж, боловсруулалт хийсэн юм.

Олон зорилтод ойн тооллогын үр дүнд ойн баялагийг зүй зохистой, тогтвортой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх бодлого, хөтөлбөр гаргах, уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан ойн хэтийн төлөвийн талаарх нарийвчилсан судалгаа хийх загварчлал гаргах,уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ойн тогтвортой менежмент бий болгох болон ойн хүлэмжийн хийн шингээлт ялгаруулалтын талаар чухал шаардлагатай суурь мэдээллүүд бий боллоо гэж дүгнэсэн байна.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэлэхдээ: Энэ удаагийн ойн тооллого өмнөх тооллогуудаас зорилго, арга аргачлалын хувьд шинэ, олон талын оролцогчдыг хамарсан, мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан, өргөн цар хүрээтэй ажил байлаа. “Монгол улсын үндэсний ойн тооллого” төслийг хэрэгжүүлж, арга зүйг боловсруулах, үндэсний боловсон хүчнүүдийг сургах тэдний чадавхийг дээшлүүлэх ойн тооллогын ажлын багаж, техник тоног төхөөрөмж, хээрийн ажлын тээврийн хэрэгслээр хангах зэрэг болон цаашид ойн тооллогын ажлыг үндэсний түвшинд бие даан гүйцэтгэх чадавхийг бий болгох чиглэлээр дэмжин ажилласанд ГОУХАНийгэмлэгт талархаж байгаагаа илэрхийлсэн юм.